ҮНДЭСНИЙ ХЯНАЛТЫН ХОРОО БУСАД ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫГ ШУУД УДИРДАХ ЭРХТЭЙГЭЭ ХАРУУЛСАН НЬ АЙДАС ДАГУУЛЖ БАЙНА

A- A A+
ҮНДЭСНИЙ ХЯНАЛТЫН ХОРОО БУСАД ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫГ ШУУД УДИРДАХ ЭРХТЭЙГЭЭ ХАРУУЛСАН НЬ АЙДАС ДАГУУЛЖ БАЙНА

Бээжин 3 дугаар сард Үндэсний Хяналтын хороог байгуулахдаа хэнийг ч 6 сар хүртэлх хугацаанд мөрдөн шалгах зорилгоор хорихдоо хуульчтай нь уулзуулахгүй байх эрх мэдэлтэй болгосон нь ихээхэн шүүмжлэл дагуулж байсан билээ. Тэгвэл саяхан болсон нэгэн хэрэг судлаачид болон хүний эрхийн хуульчдыг айлгаж байна.

Хятадын Хунан мужийн Цагдаагийн газар улс төрийн асуудлаар санаа бодлоо илэрхийлэгч, өмнө нь сэтгүүлчээр ажиллаж байсан Чен Жиерен болон түүний гэр бүлийн гишүүдийг түр хорих газар саатуулж байгаа бөгөөд орон нутгийн Хяналтын хорооны салбараас тэднийг хээл хахуулийн хэрэгт сэжиглэн шалгаж эхэлсэн учир хуульчтай нь уулзуулахгүй гэжээ. 

Чен, түүний эхнэр болон хоёр ахыг Хунан хотын цагдаагийн газраас хууль бус бизнес эрхэлсэн гэх хэрэгт холбогдуулан саатуулсан байжээ. Тэдний хуульч цагдаагийн газарт очиж, Чен нартай уулзах хүсэлт тавихад цагдаа нар Хяналтын хороо руу утасдаж, уулзуулж болох эсэх талаар асуусан байна. Хариуд нь хороо 7 сарын 4-ний өдрөөс хээл хахуулийн хэрэгт  холбогдуулан шалгаж байгаа тул уулзуулж болохгүй гэжээ. Үндэсний хяналтын хорооны хууль хэрэгжиж эхлээд удаагүй байгаа тул дээрх ажиллагаа хуулийн дагуу эсэхийг ойлгоход бэрхшээлтэй байна гэж хуульч мэдэгджээ.

Вухан Их сургуулийн хуулийн профессор “Үндэсний хяналтын хороо мөрдөн шалгаж эхэлсэн л бол хуульчтай нь уулзуулахгүй байх зохицуулалт үйлчилж байна” гэж хэлжээ. Үндэсний хяналтын хуулинд энэ талаар тусгайлан заагаагүй ч  Бээжин тус хороог Хятадын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг заавал дагах үүрэггүй гэж мэдэгдсэн юм.

Тус хороо нь намын авлигын эсрэг арга хэмжээг намын гишүүн бус иргэдийн эсрэг ч авах эрхтэй. Жишээ нь Чений хоёр ахын нэгэн нь үйлдвэрийн ажилчин нөгөө нь фермер атал хорооны эрх мэдлийг дагах шаардлагатай болж байгаа аж.

Зарим шүүмжлэгчид тус хороог Намын Сахилга бат хянан шалгах төв хорооны эрх мэдлийг шууд ашиглаж байна гэж үзэж байгаа юм. Энэхүү хоёр байгууллага нь орон нутгийн олон газарт нэг байранд байрлаж, ижилхэн ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Хонгконгийн Их сургууийн хуулийн професор Фу “Чен болон түүний гэр бүлд тохиолдсон асуудал нь хууль бус бөгөөд Үндэсний Хяналтын хорооны “хэтрүүлсэн эрх мэдэл”-ийн төгс жишээ. Хороонд цагдаагийн газрыг удирдах эрх мэдэл байхгүй. Өөр өөр хуулийн дагуу ажилладаг, огт хамааралгүй хоёр тусдаа байгууллага”   гэжээ.

Саяхан нэмэлт өөрчлөлт оруулсан Хятадын Үндсэн хууль тус Хяналтын хороонд дээд шүүх болон прокурорын байгууллагаас өндөр статус олгосон юм.  

Эх сурвалж