Малайз Улсын Ерөнхий сайд асан хүний 273 сая ам.долларын үнэт зүйлсийг хураан авчээ

A- A A+
Малайз Улсын Ерөнхий сайд асан хүний 273 сая ам.долларын үнэт зүйлсийг хураан авчээ

Малайз Улсын Ерөнхий сайд асан Наджиб Разакийн 910 саяас 1,1 тэрбум рингит буюу 226-277 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө, үнэт эдлэлийг нь хураан авсан талаар Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

Тэдний мэдээлснээр, Наджибаас 25 цүнх алт, 12000 үнэт чулуу, Хэрмэс /Hermes/ брэндийн цүнх 567, бугуйн цаг 423, нарны шил 234, гадаадын 26 орны валютын бэлэн мөнгө олджээ. Хууль сахиулах байгууллагаас удахгүй Наджиб болон түүний эхнэрээс байцаалт авна гэсэн байна.

Энэ оны 5 дугаар сард зохион байгуулагдсан сонгуулийн дүнгээр Махатхир Мохамадад ерөнхий сайдын албан тушаалыг хаших боломж олдсон юм. 92 настай энэ улс төрч, Наджибыг олон жил авлигын хэрэгт холбон, шүүмжилсээр байсан юм. Сонгуулийн ялалтаар тэр Наджиб болон түүний засгийн газрынх нь гишүүдийг шалгах боломжтой болсон байна. Одоогийн байдлаар Наджибыг төрийн сангийн хөрөнгийг завшсан хэрэгт шалгаж байгаа бөгөөд хилээр гарахыг нь хориглосон байна. 

Эх сурвалж

Украйн Улсын Авлигатай тэмцэх байгууллагатай холбоотой асуудлаар Ерөнхийлөгч Порошенког Транспарэнси Интернашэнл шүүхэд өглөө

Украйн улс дахь “Транспарэнси Интернашэнл” байгууллагын салбар, Авлигатай тэмцэх төв, “Автомайдан” нийгэмлэг тус улсын Ерөнхийлөгч Порошенког шүүхэд өгсөн байна. Тухайлбал, Авлигын эсрэг үндэсний товчооны аудитын хороонд гишүүнээр Павло Жебривскийг томилох тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох шаардлагыг Дээд шүүхэд өгчээ.

Тэдний үзэж байгаагаар, Павло Жебривскийг томилсон явдал нь Авлигын эсрэг үндэсний товчооны тухай хуульд нийцэхгүй байгаагийн дээр тэр уг албан тушаалын шаардлагыг хангахгүй гэж үзжээ.

Уг шаардлагад бичсэнээр, албан тушаал хаших иргэн нь Украйн улсад болон гадаадад хууль сахиулах байгууллага, прокурор, шүүхэд ажилласан туршлагатай хүн байх ёстой аж.

Авлигын эсрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн хэлснээр, Жебривскийг Авлигын эсрэг үндэсний товчооны хорооны гишүүнээр томилсноор тус товчооны хараат бус байдал, ажлын үр өгөөж суларна гэсэн байна.

Энэ оны 6 дугаар сарын 13-нд Ерөнхийлөгч Порошенко түүнийг Донецкийн цэрэг-иргэний засалалын тэргүүний албан тушаалаас чөлөөлж, Авлигын эсрэг үндэсний товчооны хорооны дэргэдэх гурван аудиторын нэгээр томилжээ.

Эх сурвалж