Эрүүгийн 5 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

A- A A+
Эрүүгийн 5 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2023 оны 07 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 38 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 95 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 79 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн нийт 838 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 826 хэрэг шалгагдаж байна.

Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын албан хаагч “А” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаас хахууль авсан  гэх;
  • Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч “П” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бусдаас хахууль авсан гэх;
  • “Т” нь “Геологийн төв лаборатори” төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0108 дугаар ангийн захирагч “Н”, Авто замын шалган нэвтрүүлэх боомтын заставын дарга албан тушаалтай “Б” нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга “Э” нь бусдад давуу байдал бий болгож бусдаас удаа дараа хахууль авсан гэх;

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмыг хангах хүрээнд авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан товч байдлаар мэдээлдэг болно.