Африкийн залуучуудын 60 орчим хувь нь авлигын улмаас цагаачлах хүсэлтэй байна

A- A A+
Африкийн залуучуудын 60 орчим хувь нь авлигын улмаас цагаачлах хүсэлтэй байна

Африкийн 16 орны залуучуудын дунд хийсэн судалгаагаар тэдний 60 орчим хувь нь хяналтгүй авлигын улмаас эх орноо орхин явахыг хүсэж байгаа талаар илэрхийлжээ. Энэ нь Африкийн 16 орны залуучуудын дунд 2024 онд хийсэн, 18-24 насны, нийт 5604 хүнтэй хийсэн ярилцлагад үндэслэсэн, Африкийн залуучуудад чиглэсэн хоёр жил тутамд зохион байгуулдаг судалгааны гурав дахь удаагийн судалгаа юм.

Йоханнесбургт төвтэй “Ичиковицын гэр бүлийн сан”-гийн мэдээлснээр Африкийн залуучууд COVID-19-ийн нөлөөллөөс эдгэрсэн ч засгийн газруудынхаа чиг хандлагад сэтгэл дундуур байгаа, түүнчлэн Африкийн залуучууд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхээс айдаггүй бөгөөд “Авлига бол өөрсдийнх нь ирээдүйд заналхийлж буй хамгийн том аюул гэдэгт итгэдэг” гэдгийг харуулж байна гэжээ.

Дээрх сангийн үүсгэн байгуулагч, захирал Айвор Ичиковиц “RFI”-д хэлэхдээ "Энэхүү мэдээллүүд маш эерэг хандлагыг харуулж байгаа учраас маш үнэ цэнэтэй болж эхэлж байна" гэв.

Ихэнх хүмүүс Африкийн ирээдүйг найдваргүй гэж хардаг ч үнэн хэрэгтээ тийм биш бөгөөд ирээдүйн удирдагчид болох Африкийн залуучууд тус тивийг асар их боломж гэж харж, ирээдүйнхээ талаар маш өөдрөг үзэлтэй байна. Гэсэн хэдий ч тэд шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн чухал сорилт, асуудал байгааг хүлээн зөвшөөрч байна.

Авлигатай тэмцэх

Авлига нь Африк тивийн өсөлт хөгжил, энэ үеийнхний хөгжил цэцэглэлтийг эрэлхийлэхэд саад болж байгаа, иргэний нийгэмд тулгамдаад байгаа үндсэн гурван асуудлын нэгд байнга ордог гэж Ичиковиц хэлэв.

Уламжлал ёсоор хамгийн их санаа зовоодог ажлын байр бий болгох асуудлыг энэ жил авлигын асуудал давж гарсан байна.

“Авлига амьдралын олон талбарт мэдрэгдэж байгаа төдийгүй Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэмд илэрч байгааг бидэнд хэлж байгаа ба тэд үүнээс залхаж байна" гэж Ичиковиц хэлжээ.

Залуучууд энэ талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, авлигыг шийдвэрлэх тал дээр хариуцлагагүй ажиллаж байгаа Засгийн газартаа хариуцлага тооцох эрмэлзэлтэй байгааг судалгааны үр дүнгээс харуулж байна.

Мэдэгдэхүйц ялгаатай байдал

Тус судалгаагаар тив даяарх зарим мэдэгдэхүйц ялгааг тодорхойлсон байна.

“Камерунд судалгаанд оролцогчдын 88 хувь нь авлигыг хамгийн том асуудал, харин Руандад судалгаанд оролцсон залуучуудын зөвхөн 22 хувь нь авлигыг томоохон асуудал гэж үзэж байна” хэмээн Ичиковиц хэлэв.

Судалгаанд оролцогч залуучуудын 65-70 орчим хувь нь авлигыг том асуудал гэж үзэж байгаа ч залуучууд авлигын эсрэг ямар нэгэн зүйл хийж чадна гэж итгэдэг тул өөдрөг үзэлтэй хэвээр байна.

Энэ жил болсон сонгуулийн үеэр Африкийн үндэсний конгрессыг авлигын эсрэг ямар нэгэн алхам хийгээгүйн төлөө хариуцлага тооцох санал өгсөн талаар Өмнөд Африкийн жишээг Ичиковиц дурджээ.

Хүлээлт

Судалгаагаар Хойд Америк нь Их Британи, Франц, Герман, Испани гэх мэт баруун Европын орнуудын дараа залуучуудын цагаачлах дуртай газраар нэрлэгджээ. Залуучууд барууныг үнэлдэг хэвээр байгаа бөгөөд хамтран ажиллахыг хүсдэг гэв. Африкчуудын улам тодорхой ойлгож байгаа зүйл нь тэдний тивийг Хятад, Америк, Европ, Орос хоорондын тулааны талбар болгон ашиглаж байгааг ухаарч байна. Энэ талаар Ичиковиц хэлэхдээ “Энэ нь эдийн засгийн тулааны талбараас гадна нөлөөллийн болон зах зээлийн тулааны талбар юм” гэжээ.

Тэрээр нэмж хэлэхдээ “Дараагийн арван жилд Африкийн залуучууд дэлхийн хамгийн том хэрэглэгчдийн нэг хэсэг болно. Эдгээр хэрэглэгчдийн зүрх сэтгэл, оюун санааг татсан газар эдийн засгийн асар их давуу талтай байх болно” гэв.

Африкт барууны соёл ноёрхсон хэвээр байгаа ч худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаас нь авч үзвэл Хятад улс барууны орнуудыг бүх түвшинд ялсан нь судалгаагаар тогтоогджээ. Хятадууд харилцаа холбоо, зам, дэд бүтэц, спортын цэнгэлдэх хүрээлэн зэрэгт хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн Африкт барууны хөрөнгө оруулалт байхгүй, эсвэл ил тод биш гэсэн ойлголттой байдаг.

Баруунд энэ алдсан боломжийг нөхөх “асар их боломж” хэвээр байгаа гэж үздэг ч үүний төлөө яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна, учир нь барууны улсууд Африкт хөрөнгө оруулах тухай ярьж байх зуур Хятад улс томоохон хэмжээний хөрөнгө оруулалтаа хийсээр байна. “Бид эдийн засгийн нөхцөл байдал, хэл соёлын ялгааг үл харгалзан Африкийн Залуучууд гэж нэрлэж болох жинхэнэ нэгдлийг харж эхэлж байна” гэж Ичиковиц дүгнэжээ.

Эх сурвалж: https://www.rfi.fr/en/africa/20240904-nearly-60-percent-of-african-youth-want-to-emigrate-because-of-corruption++