Говь-Алтай аймагт Олон нийтийн дэд зөвлөл байгуулагдлаа

A- A A+
Говь-Алтай аймагт Олон нийтийн дэд зөвлөл байгуулагдлаа

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад ажиллаж, удирдах албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, төрийн үйлчилгээний нөхцөл байдал, төлбөр хураамж тогтоосон баримт бичиг, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаатай танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан үзлээ.

Говь-Алтай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, ИТХ-ын дарга Т.Ганзориг, Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга А.Дөлгөөн, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, аймгийн Цагдаагийн газрын дарга Г.Түмэннасан нар аймгийн Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр сонгогдсон иргэн Ш.Долгормаа, Н.Гүнд, Б.Тэгшбүрэн нартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Дээрх 3 иргэн нь аймаг орон нутгийнхаа төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйг хянах бөгөөд хүнд суртал, чирэгдлийг арилгах, төсөв санхүүгийн болон нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэрийг ил тод, нээлттэй болгох, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт олон нийтийн хяналтыг бүрдүүлэх зэргээр хамтран ажиллах юм.

Ажлын хэсэг өнөөдрөөс Завхан аймагт ажиллаж байна.