Засгийн газраас байгуулсан авлигатай тэмцэх таван "Ш" үйл ажиллагааг эхлүүлэх Шүгэл ажиллагааг хэрэгжүүлэн, иргэдтэй хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулагджээ.
Тус ажлын хэсгийн гишүүдийг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Шүгэл ажиллагааны ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахлах юм байна. Тэрбээр "Та бүхэнд ажлын хэсгийг танилцуулъя. Ажлын хэсэгт:
Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл ажиллахаар төлөвлөсөн.
Ажлын хэсгийн зорилго нь авлигатай тэмцэх үйл ажиллагааг үр дүнтэй болгох, төрийн албаны анхан, дунд шатны хүнд суртлыг арилгах таслан зогсоох, иргэд хувийн хэвшлийг чирэгдүүлж авлига үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгаа үйл ажиллагаа чиг үүргийн талаар дүгнэлт гаргах гэсэн үндсэн чиглэлтэй ажиллана" гэв.
Мөн "Манай улсад тэгш бус байдал ямар байгаа талаарх олон статистикийг бид мэднэ. Тухайлбал, 2022 оны гуравдугаар сарын байдлаар манай улсад 3.5 сая хадгаламжийн данс байгаагаас 20 сая төгрөг хүртэлх үлдэгдэлтэй хадгаламжийн данс 97 хувийг эзэлж байна. Гэхдээ энэ 97 хувийн дансны үлдэгдэл нь нийт хадгаламжийн 25 хувийг бүрдүүлж байна.
Өөрөөр хэлбэл нийт хадгаламжийн дансны 3%-д манай улсын нийт хадгаламжийн 75% нь төвлөрч байгаа нь эдийн засгийн боломж болон тэгш бус байдал ямар вэ гэдгийг харуулж байна" хэмээн тэрбээр нэмж онцоллоо.
Б.Солонгоо: Авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг 1111 төвөөр дамжуулан авна
Авлигын эсрэг шүгэл ажиллагааны талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд өнөөдөр мэдээлэл өглөө.
Сайд Б.Солонгоо "Иргэдийн зүгээс авлигын талаар эрсдэлтэй зүйлийн талаар мэдээлэх юм бол өөрөө хариуцлага хүлээх үү гэдэг асуудал байдаг. Үүнтэй холбогдуулан гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын чуулганаар шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулахад ажлын хэсэг бүхий л талаар дэмжлэг үзүүлж, олон нийттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Иргэдээс авлигын эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг 1111 төв, E-Mongolia болон шүгэл ажиллагаа нэртэй сошиал хуудаснууд, шуудангийн салбар, ажлын хэсгийн гишүүдийн нэр дээр хаягласан баримт бичгүүдийг хүлээн авах боломжтой.
Эхний ээлжинд 1111 төв дээр долоо хоногийн Баасан гараг бүрд шүгэл ажиллагааны талаар мэдээлэхийг хүссэн иргэдтэй 09:00-12:00 цагийн хооронд уулзалт зохион байгуулна. Мэдээлэл авах эхний арга хэмжээ маргааш буюу гуравдугаар сарын 10-нд болно. Шүгэл ажиллагааны хүрээнд иргэдийг ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллахыг уриалж байна. Иргэд, хувийн хэвшлийнхэн, иргэний нийгэм, сэтгүүлчидтэй хамтарч ажиллана. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн тодорхой мэдээлэл ирсэн бол бид нээлттэй байх болно. Ингээд шүгэл ажиллагаа эхэлж буйг мэдэгдэж байна" хэмээн ярилаа.
"Транспэрэнси Интернэшнл байгууллагаас хийсэн олон судалгаа болон Монгол Улсад хийсэн судалгаанаас гардаг томоохон үзүүлэлт бол авлигын талаар мэдээлэх нь хамгийн үр дүнтэй тэмцэл гэж хэлдэг. Гэхдээ мэдээлдэггүй шалтгаан нь тухайн мэдээлснээс үүсэх үр дагавраас айдаг. Үр дагавар гэдэг нь хуулийн хариуцлага, хувь хүнд ирэх дарамт шахалт зэрэг олон төрөл байж болно. Манай улсад гэрч, хохирогчийг хамгаалах хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Иргэдийн дунд болгоомжлох асуудал байна. Тухайлбал, энэ хэргийг илчилснээр надад болон цаашдын карьерт сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол. Нэрээ нууцалж мэдээлэл өгөхийг хүсэж буй иргэдтэй хамтарч ажиллахад бэлэн. Шуудангийн хаягаар мэдээлэл авч байгаа нь нэрээ нууцалж баримт бичиг өгөх иргэдтэй хамтарч ажиллах зорилготой. Нэрээ нууцлахгүйгээр мэдээлэл өгч буй иргэдийн нууцыг чанд хадгална. Хэрвээ гэмт хэргийн шинж чанартай мэдээлэл ирвэл мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагад шилжүүлж өгөх юм. АТГ-ын 110 дугаарт энэ төрлийн мэдээллийг өгдөг. Иргэд төрийн үйлчилгээг авахад өдөр тутмын амьдралд нь тулгамдаж байгаа асуудлыг нээлттэй ярилцах нь ажлын хэсгийн зорилго. Авлигад хэн нэгнийг буруутгахаас илүү юунаас болж авлига авах асуудал үүсэж буйг олж тогтоон засаж залруулна" гэв.
"Шүүр ажиллагааны хүрээнд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг технологи ашиглаж шалгана"
Авлигатай тэмцэх газрын дэд дарга, шүгэл ажиллагааны ажлын хэсгийн гишүүн Г.Азжаргал мэдээлэл өгөв.
Тэрбээр "Хоёрдугаар сарын 15-наар албан тушаалтнуудын ХОМ-ийг авч дууссан. 47,000 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг АТГ-т ирдэг. Түүнээс жилд чамлалтай хэсэг нь шалгагддаг. Жишээ нь, 500 орчим албан тушаалтны хөрөнгө орлогыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар шалгаж байгаа юм. Шүүр ажиллагааны хүрээнд албан тушаалтнуудын ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг технологи ашиглаж шалгана.
Аливаа шалгалтын арга хэмжээ олон нийтэд ил тод байх ёстой. Гомдол гаргасан иргэнд "Таны өгсөн мэдээлэл гэмт хэргийн шинжтэй байгаа тул эрүүгийн хэрэг үүсгэсэн, хариуцлага тооцсон" зэргээр эргээд заавал мэдэгддэг. Гэмт хэргээс хурааж авсан хөрөнгийг хэрхэн ашиглахыг заах эрх зүйн орчин АТГ-т байдаггүй. Хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгийг захиран зарцуулах тухай хуулийн төсөл явж байгаа.
АТГ-аас шалгаад нөхөн төлүүлж буй хөрөнгө, мөнгө нь хохирогчид очдог. Хохирогч хэн байдаг вэ гэвэл, зарим тохиолдолд төрийн өмчит компаниуд, улсын дансанд ордог. Нөхөн төлүүлсэн хөрөнгө юунд зарцуулагдахыг бид заах эрхгүй.
Г.Азжаргал: Зөвхөн улс төрд нөлөө бүхий этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хорьсон
Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуульд Авлигатай Тэмцэх Газраас хүргүүлсэн саналын талаарх сэтгүүлчийн асуултад АТГ-ын дэд дарга Г.Азжаргал хариуллаа.
Тэрбээр “Шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийг салбар яаманд хүргүүлсэн ба олон зүйлийг зааж өгсөн. Зөвхөн улс төрд нөлөө бүхий этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хорьсон.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хууль болон Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай тэмцэх хуульд улс төрд нөлөө бүхий этгээд гэж хэн болохыг нарийн заасан. Өргөдөл гомдол мэдээллээ нэрээ нууцалж өгөх үү, ил байдлаар өгөх үү гэж асуудаг. АТГ-т 2022 онд 2,196 гомдол ирсэн нь өндөр тоо юм" гэв.
Эх сурвалж: www.ikon.mn