ИНДОНЕЗ УЛС ХЭЭЛ ХАХУУЛЬТАЙ ТЭМЦЭХИЙН ТУЛД БЭЛЭН МӨНГӨНИЙ ГҮЙЛГЭЭГ ХЯЗГААРЛАНА

A- A A+
ИНДОНЕЗ УЛС ХЭЭЛ ХАХУУЛЬТАЙ ТЭМЦЭХИЙН ТУЛД БЭЛЭН МӨНГӨНИЙ ГҮЙЛГЭЭГ ХЯЗГААРЛАНА

Индонезийн засгийн газар авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор бэлэн мөнгөний гүйлгээнд хязгаарлалт тогтоох тухай хуулийн төсөл боловсруулан парламентад өргөн барьсан байна.

Бэлэн мөнгөний хэмжээ нь 100 сая рупиа буюу 7260 ам доллараас дээш байх тохиолдолд энэ хуулийн үйлчлэлд багтахаар зохицуулж байгаа бөгөөд энэ оны сүүлээр хууль батлагдах төлөвтэй. Энэ хууль хэрхэн хэрэгжих талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор ил болоогүй байна.  Тус улсын нийт гүйлгээний 85 хувь нь бэлэн мөнгөөр хийгддэг тул хууль сахиулах байгууллагууд мөнгө угаах, авлига, терроризмыг санхүүжүүлэх зэрэг гэмт хэргүүдтэй тэмцэхэд олон бэрхшээлтэй тулгардаг аж.

Индонезийн Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг хичээнгүй хүчин чармайлт гарган ажилладаг ч авлигын түвшин өндөр хэвээр байгаа юм.  Өнгөрсөн оны "Транспэрэнси Интернэшнл" байгууллагын Авлигын төсөөллийн судалгаанд тус улс 180 орноос 96 дугаар байранд жагсчээ. Индонезийн төв банкнаас дээрх хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд хууль сахиулах үйл ажиллагааг идэвхжүүлнэ гэж итгэж байна.

Эх сурвалж