Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Оюуны өмчийн газарт ажиллаж байна

A- A A+
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Оюуны өмчийн газарт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, арга зүйн удирдлагаар хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Оюуны өмчийн газарт ажиллаж байна. Оюуны өмчийн газар нь төрийн байгууллагуудын 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчдийн багаас хангалтгүй үнэлэгдсэн юм.

Ажлын хэсэг Оюуны өмчийн газрын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад чиглэсэн нэг бүрчилсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, энэ чиглэлээр заавар зөвлөгөө өгөх, Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчлах, сургалт зохион байгуулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, холбогдох хяналт шалгалтыг явуулах, “Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-д тусгасан шалгуур үзүүлэлтийг хангахад чиглэсэн зөвлөгөө өгөх, 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 

Түүнчлэн мэдүүлгийг бүртгэх, хадгалах үйл ажиллагааны хэрэгжилтийн байдалтай танилцаж, зарим мэдүүлэг гаргагчийн 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянах, мэдүүлгийн тайлан, мэдээ, бүртгэлийн маягтыг холбогдох зааврын дагуу бүрэн хөтөлж байгаа эсэхийг үнэлэх, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаатай танилцах, арга зүйн туслалцаа үзүүлэх, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулж байгаа эсэхэд болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг гаргуулан авч бүртгэж байгаад хяналт тавих, мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар заавар, зөвлөмж өгөх зэрэг ажлыг зохион байгуулж байна.