Сингапур улсын шүүхээс сайд асанд хорих ял оноосон нь хагас зууны турш анх удаа тохиолдож байгаа явдал бөгөөд “Цэвэр засаглалын үзэл баримтлалаа сулруулах ямар ч үйлдлийг хүлцэхгүй” гэсэн мессежийг түгээж буй үйл явдал боллоо.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард огцорсон Тээврийн сайд асан С.Ишвараныг хахууль авсан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан хэргээр шүүхээс 12 сар хорих ялаар шийтгэсэн нь прокуроруудын яллах саналд тусгагдсан ялын хэмжээнээс давсан шийдвэр болов. Сингапур улсад зохион байгуулах “F1 Гран При” тэмцээний тасалбар, Доха хотод байрлах “Four Seasons” зочид буудалд нэг шөнө байрлах эрх болон Катар улс руу хувийн онгоцоор зорчих нислэгийн тасалбар авсан зэрэг үйлдлүүдэд дээрх ялыг оноосон байна.
"Иргэдийн зүгээс төрийн байгууллагуудад итгэх итгэл бол үр ашигтай засаглалын үндэс суурь юм. Энэ бүхнийг ёс зүйгүй, хариуцлагагүй төрийн алба хаагчийн үйлдэл хялбархан нураадаг” гэж шүүгч Хоонг онцоллоо.
Өнгөрсөн долоо хоногт сайд асан дөрвөн удаагийн бэлэг авсан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан зэрэг үйлдлээ хүлээн зөвшөөрчээ. Түүнд холбогдох хэрэг хэдэн сараар сунжирна гэж таамаглаж байсан ч шүүх хурал гэрлийн хурдаар болж өндөрлөсөн нь олон нийтийн дунд түгээд байсан хов живийг эцэслэсэн байна. Энэ нь арлын баян улсын засаглал нэр хүндээ цэврээр нь авч үлдэж буй хэрэг боллоо. “Хэн ч хууль хяналтын дээр байх ёсгүй бөгөөд миний бие болон манай баг хамт олон ёс зүй, шударга байдлын өндөр стандартыг сахин ажилласаар байх болно” гэж Ерөнхий сайд Вонг мэдэгдэлдээ дурджээ.
Энэ он гарснаас хойш сайд асан Ишвараныг авлигын гэмт хэргийн 35 зүйл ангиар буюу Их Британид мюзикл, хөлбөмбөгийн тэмцээний тасалбар зэрэг тансаг эд зүйлсээс 403,000 сингапур долларын (313,000 доллар) илүү мөнгө авсан гэж буруутгаж байсан. Шүүхийн ялын ихэнх нь Исвараны Сингапурын “Гран При” тэмцээний эрхийг эзэмшдэг магнат Онг Бенг Сенгтэй холбоотой бөгөөд уралдааныг дэмжигч нь “Singapore GP Pte Ltd”-ийн дарга юм.
“Энэ ял нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт шүүхийн үзүүлж буй хатуу байр суурийг харуулж байна” гэж Сингапурын Удирдлагын Их Сургуулийн хуулийн дэд профессор Южин Тан хэллээ. “Шүүх нь нийтийн салбарын шударга байдлыг хамгаалахад онцгой ач холбогдол өгч байгаа нь эргэлзээгүй юм”.
Сингапурт F1 уралдааныг нэвтрүүлснээрээ алдартай Ишваран нь 1986 оноос хойш авлигын хэрэгт холбогдсон, мөрдөн байцаалтад яллагдагчаар татагдсан анхны сайд болж байна. Тухайн үед Үндэсний хөгжлийн сайд байсан Тех Чеанг Ван хахууль авсан хэргээр шалгагдаж байсан ба хахууль авснаа үгүйсгэж, албан ёсоор буруутгагдахаасаа өмнө нас барсан байна.
Эрх баригч намаас сонгогдсон сайдын хорих ялаар шийтгүүлсэн хамгийн сүүлийн тохиолдол нь 1975 онд болсон юм. Тухайн үед Байгаль орчны яамны сайд асан Вэй Тун Бүүнийг хоёр давхар байшин болон газар авсных нь төлөө 18 сарын хорих ялаар шийтгэж байжээ.
62 настай Ишвараныг 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс хорих хүсэлтийг шүүгч Хоонг хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнд шүүхээс оногдуулсан ялыг давж заалдах эрхийг нээлттэй үлдээсэн байна.
Прокурорууд 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бол түүний өмгөөлөгч найман долоо хоногоос илүүгүй хугацаагаар хорих ял оногдуулахыг хүссэн байна. Харин шүүгч Хоонг Ишвараны төрийн албанд болон Сингапур улсад оруулсан хувь нэмрийг тооцож үзсэн, ялын хувьд байж болох хамгийн их хэмжээ хэмээн мэдэгджээ. Ишваран өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж Онгоос бэлэг авсан гэж шүүгч Хоонг нэмж хэлсэн байна.
Ишваран 14 шил виски, “Бромптон” унадаг дугуй авсан зэрэг таван зүйл ангиар гэм буруугаа хүлээн зөвшөөрч 380,000 гаруй сингапур долларыг буцаан төлсөн бол хууль бусаар авсан бэлгийг нь улс хураан авчээ.
Эх сурвалж: https://time.com/7028111/singapore-minister-iswaran-bribery-sentence-year-jail/