Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж Авлигын эсрэг олон улсын 6 дугаар симпозиум хуралд оролцов

A- A A+
Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж Авлигын эсрэг олон улсын 6 дугаар симпозиум хуралд оролцов

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр нар 2015 оны 5 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хонгконгод зохион байгуулагдсан Авлигын эсрэг олон улсын 6 дугаар симпозиум хуралд оролцов. 

Хонгконгийн Ерөнхий захирагч У.С.Лүнг, тус хурлыг зохион байгуулагч Хонгконгийн Авлигатай тэмцэх бие даасан хорооны дарга, комиссар Саймон Пей нар хурлыг нээж хэлэхдээ авлигын гэмт хэрэг нь улс орнуудын хөгжилд маш их хор хохирол учруулж, хил хязгааргүй болж, арга тактик нь улам нарийсч байгааг дурдаад эдгээр шинэ сорилтуудтай тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа чухал байгааг онцлон тэмдэглэв. Хуралд авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий хууль хяналтын, олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцож, шинээр тулгарсан сорилтуудтай хэрхэн тэмцэх талаар өөрсдийн туршлагаас хуваалцаж санал солилцлоо. 

Хурлаар хэлэлцсэн илтгэл бүрт авлига нь улс орнуудын хөгжлийн түвшинг ялгалгүйгээр ноцтой хор хохирол учруулж байгааг онцолж байв. Тухайлбал, Европын холбооны гишүүн Латви улсын дулааны цахилгаан станцыг шинэчлэхэд нийт 600 сая еврогийн өртөг бүхий төсөл хэрэгжүүлсэн бөгөөд үүнийг Европын холбооны Дэд бүтцийн хөгжлийн банк, Арилжааны банкуудын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн байна. Гэтэл хэргийг шалгах явцад төслийг хэрэгжүүлэгч нь хуулийн зөвлөх үйлчилгээ нэрээр Швейцарт бүртгэлтэй компанид 3 удаагийн гүйлгээгээр нийт 40 орчим сая еврог Кипр дахь оффшор данс руу шилжүүлсэн нь илэрчээ. Энэ хэргийг үйлдэгч нь Европын холбооны “хуулийн цоорхой”-г овжноор ашиглан 10-24 мянган еврогийн торгууль төлөөд хуулийн хариуцлагаас зугтсан байна. Сонирхолтой нь энэ төслийг хэрэгжүүлэхэд тухайн улсын Засгийн газрын гишүүд оролцсон төдийгүй хуулийн зөвлөх үйлчилгээ нэрээр мөнгө гаргаж авах нь нийтлэг хүлээн зөвшөөрсөн хандлагатай болж байгааг энэ хэрэг явдал харуулжээ. “Хуулийн цоорхой” ашиглаж байгаа явдал нь цаашид ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхийг улам өөгшүүлж байна гэсэн дүгнэлтийг хийж байна. Авлигатай тэмцэхэд эрх зүйт ёс маш чухал үүрэгтэйг илтгэгч бүр онцолж байлаа. Тэр дундаа хуулийн хүртээмж, ил тод байдлыг сайжруулах, эрх тэгш үйлчлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчмыг улам бэхжүүлэх шаардлагатай гэж байв. 

Хонгконгийн авлигатай тэмцэх байгууллагын удирдлагуудтай уулзав

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж Хонгконгийн Авлигатай тэмцэх бие даасан хорооны дарга, комиссар Саймон Пей, тус газрын Гүйцэтгэх ажил хариуцсан дэд дарга нартай уулзаж, цаашид хоёр байгууллагын хамтын ажиллагааг улам хөгжүүлж, харилцааг өргөжүүлэх талаар санал солилцож ярилцав. 

Хурлын үеэр Ц.Нямдорж Хонгконгийн Авлигатай тэмцэх бие даасан хорооны дарга асан Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын хүндэт зөвлөх Тони Квоктой уулзаж ярилцав. Тэрээр Монгол Улсын Авлигатай тэмцэх газар байгуулагдсан эхний өдрөөс хойш хамтран ажиллаж, Монгол Улсад Ерөнхий сайдын ивээл дор Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн дарга, аймгийн Засаг дарга нар болон төрийн өмчит компанийн удирдлагад зориулан авлигын эсрэг хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлж байснаа хэлээд цаашид манай байгууллагатай хамтран ажиллаж, өөрийн мэдлэг, туршлагаас хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ. 

Хонгконгийн Авлигын эсрэг бие даасан хороо нь авлигын гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой хууль сахиулах байгууллага бөгөөд 1974 онд байгуулагдсан цагаас хойш нийтийн болон хувийн салбарт хууль сахиулах, сургалт явуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр авлигатай тэмцэж байна. Тус байгууллага авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг нэгтгэж мэдээлэл, санал солилцохоор олон улсын хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн хурлыг “Авлигаас ангид ирээдүй-Нэг үзэл, олон стратеги” сэдвээр 400 гаруй хүнийг хамруулан зохион байгуулсан бөгөөд Хонгконгийн авлигатай тэмцэх байгууллагаас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хамгийн үр дүнтэй 3 хүрээний туршлагаас хуваалцах, санал солилцох, судлах боломжийг бусад улс орнуудын оролцогчдод олгосноороо ач холбогдолтой байв.