Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён Зафер Атешийг 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням нар оролцож, тэргүүн комиссар З.Дашдаваа “Турк Улсын ард түмэнд байгалийн гамшигт үзэгдэл учирсан явдалд гүн эмгэнэл илэрхийлж, энэхүү хүндрэл бэрхшээлийг хамтын хүчээр богино хугацаанд даван туулна гэдэгт итгэж байна” гэв. Тэргүүн комиссар З.Дашдаваа Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Элчин сайд ноён Зафер Атеш хүндрэл бэрхшээлтэй цаг үед сэтгэлийн гараа сунгаж туслалцаа үзүүлсэн явдалд Монгол Улсын ард иргэдэд гүн талархал илэрхийлж, Монгол, Турк Улс нь түүх соёл, ёс заншлаар холбогдсон эртний түүхтэй нөхөрсөг сайхан харилцаатай ард түмэн гэдгийг онцлон тодотгож, АТГ-аас хэрэгжүүлж буй авлигын эсрэг арга хэмжээ, үйл ажиллагааг өндрөөр үнэлж Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагааг тогтвортой дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Тэргүүн комиссар З.Дашдаваа БНТУ-ын авлигатай тэмцэж буй арга хэмжээ, үр дүнг онцлон дурдаж, тус улсын ижил чиг үүрэг бүхий холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлж, хууль ёсны хөрөнгө оруулалт, шударга бизнесийн орчныг хамгаалах, алба хаагчдыг мэргэшүүлэх, харилцан туршлага судлах чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгааг дурдаад, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Мөн Элчин сайд ноён Зафер Атеш Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав.