Дархан-Уул аймагт ажилласан тайланг хэлэлцүүлэв

A- A A+
Дархан-Уул аймагт ажилласан тайланг хэлэлцүүлэв

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад зориулсан Ажлын хэсгийн тайлан хэлэлцүүлэх хуралд оролцов.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт болон 2018 оны худалдан авах ажиллагааны явц байдал, гүйцэтгэл, үр дүнг Үндэсний Аудитын газартай хамтран шалгаж ажилласан юм. Улмаар ажлын хэсгийн тайлан дүгнэлтийг гаргаж, тус аймгийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцүүлэг хийв.

Ажлын хэсгийн ахлагч, Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх Дархан-Уул аймагт ажиллах үеэр Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, худалдан авах ажиллагаа, төсвийн хөрөнгийн болон Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, тусгай зөвшөөрөл, төлбөр хураамж, хүний нөөцийн чиглэлээр илэрсэн зөрчил, дутагдлын талаар танилцууллаа.

 Хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Т.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Эрдэнэбат, сумдын Засаг дарга нар болон бусад харьяа байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцов. ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, АТГ-аас хүргүүлсэн Зөвлөмжийн мөрөөр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа талаар танилцуулаад ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан зөрчил, дутагдлыг цаашид дахин давтан гаргахгүй байх чиглэлээр анхаарч ажиллахаа мэдэгдэв.