Сэтгүүлч Г.ЦОЛМОН
Олон улсын авлигын төсөөллийн индексээр манай улс байр ахихгүй байгаа шалтгаан нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хууль, эрх зүйн орчин хангалтгүй, шүүхээр “цагаан захтнууд”-ын хэргийг үр дүнтэй шийдэж, улс, нийгэмд учруулсан хөрөнгийг нь гаргуулж чадахгүй байгаатай холбоотой гэж дүгнэж болохоор буй. Уг нь Авлигатай тэмцэх газар хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн төрийн албан хаагчид, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудын үйлдлийг илрүүлэн шалгаж, шүүх, прокурорт шилжүүлдэг. Харин шүүхээр шийдвэрлэсэн энэ төрлийн хэргийн тоо мөрдөн шалгасантай нь харьцуулахад маш бага байдаг билээ. Элдэв шалтгаанаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаана, хэргийн холбогдогч нь гадаад руу оргон зайлна, дуулиан шуугиантай шалгаж эхэлсэн хэргүүдийг шийдвэрлэхдээ авлигын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлогыг хураах шийтгэл оноодоггүй нь ч авлигын индекс сайжрахгүй байхад нөлөөлдөг биз.
АТГ-ынхны 2022 онд шалгасан авлигын гэмт хэргийн улмаас улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгөнд учирсан хохирол нь таван их наяд 24 тэрбум төгрөгөөр тооцогдож байгааг тус газрын тайлангаас харж болно.
Ийм их хэмжээний хохирол учруулсан “цагаан захтнууд”-ын багагүй хэсэг нь хөрөнгөө гадаад улсын оффшор бүсэд компани байгуулан нуучихдаг билээ. Авлигачдын гадаадад нуусан хөрөнгийг АТГ-ынхан Монголдоо эргүүлэн авах ажиллагааг амжилттай явуулж, өнгөрсөн онд л гэхэд Англиас нэг орон сууц, 1.8 тэрбум төгрөг бэлнээр, 269 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө хоёрыг буцаан авчраад буй. Мөн Британийн Виржинийн арлаас 2.2 тэрбум төгрөг буюу 1.6 сая ам.долларын үнэ бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг улсын өмчид бүртгүүлсэн, Мэн арлаас 11.3 тэрбум төгрөг буюу 5.7 сая ам.доллар улсын орлого болгон хураан авснаа 2022 оны үйл ажиллагааны тайландаа тодотгосон байсан билээ.
Авлигачдын энэ мэтээр алсруулсан хөрөнгийг буцаан авах ажиллагаа явуулахад зам нь дардангүй, саад тотгор ихтэй байдаг аж. Нийгмийн сайн сайханд зориулагдах ёстой хөрөнгийг гадаад руу гаргаж нуусан үйлдлийг илрүүлж, ямар шат дамжлага туулан, цаг хугацаа зарцуулан буцааж авчирдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Жирийн иргэд бүү хэл, хууль сахиулах байгууллагынхан ч саяхныг болтол ойлгодоггүй байсан гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч Ерөнхий сайд асан нэгний далайн чанад дахь долоон байшингийн гэх хэргийг хэдэн жилийн өмнө АТГ-ынхан хэрэгсэхгүй болгосон юм даг. Бас өөр олон хэргийг шалгалгүй өнгөрөөж байсан гэхэд хилсдэхгүй.
Мөнгө мөрөө үлдээдэг
“Цагаан захтнууд” албан тушаал, эрх мэдлээ урвуулан хээл хахууль авч, эсвэл үндэслэлгүй хөрөнгөжиж олсон мөнгөө гадаадад нууж байсан цөөнгүй жишээ бий. Дээр дурдсан нь зөвхөн ганц л тохиолдол. Өөр олон жишээ баримт дурдаж болно. Төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”-ийн албан тушаалтнуудын холбогдсон, Англи болон Британийн Виржинийн арал дахь үл хөдлөх хөрөнгө болгосон үйлдлүүдийг саяхан л илрүүлж, шүүхээр шийдвэрлүүлсэн болохоос биш, хэрэг гарсан цаг хугацаа нь нэлээд эртнийх байдаг. Үүнийг илрүүлэхийн тулд нэлээд цаг хугацаа шаардсан юм билээ. Ингэхдээ нэг талаас мөрдөн байцаалт явуулж хэргийн холбогдогчдыг байцаадаг. Мэдээж хэн ч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгч, нуусан хөрөнгөө тэнд байгаа гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Тийм учраас өөр аргаар, олон улсын хамтын ажиллагаагаар мөнгийг нь мөшгөдөг юм байна. Мөнгө мөрөө үлдээдэг аж. Олон жилийн өмнө МИАТ-ийн албан тушаалтнууд “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр мөнгө угаасан хэрэг гарч цагдаагийнхан нэлээд ажиллагаа явуулж байж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж байсан билээ. Уг албан тушаалын хэргийн мөнгөө нуусан, угаасан баримтууд холбогдогчдын нэгийнх нь гэрт шороонд дарагдаад “хэвтэж” байсан гэдэг. Түүнийг нь нарийвчилж судалснаар зорчигчдын тийзэн дээр мөнгө нэмж авч, угаасан үйлдлийг хангалттай нотолж, шүүх эцэслэн шийдвэрлэж байсан юм.
Үүнтэй адилаар үлдээсэн мөрийг нь сайтар судалж мөшгөж гаргаж ирснээр олон улсын хамтын ажиллагаатай байгууллагуудаар дамжуулж нотлох баримт цуглуулж авдаг юм билээ. Зарим улстай эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээтэй байхад “цагаан захтнууд”- ын хөрөнгөө нуусан дийлэнх оронтой ийм хэлэлцээ байдаггүй. Гэрээтэй орнууд руу хэрэг шалгаж буй мөрдөгч даалгавар бичиж хяналтын прокурор, УЕПГ, түүний Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс, ХЗДХЯ, ГХЯ, тухайн орны дипломат төлөөлөгчийн газар, тэр улсын ГХЯ, Хууль зүйн яам, прокурор гэх зэрэг шат дамжлага дамжиж байж зохих газартаа очдог аж. Зарим орон нь бүр шүүхээрээ хэлэлцэж байж мөрдөгчийн даалгаврыг биелүүлэх, эсэхийг шийдвэрлэж хариу илгээдэг гэх. Манай улсын мөрдөх байгууллагын мөрдөгчийн бичсэн даалгаврыг тухайн орны хууль сахиулах байгууллагынхан биелүүлж ирүүлтлээ нэлээд уддаг. 2017 оноос өмнө манай хууль сахиулах байгууллагын мөрдөгчдийн бичсэн даалгаврыг биелүүлж, хариу илгээсэн нь тун цөөн юм билээ. Тэгвэл УЕПГ-аас 2020 онд боловсруулсан “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буцаан авах ажиллагаа” хэмээх гарын авлагад “АТГ сүүлийн гурван жилийн байдлаар Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдэн орсон есөн улсад 17 хүсэлт илгээсэн байна. Тухайлбал, 2018 оны байдлаар эрх зүйн туслалцааны дөрвөн хүсэлтийг Англи, Панам, Сингапур, Хонконг, Австри, Канад, БНХАУ-д, 2019 онд Швейцар, Мэн арал, ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Канад, Хонконг, Франц, АНУ, Сингапур зэрэг оронд уг конвенцыг үндэслэл болгож эрх зүйн харилцан туслалцааны 26 хүсэлт хүргүүлжээ. Үүнээс Хонконг, Сингапур, Швейцараас хариу ирүүлсэн байна” хэмээн бичжээ.
...Түүний эл улсад авсан мөнгөний эх үүсвэр нь нэгэн арилжааны банкны гаргасан 500 сая ам.долларын бондоос улбаатай. Арилжааны банкуудад давуу байдал олгож, түүнийхээ “шагнал”-ыг хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр дамжуулан, эхнэртэйгээ хамтран эзэмшдэг дансаар шилжүүлэн аваад үл хөдлөх хөрөнгө болгосо нгэдгийг нь Австрийн талаас ирсэн нотлох баримт баталгаажуулж буй гэх...
Сүүлийн жилүүдэд АТГ-ынхан хөрөнгө буцаах ажиллагааг амжилттай хэрэгжүүлж дээр дурдсан хөрөнгүүдийг буцаан авахаар болсон бол багагүй хөрөнгө царцаагаад эх оронд нь шилжүүлэх талаар яриа хэлэлцээ хийж байна. Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээгүй орнууд буюу оффшор бүсээс авлигын гэмт хэргийн улмаас гарсан хөрөнгийг буцаах ажиллагаа үр дүнтэй болсон нь АТГ-ынхан гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлснийх. Бас Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдэн орсны гавьяа гэж болох юм. Манай улс СтАР буюу “Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга” (Stolen asset recovery initiative)-тай хамтарч, гадаад оронд нуун далдалсан авлигын гаралтай хөрөнгө, орлогыг угаах ажиллагааг зогсоох, алдагдсан хөрөнгийг буцаан авчрах чиглэлээр ажилладаг юм. Тиймдээ ч уг байгууллагын олон улсын сүлжээний хуралд манай улс тогтмол оролцдог аж. Зөвхөн эл байгууллагаарзогсохгүй ФАТФ зэрэг олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж буй. Ингэснээр авлигын гэмт хэргийн улмаас гадаададгарсан хөрөнгийг буцааж авах ажиллагаа үр дүнтэй болдог гэхэд хэтийдсэн болохгүй биз. Түүнчлэн НҮБ-ын Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан гэмт хэргийн тухай конвенцод нэгдэн орсны ач холбогдол нь гишүүн орнууд авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хууль бусаар олсон орлого, эд зүйл, хөрөнгийг буцаан авах ажиллагааны асуудлаар улс орнууд холбогдох байгууллагаараа дамжуулан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх салбарт хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн юм билээ. Ингэж хамтран ажиллахдаа хөрөнгө буцаан авах хүсэлт, үндэслэлээ ул суурьтай гаргаж тавих ёстой аж. Хүсэлт хүргүүлэхдээ гадаад орны хамтын ажиллагаатай байгууллагынхантайгаа нягт холбоотой байж, “чихнээс нь хонх уяхгүй” бол хариу ирүүлэх нь удаан байдаг гэнэ.
Үүнээс өөрөөр Санхүүгийн мэдээллийн албаны мэдээллийг сайтар нягталж шалгаснаар ч гэмт хэргийн замаар гадаадад гарсан хөрөнгийг эх сурвалж, түүний хамаарал бүхий этгээд, эцсийн өмчлөгчдийг тогтоож буй юм билээ. Энэ мэт шат дамжлагыг дамжиж, багагүй цаг хугацаа зарцуулж, олон хуудас бичиг цаас “шидэлцэж” байж авлигын гэмт хэргийн улмаас гадаадад гарсан хөрөнгийг буцаан авах ажил хийгдэж, шүүх эцэслэн шийдвэрлэж, тухайн хөрөнгийг хохирогч байгууллага буюу улсын төсөвт оруулах тогтоол баталдаг аж.
Хулгайлсан хөрөнгийг нь тогтоосон ч шүүх шийдвэрлэхгүй байгаагаас үр дүнд хүрсэнгүй
Манай улсын хувьд БНСУ-тай хамтран хөрөнгө буцаах ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн хоёр ч тохиолдол бий. Тодруулбал, БНСУ-ын иргэн Ан Же Мун гэх эр гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө манай улсад угааж, үл хөдлөх хөрөнгө болгосон юм. Уг хэргийг цагдаагийнхан шалгаж Чингэлтэй дүүргийн нутаг дахь “Рийчфилд” гэх зочид буудалд оруулсан хөрөнгийг нь тус улс руу шилжүүлж байв. Өөр нэг жишээ нь, БНСУ руу манай палеотологийн үнэт олдвор болох үлэг гүрвэлийн чулуужсан ясыг БНХАУ-аар дамжуулан “гэр” гэсэн гаалийн бүрдүүлэлттэйгээр гаргасан байдаг. Улмаар БНСУ-д дуудлага худалдаагаар борлуулах гэж байхад нь Ерөнхий прокурорын газраас нь уг ажиллагааг таслан зогсоож битүүмжлэн, Монгол Улсад мэдэгдсэнээр гэмт хэргийн замаар очсоныг тогтоосон юм. Тус улс музейдээ хадгалж, эх оронд нь буцаах хандив цуглуулж байгаад шилжүүлэн өгсөн байдаг. Эдгээр нь нэлээд олон жилийн өмнөх жишээ. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр Монгол Улс хөрөнгө буцаах ажиллагааг олон жилийн өмнөөс хийсэн гэдгийг тодотгохыг зорив.
Тэгвэл АТГ-ынхан шалгаж тогтоосон ч шүүх эцэслэн шийдвэрлээгүйгээс хөрөнгө буцаах ажиллагаа үр дүнгүй болох шахаж буй жишээ ч бий. Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох үйлдлийг хууль сахиулах байгууллагынхан нэлээд хэдэн жилийн өмнөөс шалгаж, Австрид үл хөдлөх хөрөнгөтэй болсныг тогтоосон талаараа мэдээлж байв. Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах, холбогдох нотлох баримтыг ирүүлэх хүсэлт АТГ-ынхан гаргасны дагуу тодорхой нотлох баримтууд нь ирсэн гэдэг. Түүний эл улсад авсан мөнгөний эх үүсвэр нь нэгэн арилжааны банкны гаргасан 500 сая ам.долларын бондоос улбаатай. Арилжааны банкуудад давуу байдал олгож, түүнийхээ “шагнал”-ыг хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр дамжуулан, эхнэртэйгээ хамтран эзэмшдэг дансаар шилжүүлэн аваад үл хөдлөх хөрөнгө болгосон гэдгийг нь Австрийн талаас ирсэн нотлох баримт баталгаажуулж буй гэх. Н.Золжаргалд холбогдох хэргийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй өнөөг хүрч байгаа билээ. Монголбанканд хийсэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны шалгалтын дүгнэлтэд ч түүнийг ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед хэрэгжүүлсэн мөнгөний уламжлалт бус бодлого, үнэ тогтворжуулах нэртэй үр дүнгүй хөтөлбөрүүд, ашиггүй своп хэлцэл зэргээс болж инфляц өсөж, мөнгөний ханш эрс унасан гэдгийг тодотгосон байдаг. Гадаад, дотоодын банкны своп хэлцлүүдээс энэ албан тушаалтан хувь хүртэж, гадаадад үл хөдлөх хөрөнгөтэй болчихсон гэхэд хилсдэхгүй нь. Харин өнөөдөр эдийн засгийн хор хохирлыг нь ард түмэн үүрч байгаа гэвэл хэтийдсэн болохгүй биз. “Цагаан захтнууд”-ын өдүүлсэн авлигын хэргийн хор хохирол нийгэмд асар их уршигтайн жишээ энэ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн нэг удирдах албан тушаалтан, Орос, Монголын төмөр замын эрх мэдэлтнүүдийн холбогдсон, гуравдагч оронд гаргасан хөрөнгө нэлээд бий. Эдгээрийг бид лавшруулан судалж уншигчдадаа хүргэх болно.
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин