ИНДОНЕЗИЙН АВЛИГЫН ЭСРЭГ ХОРОО АЖЛАА УЛАМ ЭРЧИМЖҮҮЛСЭЭР БАЙНА

A- A A+
ИНДОНЕЗИЙН АВЛИГЫН ЭСРЭГ ХОРОО АЖЛАА УЛАМ ЭРЧИМЖҮҮЛСЭЭР БАЙНА

Индонез Улсын Авлигын эсрэг хороо  (KPK) Ява хотын орон нутгийн зөвлөлийн 41 гишүүнийг том авлигын хэргийн сэжигтнээр нэрлэж, зөвхөн 4 гишүүнийг ажилд нь үлдээгээд байна. Тус хороо нь одоогоор улс төрийн асар их дарамтын доор ажиллаж байгаа бөгөөд шинээр батлагдах Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийн улмаас эрх мэдлээ хасуулах эрсдэлтэй энэ үедээ дээрх том хэргийг илрүүлэн шалгаж эхэлжээ.

Одоогоор Ява хотын зөвлөлийн 21 гишүүнийг 2015 оны орон нутгийн төсвийг баталсныхаа хариуд  хотын захирагч асан Мохамед Антоноос 850-3350 ам.долларын хахууль авсан хэрэгт баривчлан шалгаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус сэжигтнүүд шоронгийн улбар шар өмсгөлтэй жагсаж байгааг харуулсан КРК-ийн авлигын эсрэг үргэлжид хатуу ширүүн тэмцсээр ирсэн хүчин чармайлтын нэг илэрхийлэл юм. KPK-ээр шалгагдаж буй нийт хэргийн тал нь хээл хахуулийн хэрэг байдаг нь тус улс 1998 оноос хойш засаг захиргааны төвлөрсөн бус системтэй болсноос хойш орон нутгийн түвшинд авлига ихээр нэмэгдэх болсонтой холбоотой ажээ.

Авлигын эсрэг хороо (KPK)  нь Ерөнхийлөгч Сухарто ажлаа өгснөөс 4 жилийн дараа буюу 2002 онд байгуулагджээ.  Сухарто 31 жилийн турш төрийн эрх барьсан бөгөөд Форбес сэтгүүлээс түүнийг 15-35 тэрбум ам.долларыг шамшигдуулсан дэлхийн хамгийн их авлигад өртсөн удирдагчаар нэрлэж байсан юм.

Индонезийн Авлигын эсрэг иргэний нийгмийн байгууллагын идэвхтэн Алмас Сиафрина “Хэрэв орон нутгийн зөвлөлийн гишүүд авлига авсан нь тогтоогдвол мэдээж шоронд сууна. Өмнө олон тооны зөвлөлийн гишүүд авлигын хэргийн улмаас нэгэн зэрэг шоронд сууж байсан” гэжээ. КРК нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш олон зуун төрийн албан хаагчийг шалгасан бөгөөд бараг 100 хувь ялласан үзүүлэлттэй байна. 

Тус авлигын эсрэг хорооны үйл ажиллагаа нь иргэдийн дунд маш алдартай юм. 2017 оны нэгэн санал асуулгад оролцсон иргэдийн 86 хувь нь КРК-д итгэдэг гэж хариулжээ. Энэ онд ч тус хороо өөрсдийн шаргуу хөдөлмөрөө баталсаар байгаа бөгөөд Индонезийн иргэдэд цахим үнэмлэх олгох ажлаас 170 сая ам.доллар завшсан хэргээр парламентын дарга Сетя Новантог яллаж чадсан юм.

Эх сурвалж