Ч.ЖАРГАЛБААТАР: МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ БҮРЭН ГҮЙЦЭД ЯВУУЛАХЫН ТУЛД НЭР БҮХИЙ ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГАД ДАХИН УЛАМЖИЛНА

A- A A+
Ч.ЖАРГАЛБААТАР: МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ БҮРЭН ГҮЙЦЭД ЯВУУЛАХЫН ТУЛД НЭР БҮХИЙ ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГАД ДАХИН УЛАМЖИЛНА

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатартай уулзаж ярилцав.

-Хөгжлийн банкны асуудал одоо ямар шатанд байгаа вэ? Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон хэдий хэмжээний хөрөнгүүд, нэр бүхий хүмүүс байгаа вэ гэдэг мэдээллээр хоёулаа яриагаа эхэлье.

-Монгол Улсын Хөгжлийн банктай холбоотой асуудал үүсээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд АТГ-аас албан хаагчид хүн хүчээ хуваарилаад боломжит хэмжээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хөгжлийн банкны нэр нөлөө бүхий албан тушаалтнууд, эрх бүхий этгээдүүд нь зээл олгохдоо аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон үйлдэл, аж ахуйн нэгж, албан тушаалтнууд авсан зээлээ зориулалт бусаар зарцуулчихсан, зээл авахдаа нэр бүхий албан тушаалтнуудад хахууль өгсөн гэх мэт гэмт үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банктай холбогдох 33 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 42 хүнийг яллагдагчаар татсан. Энэ 42 гэдэг тоо бол дуусч байна, эцсийн гэсэн үг биш. Өнөөдрийн байдлаар гэхэд прокурорын байгууллагаас хэд хэдэн хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолоо гаргаж ирүүлээд манай мөрдөгч нар  танилцуулах ажиллагаа явуулж  байна. Энэ 42 хүнд ямар хүмүүс байна вэ гэхээр аж ахуйн нэгжийн албан тушаалтан 18, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан 18, улс төр нөлөө бүхий зургаан хүн байна. Энэ улс төрд нөлөө бүхий этгээдүүд тэр тусмаа хуулиар халдашгүй байдал тогтоочихсон хүмүүстэй холбоотой асуудлуудаас болоод мөрдөн шалгах ажиллагаа тодорхой хэмжээнд саатаж удааширч байгаа.

Энэ нөхцөл байдлаа бид хуулийн дагуу прокурорын байгууллагад танилцуулаад, прокурорын байгууллагаас нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулсан. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй бол энэ хүмүүсийн халдашгүй байдал  нь мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Халдашгүй байдал буюу УИХ-ын тухай хуульд заасан үзлэг нэгжлэг тээврийн хэрэгсэл болон орон гэр байр уналга, холбоо мэдээллийн хэрэгсэл бүгд халдашгүй болохоор тухайн газар, эд зүйлээс нь мэдээлэл нотлох баримтууд гаргуулж авч болохгүй байна. Ийм нөхцөл байдлууд үүсээд байгаа учраас эрхийг түдгэлзүүлж өгөөч ээ гэдэг асуудлыг хуулийн дагуу УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын зүгээс халдашгүй байдал, дархлаа байх ёстой гэж дүгнээд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзаж байх шиг байна. Энэ өөрөө нөгөө талдаа буруу жишиг тогтоож байгаа юм.

Ер нь түүхэн цаг хугацааны хувьд манай саналын дагуу тодорхой нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавьсан үед УИХ маань дандаа татгалзсан хариу өгч байсан. Энэ нь өөрөө хэргийг удаашруулах нэг нөхцөл болдог. Мөн шударга ёсыг нийгэмд алдагдуулаад байгаа юм аа. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш гээд хуульчлаад өгчихсөн. Үндсэн хууль гэдэг чинь өөрөө нийгмийн гэрээ шүү дээ, нэг талаасаа. Нөгөө талаасаа энэ Үндсэн хууль гэдэг зүйл чинь хүмүүсийн итгэл үнэмшил байхгүй юу. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх юм байна аа гээд. Гэтэл энэ тунхаг хэлбэртэй болоод зарим хүмүүс халдашгүй байдал гэдгээр ял завшдаг байдал газар аваад байгаа учраас үүнээс татгалзах хэрэгтэй.

Нэр бүхий зарим хүмүүс УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөч ээ. Би сайн дураараа татгалзаж байна гээд байхад хүсэлтийг шийдвэрлэхгүй, асуудал тодорхой хэмжээнд үр дүнд хүрэхгүй, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй гээд байгаа асуудлыг хувь хүний хувьд ойлгохгүй байна.

-Гишүүдийг түдгэлзүүлэхгүй шийдвэрээ УИХ-ын чуулганаар гаргасан. Та сая бас хэллээ, дархлаатай байх ёстой гэдэг үүднээс ийм шийдвэр гаргасан гэж. Тэгэхээр ийм нөхцөлд байдалд АТГ-ын хувьд цаашид авах арга хэмжээ, хуулийн гаргалгаа нь яг юу байх вэ?

-Мөрдөн шалгах ажиллагааг бид хязгаарлагдмал хүрээнд явуулж болно л доо. Хязгаарлагдмал хүрээнд явахаар нотлох баримт дутуу цуглана, мөрдөн шалгах ажиллагааны чанар үр нөлөө буурна. Дутуу хийгдсэн ажиллагааг прокурорт аваачаад танилцуулахаар прокурор дутуу л дүгнэлт хийнэ. Нөхцөл байдлыг бодитоор нь дүгнэж чадахгүй. Шүүх шүүгч эцсийн дүгнэлтээ хийхэд бас л дутуу дулимаг зүйл болно. Ингээд ял завших нөхцөл байдал үүснэ.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүйн жишээ байна шүү дээ. Бүрэн эрхтэй байж байгаад л Монгол Улсын хилээр зугтаагаад гараад явчихдаг. Бүрэн эрх түдгэлзүүлэх асуудал өргөн баригдлаа гэхэд хилээр гараад явчихдаг. Мэдээллийн аюулгүй байдлын нууц нь байхгүй болчихсон. Ингээд хэрэг шийдэгдэхгүй буцах, энэ хүмүүс гадаадад очоод амьдарчихдаг.

Эдийн засгийн хувьд хэнээс ч хараат бус болчихсон хүмүүсийн хувьд тухайн улс оронд очоод амьдраад байгаа нь нийгэмд шударга бус байдлыг харуулж байгаа юм. Энгийн иргэн байсан бол яах вэ. Энгийн хүмүүс жишээд үзнэ шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөл байдал үүсэхгүй байя, авлигатай тэмцье гэж байгаа бол улстөрчид өөрсдөө манлайлал үзүүлж байх ёстой. Улстөрчдийн хэлдэг нэг үг байдаг. Тул бариач ээ, жараахай оролдоод гэж. Тул бол улаан номд орсон, хуулиар хамгаалсан амьтан тул барих боломжгүй гэсэн ёжлол гэж ойлгогдоод байгаа.

Энэ халдашгүй байдал гэдэг зүйлийг бүх гишүүдийг, парламентыг халдашгүй болгоё гээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудын хүрээнд энэ хүмүүсийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэдэг зүйлийг л бид хүргүүлээд байгаа, жишээ нь энэ дөрвөн хүн дээр. Түүнээс зүй бус ямар ч нотолгоо баримтгүй зүйлийг бид УИХ-д танилцуулаагүй.

Ер нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулах ёстой, боломжтой харилцааг УИХ-ын тухай хуульд хуульчилснаас ийм асуудал үүсч байгаа гэж хардаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, энэ шүүх засаг өөрөө бие даасан засаглалын хувьд нотлох баримтаа үндэслээд шүүх магадгүй энэ хүмүүсийн бүрэн эрхийг түдгэлзүүлдэг байсан бол ийм асуудал үүсэхгүй. Тэгэхээр энэ давуу байдал олгодог, халдашгүй байдал гэдэг зүйлийг дэлхий дээр маш цөөхөн улс оронд хэрэглэдэг. Хэрэглэж байгаа улс орнуудыг нь судлаад үзэхээр манайхтай адил хөгжиж байгаа орнууд, өндөр хөгжилтэй орнууд тийм биш. Тэнд улс төрийн соёл төлөвшчихсөн. Улс төрийн соёлтой хүмүүс өөрсдийнхөө зүй бус үйлдэл нийтэд ил болсон бол уучлалт гуйгаад өөрсдөө албан тушаалаасаа огцордог, чөлөөлөгддөг ийм соёл суучихсан. Манайд бол одоогоор тийм соёл байхгүй, төлөвшил байхгүй. Хуулийг бичихдээ хэтэрхий өргөжүүлж бичдэг, давуу байдал олгодог ийм нөхцөл байдал байгаад байгаа юм.

-Энэ асуудал анхнаасаа Улсын Ерөнхий прокуророос орж ирэхдээ нууцын зэрэглэлтэй орж ирсэн. Тийм болохоор чуулганы хуралдаан дээр нээлттэй үг хэлэх боломжгүй гэдэг тайлбарыг УИХ-ын  зүгээс өгсөн. Тэгэхээр асуудлыг ард түмний зүгээс хүртэл яг ямар гишүүдээ хамгаалж хаацайлж авч үлдээд байгааг мэдэхгүй байгаа тэгэхээр энэ асуудлыг нээлттэй хэлэлцэх боломж бололцоо нь хэр байдаг бол хуулийн хүрээнд?

-Түдгэлзүүлэх асуудал бол нээлттэй явж болно. Тухайн хүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны нууцлалууд байна, яг энийг түдгэлзүүлээд ямар ажиллагаа хийх гэж байгаа юм, ил болгоё л доо. Ил болговол тэр хүмүүс чинь хийх гэж байгаа ажиллагаа төлөвлөгөөг мэдчих юм бол нотлох баримтаа зөөчихнө, байгаа баримтыг байхгүй болгочих эрсдэл учрахыг үгүйсгэхгүй. Ингэхээр зайлшгүй нууцаар хүсэлтээ хүргүүлэхээс өөр арга байхгүй. Нууц гэж асуудлыг оруулахаар зарим хүмүүс давуу байдал олж авч байна л даа, нууц байдлыг далимдуулаад. УИХ өөрөө шүүхийн байгууллага биш байхгүй юу. Нотлох баримт яриад энэ хүний гэм буруугийн асуудлыг ярих гэж байгаа биш. Гэм буруутай эсэхийг нь хэлэлцэхийн тулд шүүх дүгнэлт хийх, мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явуулах бололцоог нь бүрдүүлээд энэ хүмүүсийг тодорхой хэмжээнд бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд халдашгүй байдалтай холбоотойгоор хийж болохгүй байгаа мөрдөн шалгах ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийлгээд хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхийг л хүсээд байгаа юм, хуулийн байгууллагуудаас.

-Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон дөрвөн гишүүн яг мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулаагүй, хамтран ажиллаж байна, мэдүүлгээ цаг хугацаанд нь өгч байна уу?

-Мөрдөн байцаалтын төлөвлөлт өөрөө нууцад хамаардаг. Энэ талаар хамаагүй мэдээлэл өгөх боломжгүй. Нийтэд ил байгаа эх сурвалжуудыг та бүхэн мэдэж байгаа. Зарим гишүүд би тайлбараа бичиж өгсөн гэдэг. Тайлбар чинь өөрөө нотлох баримт биш. Зүгээр л болсон үйл явдлыг өөрийнхөө өнцгөөс тайлбарлаж байгаа. мэдүүлэг гэдэг чинь өөрөө тусдаа ач холбогдолтой.

Ингээд тайлбар мэдүүлгээс гадна тэр хүнийг албадан ирүүлэх, дуудан ирүүлэх гээд процессууд халдашгүй байдалтай дахиад холбогдчихдог. Ингэхээр халдашгүй байдалд нь халдах боломжтой болгоод бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд өгчихсөн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдана. Хэргийг прокурорын байгууллага, АТГ хоёр шийдэх асуудал биш.

Үүний дараа нээлттэй шүүх хуралдаан болно. Шүүх хурал дээр харин нээлттэй явагдаад ямар нотлох баримтууд байгаа юм, буруутай юу буруугүй юу гэдэг эцсийн шийдвэрээ гаргуулах учраас энэ ажиллагааг шуурхайлахад зайлшгүй ач холбогдолтой байна гэдгийг хэлж байгаа юм. Ер нь бол мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулахын тулд нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг эрх бүхий байгууллагад уламжлах саналаа бид дахин гаргана. Шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар бол мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага санал гаргадаг, прокурорт. Ийм л эрх зүйн зохицуулалттай байгаа.

-Одоо энэ асуудал гацаанд орчихсон байна. Тэгэхээр АТГ-аас дахиад энэ дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэх юм байна. УИХ дахиад л дархлаатай байх ёстой гэдэг шийдвэрээ гаргаад чөтгөрийн тойрогт орвол асуудал цаашаа яаж өрнөх вэ?

-Бид бол саналаа гаргана. Прокурорын байгууллага УИХ-д тухайн саналыг уламжлах эсэх нь Улсын ерөнхий прокурорын бүрэн эрхийн асуудал. Одоогийн хүчин төгөлдөр байгаа хуулиар түдгэлзүүлэх эсэх асуудал нь бас УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Шударга ёсонд харш, шударга ёсыг алдагдуулсан халдашгүй байдал гэж байж болохгүй.

Бид хязгаарлагдмал хэмжээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулаад хэргээ прокурорт өглөө гэхэд бүрэн гүйцэд бодитой дүгнэлт хийх бололцоогүй нөхцөл байдал үүснэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ярихаар дархлаа, халдашгүй байдал байх ёстой гэж яриад байдаг. Ийм зүйлд бид хязгаарлагдаж болохгүй ээ. Шударга ёсыг тогтоох, зөрчигдсөн эрхийг сэргээх  ёстой. Цаг хугацаа өнгөрөх тусам асуудал бүрхэгдэнэ. Энэ байдлыг манай хууль тогтоох байгууллагын албан тушаалтнууд сайн ойлгодог байх, УИХ-ын гишүүд мэддэг байх гэж би итгэж байгаа.

Тэмдэглэсэн Т.Мөнхтунгалаг