“Мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт, мэдүүлэг авах тактикийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд АТГ-ын ахлах комиссарууд шалгарав

A- A A+
“Мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт, мэдүүлэг авах тактикийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд АТГ-ын ахлах комиссарууд шалгарав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, ахлах мөрдөгч, ахлах комиссар З.Лхагвабаяр нар эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцов.

ДХИС-ийн Цагдаагийн сургуулиас ЦЕГ-ын Хуулийн хэлтэс, Мөрдөн байцаах албатай хамтран Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, төв орон нутгийн мөрдөн байцаах нэгжийн албан хаагчдын дунд жил бүр уламжлал болсон “Мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт, мэдүүлэг авах тактикийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгууллаа.

Мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой төрлийн ажиллагааг боловсронгуй болгох, орчин үеийн жишигт нийцсэн мөрдөн шалгах ажиллагаа, дэлхий нийтийн чиг хандлагыг тодорхойлох, манай улсад тулгамдаж байгаа асуудлыг тогтоох, тухайн асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, цаашид практикт хэрэгжих нөхцөлийг судлан тодорхойлох зорилготой уг эрдэм шинжилгээний хурлыг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд эцсийн шалгаруулалтад 6 илтгэлийг хэлэлцсэн юм.

Тэргүүн байранд Авлигатай тэмцэх газрын Мөрдөх шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, дэд байранд Мөрдөн байцаах албаны Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хурандаа Б.Энхбат, гутгаар байранд Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонжаргал нар тус тус шалгарлаа. Тусгай байранд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар З.Лхагвабаяр шалгарсан байна.

Тус эрдэм шинжилгээний хуралд оролцогчид дэлхий нийтийн мөрдөн шалгах ажиллагаааны тогтсон чиг хандлага болох “Мендиз”-ийн болон “Миранда”-гийн зарчмын талаар судалж хэлэлцүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа алба хаагчдыг мэргэжлийн алдаа дутагдал гаргахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үр дүнтэй олон асуудлуудыг хөндсөн байна.