ЯПОНЫ КОМПАНИ ТАЙЛАНД УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АВЛИГА ӨГЧЭЭ

A- A A+
ЯПОНЫ КОМПАНИ ТАЙЛАНД УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АВЛИГА ӨГЧЭЭ

Энэ оны хоёрдугаар сард Тайланд Улсын Засгийн газар Японы “Мицубуши Хитачи Эрчим хүчний систем” компанид Бангкокийн ойролцоо баригдах 5300 мегаваттын хүчин чадалтай станцад тоног төхөөрөмж нийлүүлэх 30 тэрбум батын  (897,129,300.00 ам доллар) гэрээг олгосон юм.

Гэвч Японы прокурорууд тус компанийг Тайланд улсын төрийн албан хаагчид авлига өгсөн хэрэгт буруутгаж буй бөгөөд тус компанитай хэрэг наймаалцах буюу хамтран ажиллах[1] хэлэлцээрт хүрсэн байна. Энэ төрлийн хэлэлцээрийн зохицуулалтыг Япон Улс дөнгөж 6 дугаар сард анхлан нэвтрүүлсэн бөгөөд тус хэрэг анхных нь тохиолдол болж байна. 

Тус хэлэлцээрийн дагуу прокурорууд компанийг яллахгүй байсны төлөө авлига өгсөн ажилтны мэдээллийг компаниас гаргуулж авах аж. Одоогоор хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл ил болоогүй ч тус компанийн ажилтан Тайландын төрийн албан хаагчид олон арван сая иений хахууль өгсөн байж болзошгүй байна. Компанийн зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж буй бөгөөд “Хууль сахиулах байгууллагуудтай хууль зөрчсөн асуудлыг илрүүлэхэд хамтран ажиллана” хэмээн мэдэгджээ.

Хэрэв Япон Улсын Авлигын эсрэг хуулийг зөрчсөн нь тогтоогдвол компани 300 сая хүртэлх иений  (2.7 сая ам доллар) торгууль, хувь хүн 5 хүртэлх жилийн хоригдох ял ба/эсвэл 5 сая иений торгууль төлөх ял хүлээнэ. Япон Улс дөнгөж энэ 6 дугаар сард зохион байгуулалттай гэмт хэрэг болон авлигын хэрэгт наймаалцах буюу хамтран ажиллах системийг нэвтрүүлсэн. 1998 оноос хойш тус улсын компани ба хувь хүмүүс гадаадын төрийн албан хаагчид авлига өгсөн 4 хэрэг шийдвэрлэгдсэн байна.

Эх сурвалж

ЗИМБАБВЕ УЛСЫН САЙД АСАН АВЛИГЫН ХЭРГЭЭР ЯЛ СОНСЛОО

Зимбабве Улсын Ерөнхийлөгч асан Роберт  Мугабегийн Засгийн газрын Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Самуел Унденгег авлигын хэрэгт буруутган 4 жилийн хорих ял оноожээ. Ерөнхийлөгч асан Мугабег 2017 онд төрийн эргэлт хийн албан тушаалаас нь буулгаснаас хойш хамгийн анхны ял авсан тохиолдол энэ болж байгаа ажээ. Түүний Засгийн газарт байсан бусад олон сайд нар мөн авлигын хэргээр шалгагдаж байна.

Эх сурвалж

[1] Plea bargain – Монгол Улсын хуульд одоогоор энэ хэллэгийг тодорхойлоогүй байна.