Ливан улсад авлигыг эсэргүүцсэн үндэсний хэмжээний жагсаал өрнөлөө

A- A A+
Ливан улсад авлигыг эсэргүүцсэн үндэсний хэмжээний жагсаал өрнөлөө

Ливан улсад өнгөрөгч Ням гарагт улсын хэмжээнд авлигыг эсэргүүцсэн, иргэд үндсэн эрхээ шаардан жагссан тухай тус улсын Үндэсний мэдээллийн агентлаг мэдээллээ.

Сайда, Триполи, Бэка болон Зөүк Мосбэд зуу зуун жагсагчид эрчим хүчний тогтмол хэрэглээний хангамж, хог хаягдлын асуудлыг шийдэх зохистой шийдэл болон өнгөрөгч онд батласан нийтийн албан тушаалтны цалингийн хэмжээг хэвээр үлдээхийг шаардаж жагсчээ.

Жагсагчдийн хэлж байгаагаар Ливан улсын тодорхой хэсгүүдэд өрнөж буй дээрхи жагсаалууд нь энэ сарын 20-нд Бейрут хотноо шаардлагыг дахин хүргүүлэх томоохон эсэргүүцлийн жагсаалын эхлэл нь гэдгийг ч дурджээ. Мөн жагсаалд оролцогчид эрүүл мэнд, боловсролын салбарт шинэчлэл хийхийг шаардахын зэрэгцээ импортоор орж ирж байгаа хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд тогтоосон татварыг хүчингүй болгох, иргэдийн хэрэгцээ, тэдэнд тулгамдаж буй асуудлуудад ил тод ханддаг, шинэ, үр дүнтэй засгийн газар байгуулахыг шаардаад байна.

“Бид албаны хүмүүсээс аюулын хэмжээнд хүрээд буй олон нийтийн өрийн асуудалд нухацтай хандаж, ажил хэрэг болгох засгийг газрийг байгуулахыг хүсч байна” гэж нэгэн тэмцэгч хэлэв.

Ливан улсын эдийн засаг нь өрийн ДНБ-тэй харьцах харьцаагаар дэлхийд хамгийн дээгүүр орнуудын тоонд орж, төсвийн алдагдал болон эдийн засгийн удаашрал улам өргөжин тэлсээр байна.

Эх сурвалж

Францын зүгээс авлигын хэрэгт буруутгагдсан Японы Олимпийг хариуцсан дарга хээл хахуулийн хэргийг үгүйсгэлээ

Япон улсын Олимпийн хорооны дарга Цунэказу Такида өнгөрөгч Баасан гарагт “2020 оны Олимп”-ийн үнийн саналтай холбоотой Франц улсын зүгээс яллагдагчаар татаад буй авлига, хээл хахуулийн хэрэгтэй ямар нэгэн холбоогүй, ямар нэг буруу хийсэн зүйл байхгүй хэмээн эрс үгүйсгэсэн байна.

Францын шүүх байгууллагын эх сурвалжын хэлснээр, тэрээр Токиогийн тэмцээнийг зарлахтай холбоотой үйл ажиллагаанд “авлигын идэвхитэй” үйлдэл гаргасан гэж яллагдагчаар татсан байна.

Өдгөө 71 нас хүрч байгаа тэрээр Япон улсын нийслэлд Олимпийг зохион байгуулахаар сонгогдохоос өмнө шүүгчид ойролцоогоор 2 сая евро /3.1 сая ам.доллар/-г өгсөн байж болзгошгүй хэрэгт өнгөрсөн оны 12-р сарын 10-нд буруутгагдсан юм. Олимпийн тэмцээнийг нутагтаа зохион байгуулах эрхийг авахад удирдан зохион байгуулсан Такида нь ОУ-ын Олимпийн хороонд ч нөлөө бүхий гишүүнд тооцогддог байна. Дашрамд дурьдахад Токио хот 2013 оны санал хураалтад Мадрид, Истамбулийг ялснаар энэ эрхийг авсан юм.

2016 онд эхэлсэн Франц улсын дээрхи мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэй хоёр ч төлбөр хийгдсэний нэг нь Сингапурын Блэк Тайдингс, нөгөө нь Сенегал гаралтай Олон улсын Хөнгөн атлетикийн холбооны хуучин ерөнхийлөгч, Ламин Диакийн хүү Папа Маса Диактай холбогдсон фирм юм. Хүү Диак нь Олон улсын Хөнгөн атлетикийн холбооны хүчирхэг маркетингийн зөвлөхөд тооцогддог юм.

Дээрхи төлбөр төлөлт нь хоёр үе шаттай хийгдсэн ба ОУ-ын Олимпийн хорооны зохион байгуулагч хотыг сонгох санал хураалтын өмнө, дараа гэж хуваасан байна. Папа Маса Диакийг “ПМД” ч гэж нэрлэх бөгөөд сэжигтэн нь Рио Дэ Жаниеро болон Токиогийн 2016, 2020 оны олимпуудтай холбоотойгоор хэдэн сая еврогийн хахуулийг ивээн тэтгэх гэрээ, дэмжлэг туслалцаа нэрийн дор хүлээн авчээ.

Маса Диак нь 2015 оны 12-р сараас хойш Интерполын “Онц ноцтой” гэмт хэрэгтнийг эрэн хайх жагсаалтанд байгаа ч Сенегалийн засгийн газар түүнийг Францын талд хүлээлгэн өгөхөөс өдгөөг хүртэл татгалзсаар байгаа юм. Тийм ч учир өнгөрсөн сард ОУ-ын Олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах Сенегал улсад Францын эрх бүхий байгууллагын авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллах албан хүсэлтийг хүргүүлсэн байна.

Одоогоор 2020 оны Олимпийг зохион байгуулах хорооны орлогч даргаар ажиллаж буй Такида нь 2017 онд Францын шүүх байгууллагад байцаалт өгсөн байна. Францын шүүх хөрөнгө оруулалтыг Франц улс дотор мөнгө угаахад ашигласан байж болзошгүй гэдэг асуудлаар маргаан үүсгэсэн байна.                 

Франц улс мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх болсон бас нэгэн шалтгаан нь уг хэрэгт холбогдоод байгаа ОУ-ын Хөнгөн атлетикийн холбоо нь ОХУ-ын тамирчдын допингийн шинчилгээг буруу шинжилсэн асуудалд давхар холбогдсон явдал билээ. Папа Маса Диакийн эцэг, Лиам Диак нь ОУ-ын Хөнгөн атлетикийн холбоог 1999 оноос урирдан ажиллаж байгаад 2015 онд Францад баривчлагдсан юм. Тэрээр ОУ-ын Хөнгөн атлетикийн холбооны хоёр ажилтны хамтаар ОХУ-ын тамирчын допингийн шинжилгээг халхавчилж, олон сая доллар авсан хэрэгт буруутгагдсан бол өнгөрөгч 6-р сард өөрийн хүүд туслахаар ивээн тэтгэх, телевизийн эрхийн тухай асуудлаар ял авсан байна.

Харин Японы Олимпийг хариуцсан сайдын хэвлэлийн төлөөлөгч Ёошитака Сакурада Баасан гарагт асуултад хариулахаас татгалзаж, “Бид өөрсдийн мэдэхгүй байгаа хавтаст хэрэгт яаж хариулт өгөх вэ” гэв. Харин Токио хотын захирагч Юрико Койкэ асуултад “Надад хангалттай мэдээ алга, би мэдээлэлтэй болж байж хариулах хэрэгтэй, ихэд гайхаж байна” гэж хариулсан байна.

Эх сурвалж