Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10.3-т “Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах” зорилтын хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд авлигын ойлголт, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр сургалт зохион байгуулав.
Сургалтад тус эмнэлгийн 170 мэргэжилтнийг хамруулж Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар Д.Балдандорж, Ж.Мөнхжаргал нар “Авлига, түүний ойлголт, шалтгаан, үр дагавар”, “Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд авлигын гэмт хэрэгт холбогдох эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх тухай” сэдвээр сургалт, мэдээлэл хийв.
Сургалтын мэдээллийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд авлигын гэмт хэрэгт холбогдож байгаа судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн бодит кейст тулгуурлан тайлбарлан хүргэсэн нь үр дүнтэй боллоо. Мөн авлигын хор хөнөөл нь эрүүл мэндийн байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг алдагдуулах нэгэн нөхцөл бүрдүүлдэг талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Сургалтад оролцогчид нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт нь эмч, эмнэлгийн мэргэжилтний ажил үүрэгтэй хэрхэн уялдах, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар асуулт асууж идэвхтэй оролцов.