Авлигын эсрэг баатар буюу Аллардын шагналын тухай

A- A A+
Авлигын эсрэг баатар буюу Аллардын шагналын тухай

Канад Улсын Бритиш Колумбийн их сургууль нь 2012 онд анхлан Аллардын шагналыг авлигын эсрэг болон хүний эрхийг хамгаалах чиглэлээр гарамгай гавьяа байгуулсан хувь хүн, хөдөлгөөн, байгууллагад гардуулж эхэлсэн юм.

Тус шагналыг хоёр жилд нэг удаа олгодог бөгөөд ил тод нээлттэй, хариуцлагатай байдал, хуульт ёсыг дэмжих замаар авлигатай тэмцэх, хүний эрхийг хамгаалахад онцгой манлайлж, эр зориг гаргасан хүмүүсийг урамшуулж, тэдний хүчин чармайлтыг олон нийтэд таниулах зорилготой. Шагналын хэмжээ 100,000 канад доллар юм.

2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс тус шагналыг Бритиш Колумбийн их сургуулиас тусгаарлаж олон улсын тусгай хороо хариуцан шалгаруулдаг болоод байна. 2022 онд 5 дахь удаагийн Аллардын шагналыг гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд ирэх онд тус шагналын дараагийн эзэн тодорно.    

Аллардын шагналыг ихэвчлэн шударга бус асуудал, үйл явдлыг илрүүлж, олон нийт болон хууль сахиулах байгууллагад мэдээллэн, хүний эрх, нийгмийн сайн сайхны төлөө  өндөр эрсдэл хүлээж, онцгой гавьяа байгуулсан эрэн сурвалжлах сэтгүүлчид болон шүгэл үлээгч нар хүртэж ирсэн байна.

Тухайлбал 2020 онд тус шагналыг хүртсэн Ховард Вилкинсон нь Английн Данске банкны  Балтын Худалдааны нэгжид ажиллаж байхдаа тус банкны хэд хэдэн сэжигтэй дансаар мөнгө угааж байж болзошгүйг судлан тогтоож, дотоод хяналтын нэгждээ дөрвөн удаагийн тайлан хүргүүлсэн боловч банкны зүгээс тодорхой арга хэмжээ авахгүй байсан тул ажлаасаа чөлөөлөгджээ. 2018 онд түүний нэр ил болж, аюулгүй байдлын хувьд асар өндөр эрсдэлд орсон хэдий ч Европын парламентын өмнө мэдүүлэг өгч, ил тод байдлыг нэмэгдүүлэх болон шүгэл үлээгчийг хамгаалах хууль тогтоомжийг сайжруулах талаар дуу хоолойгоо өргөж, идэвхтэй тэмцсэн байна. Түүний ил болгосон мэдээллийн ачаар европ даяар олон тооны мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, Данске банкны гүйцэтгэх захирал ажлаас чөлөөлөгдсөн төдийгүй, тус банкийг Эстони Улсад үйл ажиллагаа явуулахыг нь хорьсон юм.

Мөн онд тус шагналыг хүртсэн Мальта Улсын эрэн сурвалжлах сэтгүүлч Дафне Каруана Гализиа нь 30 гаруй жилийн турш авлигын эсрэг идэвхтэй тэмцэгч, блогч, сэтгүүлчээр ажилласан юм. 2016 онд Панамын баримтууд ил болоход тэрээр Мальта Улсын төрийн өндөр хоёр албан тушаалтан оффшор бүсэд нууц данснууд эзэмшдэгийг илрүүлж, үргэлжлүүлэн нарийвчилсан судалгаа хийж, олон нийтэд мэдээлсэн байна. Сэтгүүлч Дафне нь 2017 оны 10 дугаарсарын 16-ны өдөр машинд нь нууцаар байршуулсан бөмбөг дэлбэрсний улмаас амиа алджээ. Түүний үхэл улс орон даяар авлигын эсрэг бослого, хөдөлгөөнийг үүсгэсэн бөгөөд ерөнхий сайд болон олон тооны төрийн өндөр албан тушаалтнууд огцорсон юм. 2020 оны Аллард шагналыг түүний оронд ээж нь хүлээж авахдаа “Энэ шагнал авлигын эсрэг болон олон нийтийн мэдэх эрхийн төлөө зүтгэсэн охины минь цуцашгүй хөдөлмөрийг илтгэхээс гадна өнөөдрийн нийгэмд хамгийн их үгүйлэгдэж буй муу муухай зүйлсийн эсрэг тэмцэх эр зориг, шударга ёсны илэрхийлэл болж байна” гэж хэлжээ.

Аллардын шагналын тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://allardprize.org/allard-prize/ холбоосоор үзэж болно. Тус шагналд жилийн аль ч хугацаанд нэрээ дэвшүүлэх боломжтой. Иргэд, эрэн сурвалжлах сэтгүүлч нар, төрийн болон төрийн бус байгууллагуудыг хүний эрхийг хамгаалах, авлигын эсрэг тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, тус шагналын дараагийн эзэн болохыг уриалж байна.