“Танай хороонд” иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөгийг зохион байгуулав

A- A A+
“Танай хороонд” иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөгийг зохион байгуулав

Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Тодруулбал, авлигаас урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд иргэд, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор “Танай хороонд” иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөгийг Сонгинохайрхан дүүргийн 6 болон Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийг хамруулан зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Авлигатай тэмцэх газрын ажилтнууд авлигын хор хөнөөлийг эдийн засгийн агуулгаар ойлгуулах, авлигатай тэмцэхэд иргэд ямар үүрэгтэйг ярьж таниулан, авлигын гэмт хэргийн талаар мэдээлэл хийж, иргэдийн дунд бичил хэлэлцүүлэг, асуулт, хариултын тэмцээн явууллаа. Түүнчлэн ашиг сонирхлын зөрчил болон иргэд төрийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй хэрхэн танилцаж, хяналт тавих боломжтой талаар зөвлөгөө, мэдээлэл өгөв.


Энэ үеэр АТГ-ын хэлтсийн дарга Д.Дуламсүрэн "Авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн АТГ-ын л үүрэг хэмээх ойлголт түгээмэл байдаг. Гэхдээ дэлхийн жишгээс харахад авлигатай тэмцэхдээ иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудыг түлхүү оролцуулж, авлигаас салсан түүх олон бий. Харин манайд эсрэгээрээ буюу иргэд авлигын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг. Авилгыг зөвхөн хээл хахууль мэтээр ойлгодог. Гэтэл угтаа бол албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглах, сонирхлын зөрчил гэх мэт нээлттэй биш асуудлуудын цаана өрнөж буй хэргийг авлига гэж ойлгодоггүй. Иймд энэ талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд ойлгуулах нэн шаардлагатай юм. Юуны өмнө тухайн иргэн авлигын талаар ойлголттой болчихоод түүний хор хөнөөлийг бусаддаа тайлбарлан, ойлгуулах ёстой. Тийм ч учраас өнөөдрийн арга хэмжээнд авлига эдийн засагт ямар хор хөнөөл учруулж байгааг ойлгуулж байгаа юм. Тухайлбал, ХОМ буюу тухайн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байвал иргэдийг хэрхэн хяналт тавих ёстойгоо мэддэг болгох нь иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөгийн зорилго юм. Ер нь зөвхөн албан тушаалтнууд л нийгэмд болж буй шударга бус үйлдлүүдийн эзэн гэж ойлгож болохгүй. Иргэн, хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн төлөөллүүд шударгаар, хэн нэгэн танилын гар харалгүйгээр ажлаа бүтээж болно гэдгийг ухамсарлаж, нийгмийн харилцаанд оролцох хэрэгтэй. Тэрнээс биш миний л ажил бүтэж байвал бусад нь хамаагүй гэх хандлага авлигыг улам нэмэгдүүлдэг гэдгийг ухамсарлах нь зүйтэй" хэмээн онцоллоо. 

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан соён гэгээрүүлэх өдөрлөгт Улсын гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал оролцож, шударга ёсны төлөө санаа зориг нэгтэй байж дуу хоолойгоо нэгтгэн тэмцэхийг иргэдэд уриаллаа. СУИС-ийн театрын урлагийн оюутнууд жүжигчилсэн тоглолт үзүүлж авлигын хор хөнөөлийг иргэдэд урлагийн хэлээр танин мэдүүлэв.


Авлигатай тэмцэх үйл хэрэгт иргэдийг өргөнөөр татан оролцуулах, иргэдийн хууль эрх зүйн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, төрийн албан тушаалтны үйл ажиллагааг иргэд, олон нийтийн зүгээс эрч хүчтэйгээр хянах зорилготой зохион байгуулж буй “Танай хороонд” иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөгийг цаашид нийслэлийн бүх хороонд тусгай хуваарийн дагуу хийхээр Авлигатай тэмцэх газар төлөвлөж байна.

Мөн авлига байгаагүй бол авлигын улмаас хохирсон мөнгөөр дараах зүйлүүдийг хийж болох байжээ.

2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД:

984 үйлдэлтэй авлигын гэмт хэргийн улмаас улсад нийт 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсан. Үүнийг 20 мянган төгрөгийн дэвсгэртээр зүйрлэвэл:

595 сая 068 мянга 714 ширхэг 20 мянгатын дэвсгэрт;

Дан 20 мянгатын дэвсгэртээр тооцвол 40 тоннын 11 ширхэг контейнер дүүргэх мөнгө;

20 мянгатын дэвсгэртийг цувуулж тавьбал 89 мянга 260 км зам үргэлжлэх их хэмжээний мөнгө юм.

ЭНЭ МӨНГӨӨР:

4181 км хатуу хучилттай зам барьж болох байсан (Монгол Улс нийт 3015.6 км хатуу хучилттай замтай);

700 мянган айлын орон сууц барьж болох байсан (Нийслэлийн гэр хороололд 201 474 айл амьдарч байгаа);

Өндөр настны тэтгэвэр авдаг хүн бүрт 38 600 000 төгрөг өгч болох байжээ.

 


Эх сурвалж