"Адидас" компани Хятадын салбар дахь ажилтнуудаа "их хэмжээний хахууль авсан" хэргээр шалгуулж байна

A- A A+

Олон улсын брэнд болох Адидас нь "Ажилтнууд сая сая еврогоор их хэмжээний хахууль авсан" гэх гомдлын дагуу Хятад дахь зарим ахлах ажилтнуудаа шалгуулахаар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн тухай мэдээлжээ.

Тус компани шүгэл үлээгчдийн гомдлыг хүлээн авсны дараа шууд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн гэж Financial Times ням гарагт мэдээлэв. 

"Адидасын ажилчид"-ын бичсэн гэж таамаглаж буй нэрээ нууцалсан захидалд тус компанийн Хятад дахь салбарын хэд хэдэн ажилчдыг гадны үйлчилгээ үзүүлдэг, хамтран ажилладаг бизнес эрхлэгчдээсээ мөнгө авсан хэмээн бичжээ.

Мөн компанийн нэг хэлтсийнх нь ахлах менежерийг "хэдэн саяар нь бэлэн мөнгө, үл хөдлөх хөрөнгө гэх мэт биет зүйл" авсан гэж тусгажээ. Гэсэн ч тус захидалд хахууль авсан этгээдүүдийн нэрийг нь бичээгүй байна.

Нэрээ нууцалсан захидлын эзэд авлигын хэргийн талаар баттай нотлох баримт ирүүлээгүй ч тэд маш эмзэг, дотоод нууц асуудлын талаар маш сайн мэдээлэлтэй байна, Иймд бүрэн хэмжээний мөрдлөгийн ажиллагаа явуулах шаардлагатай гэж Financial Times мэдээлжээ.

Тус захидалд компанийн албан тушаалтнуудыг, тэр дундаа ахлах менежерийг маркетингийн төсөвтэй холбоотой авлига авсан гэж хятадын олон нийтийн сүлжээгээр нийтлэгджээ.

Адидас компани нэрээ нууцалсан гомдлыг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч, хөндлөнгийн хуулийн зөвлөхтэй хамтран энэ асуудлыг шалгаж байна.

Тус компани Ройтерс агентлагийн асуултын хариуд гаргасан мэдэгдэлдээ: "Манай компани хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй мэдээллийг маш нухацтай авч үздэг бөгөөд бидний үйл ажиллагаа явуулж буй бүх салбар хууль эрх зүйн болон дотоод журам, ёс зүйн стандартыг дагаж мөрдөх үүрэг хүлээн ажилладаг" хэмээжээ. Мөн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах хүртэл нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгдлээ.

Тус компани нь цар тахлын үеэр уналтад орсны дараа бизнесээ сэргээх зорилгоор Хятад дах салбарынхаа удирдлагын багыг 2023 онд өөрчилж байжээ.

Энэ оны эхээр тус компани Хятад дахь борлуулалтын өсөлтийг хоёр оронтой тоогоор нэмэгдүүлнэ гэж таамаглаж байна. Мөн компанийн Хятад дахь борлуулалт энэ жилийн эхний улиралд найман хувиар өссөн гэж тус компани өмнө нь мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2024/6/16/adidas-probes-alleged-large-scale-bribery-by-staff-in-china-report