Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулав.
-“Бэрэн групп” ХХК-ийн захирал Мөнхтөрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн байгууллагаас цуцалсан, үүнээс болоод Мөнхтөр хуурамч бичиг баримт үйлдэж дахин гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээлэл яваад байна. Энэ талаар хариулт өгнө үү?
-“Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийг тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж түүнд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авах саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүхээс түүнийг “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авсан.
Улмаар Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусаж, уг таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх саналыг гаргасан боловч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мөрдөх байгууллагын саналыг хүлээн авалгүй урьд авсан “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ”-г цуцалж, суллах шийдвэр гаргасан.
Хэргийн холбогдогч суллагдсан даруйд дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон учир мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
-1 сая долларын хуурамч баримт бичиг үйлдсэн гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?
-“Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийг шүүхээс сулласны дараа дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна, энэ нь мөрдөн байцаалтын нууцлалын асуудал.
Энэ дашрамд нэг зүйлийг олон нийтэд сануулж, анхааруулж хэлэх хэрэгтэй байна. “Бэрэн групп” ХХК болон түүний охин компаниудын барьж буй Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны 5 дугаар блок буюу 519, 520, 521, 522, 523, 524 дүгээр байруудыг бүхэлд нь Хөгжлийн банкны зээлийн барьцааны үүргийг хангуулахаар шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг эрх бүхий байгууллага буюу прокурорын байгууллагаас гаргасан.
Иймд үл хөдлөх хөрөнгө худалдан авалт хийх иргэн, хуулийн этгээдүүд нь “Бэрэн групп” ХХК болон түүний охин компаниудын барьж буй дээрх “Хангай” хотхоны 5 дугаар блок буюу 519, 520, 521, 522, 523, 524 дүгээр байруудаас худалдан авалт хийхгүй байхыг анхааруулж байна.