БНХАУ-ЫН 37000 АЛБАН ХААГЧ АРВИЧ ХЯМГАЧ БУС БАЙСНЫХАА ТӨЛӨӨ ШИЙТГҮҮЛЖЭЭ

A- A A+
БНХАУ-ЫН 37000 АЛБАН ХААГЧ АРВИЧ ХЯМГАЧ БУС БАЙСНЫХАА ТӨЛӨӨ ШИЙТГҮҮЛЖЭЭ

БНХАУ-ын Коммунист нам энэ он гарснаас хойш 37000 орчим албан хаагчийг “арвич хямгач байх дүрэм”-ийг зөрчсөн хэргээр шийтгээд байна.  Сахилга бат хянан шалгах хорооны мэдээлснээр хамгийн түгээмэл зөрчлүүд нь зөвшөөрөлгүй мөнгөн урамшуулал өгөх, бэлэг солилцох, албаны унааг зориулалтаас гадуур ашиглах зэрэг аж. Мөн төсвийн мөнгөөр үнэтэй хоол идэх, төрийн байгууллагатай холбоотой шаардлагагүй барилгуудад зөвшөөрөл өгөх, хэтэрхий элбэг дэлбэг оршуулга, хурим хийх зэрэг зөрчлүүд гардаг байна. 

2012 онд Коммунист нам Арвич хямгач байх дүрэм баталсан юм. Энэхүү дүрэм батлагдахаас өмнө албан хаагч нар бага цалинтай хэдий ч өөрийн тансаг амьдралын зургийг олон нийтийн сүлжээнд тогтмол нийтэлдэг байжээ. Харин дүрэм батлагдсанаас хойш Сахилга бат хянан шалгах хороо зөрчсөн бүх шатны төрийн байгууллага болон төрийн өмчит компанийн албан хаагчдын дэлгэрэнгүй мэдээллийг тогтмол нээлттэй нийтэлдэг болжээ.

Өнгөрсөн жилийн намын их хурлын зохион байгуулагч нар нүсэр том цэцгийн баглаанууд, далайн өргөст хэмх, жимс зэрэг хүлээн авалтын тансаг зүйлсийг бэлтгэхгүй гэж хэлжээ. Хятадын төрийн хэвлэлийн мэдээлснээр 200 гаруй гольфийн талбай болон төрийн  мэдлийн ашиглагддаггүй барилгуудыг хаасан байна.  

2012 оноос хойш нийт 1.5 сая хүн дээрх дүрмийг зөрчиж, шийтгэл хүлээжээ.

 Эх сурвалж