Монгол Улс Швейцарь Улсад шалгагдаж буй авлигын хэрэгтэй холбогдуулан сайд асан хүнийг баривчилжээ

A- A A+
Монгол Улс Швейцарь Улсад шалгагдаж буй авлигын хэрэгтэй холбогдуулан сайд асан хүнийг баривчилжээ

Монгол Улсын Сангийн сайд асан Сангажавын Баярцогтыг 2009 онд Оюу толгойн зэс баяжуулах томоохон уурхайн хөрөнгө оруулалтын талаар хийсэн хэлэлцүүлэгт албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилсан гэж тус улсын Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн даваа гарагт мэдээлсэн юм. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар С.Баярцогтыг баривчилсан гэж хэвлэлийнхэнд өнгөрсөн ням гарагт мэдээллээ.

Швейцарь Улсын Ерөнхий прокурорын газраас явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд С.Баярцогтыг 2008 онд 10 сая ам.доллар шилжүүлэхэд ашигласан банкны дансыг битүүмжилсэн гэж шүүхийн тогтоолд бичсэн байна. Ройтерс агентлаг өнгөрсөн даваа гарагт С.Баярцогт болон түүний ажлын албатай холбоо барих гэсэн боловч холбогдож чадаагүй байна. Өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн бага хурал дээр тэр өөрийгөө буруу зүйл хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагаагаар гэм буруугүй болох нь тогтоогдох болно гэж мэдэгдэж байсан. С.Баярцогт 2009 онд Канадын Айванхое Майнс компанитай Монгол Улсын нэрийн өмнөөс томоохон уурхайг хөгжүүлэх гэрээ байгуулж, хувьцааны 66 хувийг нь энэ компанид олгожээ. Айванхое Майнс компани нэрээ Туркойз Хиллс Ресурс болгон өөрчилсөн бөгөөд түүнийг Англи-Австралийн уул уурхайн Рио Тинто эзэмшиж байгаа юм.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын мэдээлснээр, зөвхөн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгаагүй бөгөөд Дубай хотод 2015 онд Монгол Улсын Засгийн газар, Туркойз Хилл, Рио Тинтогийн хооронд байгуулсан далд уурхайн олборлолтын санхүүжилтийг мөн шалгаж байгаа юм байна. Оюу Толгойн Монголын хувьцааг эзэмшдэг төрийн өмчит компанийн захирал асан, Дубайн гэрээнд гарын үсэг зурсан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нарыг мөн уг хэрэгтэй холбогдуулан баривчилсан гэж тус байгууллага мэдээлжээ. Даваа гарагт Бямбасайханы утас руу залгасан боловч дуудлагыг аваагүй байна. Ройтерс агентлаг Ариунсантай ч бас шууд холбогдож чадаагүй юм байна. Оюу Толгойн уул уурхайн төсөлтэй холбоотойгоор Баярцогт руу шилжүүлсэн байж болох сэжигтэй гүйлгээг шалгаж байгаа боловч уг асуудалд Рио Тинтог ямар нэгэн байдлаар буруутгаагүй гэж Швейцарийн Прокурорын газраас өнгөрсөн пүрэв гарагт мэдээлж байжээ.

Эх сурвалж

Монголын төлөөлөгчид АНУ-д айлчилжээ

Олон улсын манлайлагчдын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 3-р сарын 5-13-ны өдрүүдэд АНУ-д айлчилж, Вашингтон, Детройт, Портланд хотуудаар зочилсон талаар Монцамэ агентлаг мэдээлсэн байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нарын хүмүүс багтжээ.

Тэд АНУ-ын Төрийн департамент, Хууль зүйн департамент, Ёс зүйн хороо, хотын захиргаа, Дэлхийн банк болон Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох “СтАР” санаачилга зэрэг байгууллагуудаар зочилж, авлигатай тэмцэхтэй холбоотой үйл ажиллагаа, туршлагатай танилцсан байна. Туршлага солилцох айлчлалын үеэр бас төр, орон нутгийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, төрийн байгуулалтын онцлог, хэвлэлийн эрх чөлөө, ил тод байдал, хувийн хэвшил дэх авлигын индексийг бууруулах арга зам, төрийн албан хаагчдын ёс зүй зэрэг асуудлаар санал солилцжээ.АНУ-ын тал авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах Монголын саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, тодорхой сэдвээр сургалт зохион байгуулж, мэдээлэл солилцож, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг дэмжин гэдгээ хэлсэн байна. Энэ айлчлал нь хоёр улсын авлигатай тэмцэх байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны эхлэлийг тавьжээ.

Эх сурвалж