Ховд аймагт ажиллаж байна

A- A A+
Ховд аймагт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Дарви, Зэрэг, Манхан суманд, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн ИТХ, түүний ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болон бусад төрийн байгууллага, орон нутгийн өмчит хуулийн этгээдэд ажиллалаа.

Сумдад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй буюу албан тушаалтнуудыг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй томилсон, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд нь гаргадаггүй, холбогдох албан тушаалтнууд тодорхой шийдвэр гаргах, үйл ажиллагаанд оролцохдоо ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар журмын дагуу мэдэгдэж, тайлбарлаагүй зөрчлүүд түгээмэл байна. Тухайлбал, сумын Засаг дарга орон нутгийн төсвөөс өөрийн хамаарал бүхий этгээдэд хөрөнгө захиран зарцуулах, урамшуулал олгох шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар дээд шатны албан тушаалтандаа бичгээр тайлбар гаргаагүй байна.

Түүнчлэн сумдын төрийн албан хаагчид олон тоогоор урт, богино хугацаанд цалингүй чөлөө авч БНСУ-д зорчдог бөгөөд энэ хугацаанд тэдний ажил үүргийг бусдаар хавсран гүйцэтгүүлж байна. Жишээлбэл, сумын газрын даамал 3 сарын хугацаатай цалингүй чөлөө авч явсан үеэр нийгмийн бодлогын ажилтанд чиг үүргийг нь хавсран гүйцэтгүүлэх тушаал гаргасан боловч дээрх хугацаанд газар эзэмших, ашиглах, эрх шилжүүлэх, олгохтой холбоотой иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг огт шийдвэрлээгүй байна. Дээрх асуудал нь нэг удаагийн тохиолдол бус бөгөөд энэ мэтээр төрийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулж байгааг сумдын удирдлагад цаашид анхаарч ажиллахыг ажлын хэсэг зөвлөж ажиллав.

 Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллана.