Г.Улсболд
Монгол Улс 2006 онд Авлигын эсрэг хуулийг баталж, 2017 онд АТГ-ыг байгуулсан. Энэ 15 жилийн хугацаанд Үндсэн хуульд байхгүй байгууллага, гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг хэрэгжүүлдэг Засгийн газрын бүтцийн биш байгууллага, улстөрийн махны машин хэмээн цоллож, татан буулгах тухай, зөвхөн урьдчилан сэргийлэх ажил хийдэг байгууллага болгох тухай санаачилгыг улстөрчид дэвшүүлж байв. Харин өнөөдөр АТГ 15 жилийн улс төрийн сорилтоо бараг давж, төр, засгийн зүгээс авлигын дагнасан шүүхтэй болох тухай ярьдаг болжээ.
АТГ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх чиглэлээр сургалт, судалгаа, дүн шинжилгээ, нөлөөллийн ажил нэлээд хийдэг. Гэхдээ үүнээс мөрдөн шалгах ажлын хоёр үзүүлэлтийг интернэтэд ил эх сурвалжаас сонирхуулъя.
Хохирол нөхөн төлүүлэлт: Тус байгууллага 2007-2017 онд нийтдээ 2 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлсэн байдаг. Харин сүүлийн жилүүдэд эрүүгийн хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр нэлээд анхаарах болсон байна. Тэд 2017 онд 3.4 тэрбум, 2018 онд 17 тэрбум, 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум төгрөг нөхөн төлүүлсэн. Харин 2022 онд 2 их наяд 373.8 тэрбум төгрөг авлигачдаар нөхөн төлүүлсэн байна.
Хэрэг шийдвэрлэлт: Шалгаад л байдаг, шийтгэсэн нь хаана байна гэж улстөрчид их ярьдаг. Энэ нь 2007-2017 онд жилдээ 2-4 гэмт хэрэг шүүхээр шийдүүлдэг байсантай холбогдох байх. Харин 2017 оноос энэ чиглэлд анхаарч 2017 онд 66, 2020 онд 111, 2021 онд 161 хэрэг шийдүүлжээ.
Эдгээр үзүүлэлт өссөн шалтгааныг АТГ-ыг 2019 оноос удирдаж байгаа З.Дашдаваа “гадаад хамтын ажиллагаа” гэж тодорхойлсон. Тухайлбал, манай улс эрүүгийн болон иргэний хэрэгт эрх зүйн харилцах туслалцах гэрээг 20-иод улстай байгуулсан. Эрх зүйн харилцах туслалцах гэрээний хүрээнд АТГ 2007-2017 онд 34 хүсэлт гадаадад тавьсан боловч эргэж ирсэн хариу “0” байсан. Ингээд АТГ сүүлийн жилүүдэд гадаадын хууль сахиулах байгууллагууд, Интерпол, Эгмонт, Старын сүлжээ зэрэгтэй хамтын ажиллагаагаа сайжруулахад анхаарснаар авлигачдын гадаадад нуусан, тэнд худалдан авсан хөрөнгийг буцаан авчрах, хохирлыг нь төлүүлсэн үзүүлэлт сайжирчээ. Үүнд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаа чухал нөлөөлөл үзүүлсэн гэдэг.
Авлигачдаар төлүүлсэн хохирлыг хааш нь төвлөрүүлсэн бэ?
Авлигын индексээр хоёр орон руу хэзээ шилжих вэ?
Трансперенси интернэшнл байгууллагын судалгаагаар Монгол Улс 189 орноос 110-т жагсч байгаа. Тус байгууллага 13 үзүүлэлтээр үнэлгээ хийдэг. Энэ дотор АТГ-ын ажлын үнэлгээнээс илүүтэй макро эдийн засгийн үзүүлэлтүүд, төгрөгийн ханш, ДНБ зэргийг ч харгалздаг.
Авлигын эрсдлийн судалгаа болон олон улсын байгууллагын зөвлөмжүүдээс харахад Монгол Улсад төрийн өмч, түүний тендер худалдан авалт тойрсон хулгай буюу авлига их байна. АТГ-ын удирдлага нэгэнтээ, авлигатай тэмцэхэд 4 асуудал дээр анхаарах чухал байгааг хэлж байв.
Нэгт, төрийн үйл ажиллагааг цахимжуулах. /Албан тушаалтан, хүний үйл ажиллагаанаас хамаарахгүй байдлаар төрийн үйлчилгээг цахимжуулах/
Хоёрт, хүний нөөцийг чадавхжуулах /Адаглаад шахааны хүмүүсээр дүүргэхгүй байх/
Гуравт, ил тод байдлыг сайжруулах /олон нийтийн хяналтад оруулах/
Дөрөвт, хууль тогтоомжийг сайжруулах /улс төрийн намын санхүүжилт, төрийн өмчийн компанийн засаглал, төрийн болон албаны нууцын хууль тогтоомжийг сайжруулах гэх мэт/
Тиймээс УИХ, Засгийн газар Монгол Улсын авлигын индексийг сайжруулахын тулд авлигын гэмт хэргийн суурь болсон төрийн өмч, түүний компаниудын ил тод байдал, хяналтыг сайжруулах, цүнх баригчдаараа дамжуулан сонгуулийн хандив цуглуулдаг өнөөгийн сүлжээг эвдэх томоохон эрх зүйн шинэчлэл хийх шаардлага тулгарч байгаа юм.
Эх сурвалж: http://time.mn/sdM.html?fbclid=IwAR09ieAoZzaMuD_gvp6Cblu9MoVbwh7sFsD5qi_9TikHDofV_4P8p8blErA