“Хүнээ дээдэлж-хамтдаа хөгжье” зөвлөлдөх уулзалт болж байна

A- A A+
“Хүнээ дээдэлж-хамтдаа хөгжье” зөвлөлдөх уулзалт болж байна

“Хүнээ дээдэлж-хамтдаа хөгжье” зөвлөлдөх уулзалт 2022 оны 03 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Тус уулзалтад Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Салбарын яамдын төлөөлөл, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Өнөөдрийн уулзалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн оролцож “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хүргэж, санал солилцлоо. Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, гарч буй зөрчил дутагдлыг онцлон танилцуулав. Энэхүү уулзалтын зорилго нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хөгжлийн бодлогын баримт бичгүүд, шинэ сэргэлтийн бодлогыг аймаг, орон нутаг, салбарын хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг тодотгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг тарьц, суулгацаар улсын хэрэгцээг хангах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, Сэлэнгэ аймгийн Засаг даргаас агентлагийн дарга нартай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, сумдын Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээний 2021 оны гүйцэтгэлийг үнэлж, дүгнэх, 2022 оны төлөвлөгөө, хамтран ажиллах гэрээг байгуулах, цаг үеийн бусад асуудлаар үүрэг чиглэл өгөх зорилготой ажээ.