Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийн хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, төсвийн хөрөнгийн захиран зарцуулалт, худалдан авах ажиллагаа, төрийн албан хаагчийн ёс зүй, хүний нөөцийн томилгоо, тусгай зөвшөөрөл, эрх олгох үйл ажиллагаа, төлбөр хураамж тогтоосон байдал, гомдол, мэдээллийн шийдвэрлэлттэй газар дээр нь танилцан дүн шинжилгээ хийж, эрсдэлийн түвшнээс хамааруулан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж ажилладаг.
Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд ажиллах явцад тогтоогдсон нөхцөл, байдалтай холбогдуулан Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай “Зөвлөмж”-ийг хүргүүлсэн.
Зөвлөмжийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн албан хаагчдын ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй төрийн үйлчилгээг хүргэх, ил тод байдлыг сайжруулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхад уриалсан “Ёс зүйн зөрчилгүй хамт олон” аяныг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газарт болон харъяа байгууллагуудад шинээр томилогдсон нийт 70 төрийн албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлигын эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх бодит кейс, жишээнд суурилсан “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт, мөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, түүний харъяа байгууллага, газар, хэлтсийн дарга нар болон хороодын Засаг дарга нарын зэрэг нийт 65 удирдах албан тушаалтанд тус дүүрэгт гарч буй авлигын зөрчил дутагдал, түүнийг арилгах чиглэлээр үр дүнтэй ажиллах боломж, авлигаас урьдчилан сэргийлэх талаар “Авлигын нийтлэг зөрчил, анхаарах асуудал” сэдэвт сургалт мэдээллийг тус, тус хийж хамтран ажиллав.