“ОХУ авлигатай тэмцэх хууль тогтоомжоо тогтмол шинэчилж байна”

A- A A+
“ОХУ авлигатай тэмцэх хууль тогтоомжоо тогтмол шинэчилж байна”

ОХУ авлигатай тэмцэх салбарын хууль тогтоомжоо тогтмол шинэчлэн өөрчилж байна гэж тус улсын Холбооны зөвлөлийн Үндсэн хуульт ёс, төрийн байгуулалтын байнгын  хорооны гишүүн Андрей Клишас хэлсэн байна.

Куба улсын Гавана хотод зохион байгуулагдсан Эрүүгийн эрх зүйн олон улсын хурлын арга хэмжээнд Оросын парламентын төлөөлөгчдийг тэргүүлж, оролцох үеэр тэрээр “Манай улсын авлигатай тэмцэх салбарын хууль тогтоомжид сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гарсан. Бид шинэчлэн, сайжруулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байна” гэж хэлжээ.

Уг арга хэмжээнд 26 улс орны 100 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Ерөнхий прокурорын орлогч Николай Винниченко багтжээ.

Клишасын тайлбарласнаар Оросын хууль тогтоох байгууллага ашиг сонирхлын зөрчил, гэр бүлийн холбоо, материаллаг болон материаллаг бус ашиг зэрэг нэр томьёог оновчтойгоор тодорхойлохыг зорьж байгаа гэнэ. Түүнчлэн тэрээр энэ чиглэлээр Европын холбооны 1999 онд байгуулсан Авлигын эсрэг улс орнуудын бүлэгтэй хамтран ажиллахын үр өгөөжийг онцолжээ.

Гадаадын ижил төстэй байгууллагатай бид цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллана. Учир нь авлига өмнө нь нэг улсын асуудал байсан бол одоо үндэстэн дамнасан асуудал болсон. Тухайлбал, хууль бусаар олсон хөрөнгөө гадаад улсад, тэр дундаа оффшор бүсэд хадгалах явдал түгээмэл боллоо гэж тэрээр хэлсэн байна.

Эх сурвалж

Австрийн Сөрөх тагнуулын газрын даргыг авлигын хэргээр баривчилжээ

Австри Улсын Дотоод хэргийн яамны харьяа Үндсэн хуульт ёсыг хамгаалах, терроризмтэй тэмцэх газрын дарга Петер Гридлингийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр ажлаас нь түр хугацаагаар чөлөөлсөн гэж тус улсын Дотоод хэргийн сайд Херберт Кикль мэдээлсэн байна.

Түүний хэлснээр хэд хэдэн албан тушаалтныг авлигын хэргээр шалгаж байгаа бөгөөд гэм буруутай нь нотлогдох хүртэл тэднийг гэм буруугүй гэж үзэх зарчим үйлчилнэ. Хэрэв гэм буруугүй нь нотлогдвол тэр үргэлжлүүлэн ажлаа хийж болно гэжээ.

Дотоод хэргийн яамны зүгээс ямар нэгэн байдлаар хэрэг шалгах ажиллагаанд дарамт шахалт үзүүлээгүй. Харин миний хувьд шударга үнэнээр нөхцөл байдлыг тогтоолгохыг хүсч байна гэж Кикль хэлсэн байна. Уг асуудал үүссэнтэй холбогдуулан тусгай чиг үүрэгтэй байгууллагын бүтцийг өөрчлөх асуудал яригдаж байгаа юм байна. Ингэхдээ байгууллагын гадаад хамтын ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй юм гэнэ.

Хэргийн талаар тодруулбал, сөрөх тагнуулын ажилтнууд хахууль авч, Өмнөд Солонгосын байгууллагад нууцаар Хойд Солонгосын иргэдийн гадаад паспорт шилжүүлж өгсөн, төсвийн хөрөнгийг завшсан гэх авлигын хэргийг Прокурорын газрын Эдийн засаг, авлигын гэмт хэргийг шалгах хэлтэс энэ оны 3 дугаар сарын эхээр шалгаж эхэлсэн ажээ.

Эх сурвалж