Танилцуулга /“Их 7–ийн үр дүнд хурдан хүрэх түншлэл”-ийн Олон Улсын Бага Хуралд оролцсон тухай/

A- A A+
Танилцуулга /“Их 7–ийн үр дүнд хурдан хүрэх түншлэл”-ийн Олон Улсын Бага Хуралд оролцсон тухай/

2014 оны 11 дүгээр                                                                                                                                             Улаанбаатар хот 
сарын 24-ний өдөр 

Авлигатай тэмцэх газар мэдээллийн ил тод байдлыг хангуулах хүрээнд Монгол Улсын Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгын Үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагын хувьд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилладаг. 

ОҮИТБС-ын дэлхийн нийтийн түншлэлд Монгол Улсын Засгийн газар 2006 оны 1 сард нэгдэн, төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн тэгш оролцоотой Үндэсний Зөвлөл, Ажлын хэсгээ байгуулсан. ОҮИТБС нь эрдсийн баялгаас олж буй орлогыг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэгддэг юм.

Умард Ирландын Лох Эрнд 2013 онд зохиогдсон дээд хэмжээний уулзалтаар Их 7 орнууд Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгын стандартыг хэрэгжүүүлэх замаар засаглал, ил тод хариуцлагатай байдлыг сайжруулах дэлхийн нийтийн хүчин чармайлтыг дэмжиж, “Их 7-ийн үр дүнд хурдан хүрэх түншлэл-ийг эхлүүлсэн байдаг. Энэхүү санаачилгад Монгол Герман 2 улс олон жилийн хамтын ажиллагааныхаа хүрээнд хамтран оролцсны хувьд “Их 7-ийн үр дүнд хурдан хүрэх түншлэл”-ийн нээлтийн Бага Хурлыг “Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс 2014 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд “Туушин” зочид буудалд зохион байгуулахад АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Сарангэрэл оролцлоо.

Их 7-ийн үр дүнд хурдан хүрэх түншлэлийн гэрээний Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын Уул уурхай, эрчим хүчний дэд сайд О.Эрдэнэбулган ажилладаг бөгөөд тэрээр “Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Монгол Улстай хөгжлийн түвшин ойролцоо Зүүн өмнө Азийн орнууд /Вьетнам, Камбож, Лаос, Мьянмар/ улсуудын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын 36 төлөөллийг урин оролцуулж, Монгол Улсын ОҮИТБС-ын үйл ажиллагаатай танилцуулах, харилцан туршлага, мэдээлэл, солилцох зорилготой. 

Хөтөлбөрийн хүрээнд эхний өдөр Монгол Германы Их 7-ийн үр дүнд хурдан хүрэх түншлэлийн гэрээ-Зүүн өмнөд Азийн улсуудын харилцан суралцах явдлыг дэмжсэнээр Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал, сайн засаглалыг хөгжүүлэх нь, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Стандарт-Агуулга, ба үзэл санааны тухай, Монгол Улсад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлсэн туршлага, 2014 оны Монгол Германы Их 7-ийн үр дүнд хурдан хүрэх түншлэлийн Бага Хурлын зохион байгуулалтын талаар, хоёрдох өдөр Компанийн засаглал- хувийн хэвшлийн санал санаачилга ба Засгийн газрын бодлогоор хэрхэн дэмжих вэ? сэдвүүдээр тус тус илтгэл тавигдлаа.

Оролцогч талууд Засаглал ил тод байдал- Олон талт оролцооны замаар ОҮИТБС хэрхэн хамтын үнэт зүйлсийг бий болгох вэ?, Санхүүгийн сайн засаглалыг бий болгоход ОҮИТБС юу хийж чадах вэ?, Олон улсын худалдаа,хөрөнгө оруулалт дахь хариуцлагатай байдал ба засаглал нь бизнесийн салбарт хэрхэн дэмжлэг үзүүлж болох вэ?, Компанийн засаглалын сайн туршлагууд, Ил тод байдал- Монгол Улсад олон улсын тэргүүн туршлагыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? зэргээр төр, иргэний нийгэм, хувийн хэвшил тус бүрийн хүрээнд хэсгүүдэд хуваагдан санал, туршлагаа нээлттэй хэлэлцэж, ярилцлаа.

Бага хуралд салбарын нэр хүндтэй судлаачид оролцож, монголын төр,иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөгчид тогтвортой нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад ОҮИТБС-ыг хэрхэн суурь стандарт, хэм хэмжээ болгон хэрэглэх талаар үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Уг арга хэмжээнд оролцсоноор ОҮИТБС-ын хүрээнд оролцогч талуудын туршлагаас уул уурхайн салбарын зохих мэдээллийг 2015 онд ил тод болгоход чиглэсэн санаа, оноо авах, сайн туршлагыг нэвтрүүлэх зэрэгт анхаарлаа хандуулж, холбогдох мэдээллийг хүлээн авахын зэрэгцээ ОҮИТБС-ын Ажлын хэсгүүдээс оролцсон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүдийн хүрээнд шинэ стандартыг хэрэгжүүлэхтэй холбогдох санал бодлоо солилцлоо.

Мөн ОҮИТБС-ын Ажлын хэсгээс зохион байгуулсан Булган аймгийн Бүрэг хангай, Баянхонгор аймгийн Галуут суманд уул уурхайн салбараас төсөвт оруулж буй татвар, төлбөрийг ил тод болгохтой холбогдох хэлэлцүүлэгт оролцож, салбарыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдээлэл, танилцуулгыг хийсэн бөгөөд ингэснээр орон нутагт төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, олон талтын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой.