ПАКИСТАНААС АНУ-Д ТОМИЛОГДСОН ЭЛЧИН САЙД ХӨРӨНГӨ ШАМШИГДУУЛСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА

A- A A+
ПАКИСТАНААС АНУ-Д ТОМИЛОГДСОН ЭЛЧИН САЙД ХӨРӨНГӨ ШАМШИГДУУЛСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА

Пакистан Улсын хууль сахиулах байгууллагууд тус улсаас АНУ-д суухаар саяхан томилогдсон Элчин сайд Али Жахангир Сиддикийг төрийн мөнгөнөөс олон сая ам доллар шамшигдуулсан хэрэгт холбогдуулан гадаадад зорчихыг нь хоригложээ.

Үндэсний Хариуцлагын товчооны ажилтнууд өнгөрсөн долоо хоногт түүнийг байцааж, өөрийн эд хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлахыг шаардсан байна.  Сиддик нь энэ сарын эхээр Элчин сайдаар томилогдсон бөгөөд 4 дүгээр сард албан ёсоор ажлаа эхлэх төлөвлөгөөтэй байсан юм.

Тэрээр өмнө нь хөрөнгө оруулалтын компанийг удирдаж байхдаа сая сая хувьцааг зах зээлийн үнээс хэтэрхий өндөр үнээр санхүүгийн болон засгийн газрын байгууллагуудад зарсан байж болзошгүй хэмээн мөрдөгч нар сэжиглэж байна.   Сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд ба Засгийн газар алдартай бизнес эрхлэгчийн хүү Сиддикийг АНУ-д суух Элчид сайдаар томилсныг ихэд шүүмжилж байсан юм.

Пакистан Улс нь дэлхийн хамгийн их авлигад өртсөн улсуудын нэг бөгөөд 2017 оны Трансперэнси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индекст 180 орноос 116-д жагссан. 

Эх сурвалж

 ТАЙЛАНД УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ АВЛИГЫН ТОЙРОГ

Тайланд Улсын Үндэсний төсөв парламентаар батлагдан, яам, агентлагууд руу хуваарилагдсаны дараа олон нийтэд үйлчлэх ёстой бүс нутгийн болон мужийн төрийн байгууллагуудад хүрдэг. Гэвч тус түвшний төрийн албан хаагчид иргэдийн гарт тусламж хэлбэрээр шууд очих ёстой мөнгөнөөс хувьдаа авдаг хэмээн Үндэсний Авлигын эсрэг хорооны гишүүн асан мэдэгджээ.

Тэд иргэдийн гарт очих ёстой байсан мөнгөнөөс өөртөө аваад зогсохгүй Бангкокт байгаа төв байгууллагынхаа удирдлагад мөн шилжүүлдэг байна. Иргэнд 3000 бат (100 орчим ам доллар) очих ёстой байтал 1000 эсвэл 2000 бат өгөөд үлдсэнийг нь хувьдаа завшдаг хууль бус үйлдэл нэгэнт олон түмэнд ил болжээ. 

Мөн дээрх хууль бус шамшигдуулсан мөнгөнийхөө зарим хэсгийг төвөөс удирдах түвшнийх нь албан тушаалтан ирэхэд “анхаарал тавих” гэх нэрийдлээр зарцуулдаг байна. Энэхүү хөрөнгө шамшигдуулах ажил нь үндэстэн даяар хууль бус тойрог болсон бөгөөд дээд удирдлагаа “сайтар анхаарсан” албан тушаалтан хурдан тушаал дэвшдэг нь нэгэнт тодорхой болжээ.

Эх сурвалж