Перу улсын шүүхээс ерөнхийлөгч асан Алехандро Толедог авлига авсан, мөнгө угаасан хэргээр 20 жил зургаан сар шоронд хорих ял оноожээ. 78 настай Толедо нь 2001–2006 онд тус албан тушаалыг хашиж байжээ.
Прокурорууд түүнийг өмнөд Перуд зам барих тендерт шалгарсан Бразилын барилгын компаниас 35 сая ам.долларын (27 сая фунт стерлинг) хахууль авсан гэж мэдэгджээ.
Түүнийг таван жилийн өмнө олон жил ажиллаж, амьдарч байсан Калифорнид байхад нь баривчилж, өнгөрсөн онд Перу улсад шилжүүлсэн байна.
Бразил улсын “Odebrecht” гэх компани засгийн газартай гэрээ байгуулахын тулд Латин Америк болон АНУ-ын албан тушаалтнуудад сая сая долларын хахууль өгснөө хүлээн зөвшөөрчээ.
Шүүгч Инес Рохас хэлэхдээ, Перучууд Толедод "төрийн санхүүг зөв зохистой удирдаж, ашиглаж, төсвийн хөрөнгийг хамгаална гэж итгэж байсан” гэв. Харин “Associated Press” агентлаг түүнийг "төрийг луйвардсан" гэж хэлснийг эш татжээ.
Толедо өөрийнх нь эсрэг мэдэгдлүүдийг үгүйсгэж, шүүгчийг үг хэлж байхад нь үл тоомсорлосон маягтай инээж байсныг мэдээний агентлаг тэмдэглэжээ.
2019 онд Перу улсын бас нэгэн ерөнхийлөгч асан Алан Гарсиа нь “Odebrecht”-тэй холбоотой хээл хахуулийн хэргээр түүнийг баривчлахаар цагдаа нар гэрт нь ирэхэд өөрийгөө буудаж, улмаар нэрээ Новонор болгон өөрчилж байжээ.
Перу улсын өөр хоёр ерөнхийлөгч асан Педро Пабло Кучински, Олланта Хумала нар мөн “Odebrecht”-ийн хэрэгт шалгагдаж байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/cx252e2q055o