Африк тивийн сайд нар авлига, хууль бус гүйлгээтэй тэмцэнэ гэдгээ мэдэгджээ

A- A A+
Африк тивийн сайд нар авлига, хууль бус гүйлгээтэй тэмцэнэ гэдгээ мэдэгджээ

Этиоп улсын нийслэл Аддис Абаба хотод зохион байгуулагдаж буй Африкийн холбооны Сайд нарын хуралд оролцогчид авлига, хууль бус гүйлгээтэй тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Африкийн холбооны Санхүү, валют, эдийн засгийн бодлого төлөвлөлтийн тусгай хорооны ээлжит хурал Этиоп улсын нийслэл Аддис Абаба хотод тус холбооны төв дээр 6 өдрийн турш болох юм байна.

Хуралд оролцогчид авлига, хууль бус гүйлгээний эсрэг эрчимтэй үйл ажиллагаа явуулж, Африк тивээс уг асуудлыг нэг мөр байхгүй болгоно гэжээ. Африкийн тивийн хөгжилд авлигын асуудал том саад бэрхшээл болж байгаа учраас гагцхүү авлигатай тэмцэх замаар сайн засаглалыг бэхжүүлж чадна гэж Африкийн холбооны Нийгмийн асуудал хариуцсан комиссар Амира Эл Фадил хурал дээр тавьсан илтгэлдээ хэлсэн байна.

Хурлын үеэр оролцогчид авлига, хууль бус гүйлгээтэй тэмцэх чиглэлээр хийсэн ажлуудынхаа талаар танилцуулж, тэдгээрийн улмаас тус тивд жил бүр 50 тэрбум ам.долларын хохирол учирдаг гэдгийг анхааруулжээ. Цаашид улс орны хөгжил дэвшилд зарцуулагдах ёстой байсан тэрхүү санхүүжилтийг эргүүлэн олох нь чухал гэсэн байна. Африкийн холбоо хийсэн ажлуудынхаа хэрэгжилтэд үнэлгээ хийлгүүлэх замаар хууль бус гүйлгээний эрсдэлүүдийг тодорхойлсны үндсэн дээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа юм байна.

Эх сурвалж

Вьетнам Улс авлигын эсрэг шалгалт явуулж, өндөр албан эрхэлж байсан хүмүүсийг шалгаж эхэлжээ

Өнгөрсөн мягмар гарагт Вьетнам Улсын Цагдаагийн байгууллага авлигын эсрэг шалгалтын ажил явуулж, хууль сахиулах байгууллагын ахлах албан тушаалтан, бас Дананг хотын дарга асан хүнийг баривчилж, гэрийн хорионд оруулсан байна.

Тухайлбал, улсын нууцыг задруулсан хэрэгт Нийгмийн аюулгүй байдлын яамны Тагнуулын газрын орлогч дарга асан Пан Ху Туаныг хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн зохицуулалтыг зөрчсөн хэрэгт Дананг хотын дарга асан Тран Ван Минийг шалган баричилсан талаар мэдээ тус яамны цахим хуудаст тавигджээ.

Вьетнам улсын хувьд сүүлийн жилүүдэд авлигатай тэмцэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, төрийн удирдах албан тушаалтан, төрийн өмчит компанийн захирлуудыг шалган, баривчилсан байна.

Эх сурвалж