Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд Эрүүгийн цагдаагийн олон улсын байгууллага – Интерполын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан 91 дэх удаагийн олон улсын хуралд Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөгч нар оролцлоо.
Тус хуралд гадаадын 160 гаруй орны 1000 орчим төлөөлөгч оролцож, Интерпол байгууллагад Бүгд Найрамдах Палау Улс шинэ гишүүнээр элсэж, байгууллагын өнгөрсөн 100 жилийн хугацаанд хийгдсэн болон цаашид хийгдэх ажлуудын талаар танилцуулж, хууль сахиулах байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хуралдав.
Хурлын үеэр Интерполын Ерөнхийлөгч Ахмед Насир Аль-Райси Монгол Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын төлөөлөгчдийг хүлээн авч тусгайлан уулзалт хийлээ. Уулзалтаар Монголын тал гэмт хэрэг үйлдэж, гадаад улс руу оргон зугтсан этгээдүүдийн байршлыг илрүүлж, эх оронд нь буцаан авчрах, хууль бус хөрөнгө, орлогыг хураах чиглэлээр шуурхай мэдээ мэдээлэл солилцож, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Интерполын зүгээс саналыг хүлээн авч шуурхайлан дэмжиж, мөн авлигын болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, харилцан мэдээ, мэдээлэл солилцох, хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдыг сургаж, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэв.
Интерпол байгууллага нь эрүүгийн цагдаагийн олон улсын байгууллага бөгөөд анх 1923 онд Австри Улсын Вена хотод болсон хурлаар үүсгэн байгуулагдсан, үндэстэн дамнасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамтран тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, гишүүн орнуудад дэмжлэг үзүүлж ажилладаг. Монгол Улс Интерполд 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гишүүнээр элссэн байна.