Өрнөдийн дэмжлэгтэй байсан Афганистан улсын Засгийн газрын зарим хуучин албан тушаалтнууд Дубайд тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг болох нь илэрчээ.
Хэвлэл мэдээллийн 70 гаруй хэрэгслийн хамтарсан шалгалтаар “Dubai Unlocked” төслийн хүрээнд Дубайд олон сая долларын үнэтэй орон сууц, хаус, вилла эзэмшдэг 10 экс албан тушаалтан болон тэдний төрөл төрөгсдийг нэрлэлээ.
Тэдний дунд парламентын дарга асан Мир Рахман Рахмани болон түүний хүү Ажмал Рахмани нар орсон байна. Тэд Дубайд 15 сая гаруй долларын үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэж баримт бичигт дурджээ.
Бусад нэр дурдагдсан хүмүүсийн дунд 5,4 сая ам.долларын үнэтэй вилла эзэмшдэг Тагнуулын газрын дарга асан Асадулла Халид, мөн Батлан хамгаалахын сайд, дэд ерөнхийлөгч Мохаммад Касим Фахим агсны ах, хүү нарын эзэмшдэг 4,6 сая ам.долларын үнэтэй тансаг эд хөрөнгө бичигджээ.
Түүнчлэн хуучин сайд нар болох Амирзай Сангин, Аттикула Бариалай, Ратиб Попал (хуучин Ерөнхийлөгч Хамид Карзайн хамаатан) болон хуучин Элчин сайд Ахмад Вали Масуд нар ч мөн Дубайд үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй ажээ.
2001 онд АНУ тэргүүтэй Талибуудын анхны дэглэмийг түлхэн унагасны дараа Вашингтоноос Афганистан улсыг сэргээн босгоход олон тэрбум доллар хуваарилсан.
Афганы олон хуучин албан тушаалтнууд болон АНУ-ын гэрээт ажилтнууд, тэдний дунд шинэ Афганы улс төрийн элитийн зарим гишүүд нь тус санхүүжилтээс завшсан хэргээр буруутгагдсан.
Тэдний зарим нь Арабын Нэгдсэн Эмират улсад тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан болохыг “Dubai Unlocked” төсөл илрүүлээд байна. Эдгээр мэдээллүүд нь Афганы хуучин Засгийн газрын үед байсан авлигын асуудлыг ийнхүү олны анхаарлын төвд орууллаа. Афганистаны авлигатай тэмцэх шинжээч Хан Заман Амархел “Авлига бол бүгд найрамдах улсыг задрахад хүргэсэн хүчин зүйлүүдийн нэг байсан” гэж “Эрх чөлөөний радио”-д ярьжээ.
Дээрх мэдээллүүдэд нэр дурдагдсан, авлигад буруутгагдсан АНУ-ын гэрээт ажилтнууд болон Афганы албан тушаалтнууд бүгд хариуцлага хүлээх эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: https://www.rferl.org/a/afghanistan-dubai-unlocked-corruption/32951538.html