ИРАН УЛС МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙН ЭСРЭГ ХУУЛЬ БАТЛАВ

A- A A+
ИРАН УЛС МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙН ЭСРЭГ ХУУЛЬ БАТЛАВ

Хуучинсаг үзэлтнүүдээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан ч Иран Улс удаан хүлээсэн мөнгө угаах гэмт хэргийн эсрэг хуулийг өнгөрсөн Бямба гарагт баталж, олон улсын санхүүгийн системд нэвтрэхэд нэг алхам ойртлоо. Ийнхүү шинэ хууль баталсан нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх олон улсын бодлогыг тодорхойлдог Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба (Financial Action Task Force буюу ФАТФ)-ны зөвлөмжийг тодорхой хэмжээнд биелүүлсэн явдал юм. Тус батлагдсан хуульд  ФАТФ-ын зүгээс нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвлөсөн дөрвөн зүйлийн хоёрыг нь тусгасан байна.

2008 онд ФАТФ Иран улсыг олон улсын хууль сахиулах байгууллагуудтай мөнгө угаах гэмт хэргийн талаар мэдээлэл хуваалцах хүсэл зориггүй буюу хамтран ажилладаггүй улсад тооцон “хар жагсаалт”-д оруулсан юм.  

2018 оны 10 дугаар сарын дотор ФАТФ-ийн зөвлөмжүүдийг биелүүлэх ёстой байсан ч биелүүлээгүй тул хар жагсаалтын хугацааг 2019 оны  2 дугаар сар хүртэл сунгаж, энэ хугацаанд шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хуулиндаа тусгахыг шаарсан байна.

Мөн ФАТФ-ийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлж буй эсэхэд хамтран үнэлгээ хийдэг Олон улсын валютын сангаас тус улсыг өгөгдсөн хугацаанд шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг яаралтай хийж батлахыг зөвлөж байна.

Ираны хуучинсаг үзэлтнүүд буюу Сүмийн журам сахиулагч зөвлөл нь Исламын шашин болон Ираны үндсэн хуулийн эсрэг хуулиудыг хянан шалгах эрхтэй бөгөөд өнгөрсөн онд дээрх хуулийг эрс эсэргүүцжээ. Тэд тус хууль батлагдсанаар Ираны зүгээс ХАМАС, Хезболлах зэрэг бүлэглэлүүдэд санхүүгийн тусламж үзүүлэхэд саад болно хэмээн эмээж байна.

Эх сурвалж


Нэмэлт тайлбар: “ФАТФ-ын хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалт” (FATF list of non-cooperative countries and territories)-ыг ФАТФ өөрийн эмхлэн гаргадаг мэдээллийн хэрэгслээр (ихэвчлэн цахим хуудсаар) олон нийтэд ил тод болгож тухайн жагсаалтад орсон улс орнуудтай санхүүгийн харилцаа тогтоохгүй байхыг бүх улс оронд уриалдаг. 

Энэ арга хэмжээ нь олон улсын санхүүгийн системийг жагсаалтад орсон улс орнуудаас үүсэх мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдлээс хамгаалах үндсэн зорилготой. ФАТФ-ын гишүүн болон ФАТФ-ын зөвлөмжийг дагаж байгаа орнуудын бүх зохицуулагч байгууллага энэхүү жагсаалтыг өргөн хүрээнд ашигладаг бөгөөд өөрийн санхүүгийн байгууллагуудаас жагсаалтад орсон улс орны санхүүгийн байгууллагуудтай санхүүгийн харилцаа тогтоохгүй байхыг шаарддаг. Иймд, жагсаалтад орох нь тухайн улс орны санхүүгийн салбарт тогтохгүй бусад эдийн засгийн хөгжил, дэвшилд ихээхэн хор хохирол учруулдаг. Гадаадад зорчих иргэд банкны картаа ашиглаж болохгүй байдалд хүрэх, санхүүгийн байгууллагуудын корреспондент харилцаа тасрах, улс хоорондын гуйвуулга, шилжүүлэг хийгдэхгүй байх гэх мэт олон хэлбэрээр энэхүү жагсаалтын хор хөнөөл илэрнэ.