Нөхцөл байдлыг бүхэлд нь тольдохуй: Санхүүгийн нууцлалын индекс ба Авлигын төсөөллийн индекс

A- A A+
Нөхцөл байдлыг бүхэлд нь тольдохуй: Санхүүгийн нууцлалын индекс ба Авлигын төсөөллийн индекс

Medium.com. (2020.02.19) Өнгөрсөн сард Транспэрэнси Интернейшнл байгууллагаас 2019 оны Авлигын төсөөллийн индексийг зарласан билээ. Энэхүү индексээр улс орнуудын нийтийн албан дахь авлигын төрөл бүрийн хэлбэрүүдийн талаарх төсөөллийг илтгэн харуулдаг. Засгийн газрын тендерт ялах, тусгай зөвшөөрөл авахын тулд хээл хахууль өгөх, эсхүл улс төрийн хэлхээ холбоо ашиглах зайлшгүй шаардлагатай болдог улс орнуудыг энэхүү авлигын төсөөллийн индексээр нийтэд ил зарладаг юм. Гэхдээ энэ индекс авлигын нөхцөл байдлыг бүрэн хэмжээгээр тодорхойлж чаддаггүй. Авлигын болон мөнгө угаах үндэстэн дамнасан үйл ажиллагаа, эсхүл авлигачдаас гэмт хэргийн замаар олсон хөрөнгөө нууж далдлах, зарцуулах боломжийг бүрдүүлэхэд оруулж буй хувийн хэвшлийн үүрэг оролцоо зэргийг Авлигын төсөөллийн индексээр бүрэн дүүрэн харуулж чаддаггүй.

Ангол Улсын Засгийн газар болон тус улсын төрийн өмчит газрын тосны компанитай ажил гүйцэтгэх гэрээ хэлцэл хийх, компанийн жинхэнэ өмчлөгчийг нууцлахын тулд Мальта, Мавритан зэрэг улсуудад бүртгэлтэй олон тооны халхавч компаниудыг ашигласан болох нь Луанда Лийкс[1]тэй холбоотой мөрдлөгийн явцад тодорхой болсон юм. Түүнчлэн хээл хахууль өгөх болон завшсан, хулгайлсан мөнгийг угаахын тулд Португал, АНЭ зэрэг улсуудад байгаа өмчлөгч нь тодорхой бус дансдыг ашигласан байна. Одебрехт компани ч мөн иймэрхүү механизмийг ашиглажээ. Тус компани Латин Америк даяар болон африкийн 2 улсын төрийн албан тушаалтнуудад хахууль өгөхийн тулд оффшор бүс дэх 42 дансыг ашигласан байна. 

Хэдийгээр авлига, хээл хахуулийн үйл ажиллагаанд ашиглагддаг хуулийн этгээдийн бүтэц, санхүүгийн суваг маш олон янз байдаг ч эдгээр нь нэг шинж чанараараа өөр хоорондоо төстэй байдаг. Энэ бол нууцлаг байдал[2] юм. 

Нууцлаг байдал нь хууль бус, хуулиар хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй санхүүгийн гүйлгээний үндсэн нөхцөл юм. Татварын шударга байдлын сүлжээ байгууллагаас өчигдөр зарласан Санхүүгийн нууцлаг байдлын индексийн үр дүнгээс харвал улс орнуудын нууцлаг байдал хавтгайдаа өндөр түвшинд хэвээр байна. Санхүүгийн нууцлаг байдлын индексийн суурь үзүүлэлт нь Нууцлалын оноо[3] бөгөөд энэ үзүүлэлтээр хууль бус санхүүгийн гүйлгээ хийх боломжийг олгож байгаа эрх зүйн болон зохицуулалтийн системийг 0 (бүрэн ил тод) -ээс 100 (бүрэн нууцлаг) оноогоор үнэлдэг. Нууцлалын онооны байдлыг авч үзвэл ихэнх улс орнуудын хувьд санхүүгийн салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд их зүйлийг хийх шаардлагатай байгаа нь харагдаж байна. Тухайлбал эцсийн өмчлөгчийн (компанийг хэн өмчилдөг болон хянадаг) талаархи мэдээллийн ил тод байдал, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаархи мэдээлэл, мөнгө угаахтэй тэмцэх хууль тогтоомж болон олон улсын хамтын ажиллагааны асуудлаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

Санхүүгийн нууцлаг байдлын индексэд нийтдээ 133 улс орныг хамруулсан бөгөөд дундаж оноо нь 63.9 байна. Санхүүгийн нөхцөл байдлыг нь ил тод гэж ямар ч улс орныг тодорхойлох аргагүй байна. Словен улс авах ёстой 100 онооноос 37.55 оноо авсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ хамгийн нууцлаг санхүүтэй улс болж байна.

Улс орнуудыг үндсэн 2 бүлэгт хувааж болохоор байна. Үүнд:

 Нууцлаг байдал маш өндөр, авлига ихтэй

Ангол, Гамби, Мальдив, Венесуэл зэрэг энэ төрлийн улс орнуудад авлига нь тогтолцооны шинжтэй болсон бөгөөд эрх мэдэлд ойр байдаг хэсэг бүлэг хүмүүс л өөрсдийн эрх ашигт нийцүүлэн бүх тоглолтын дүрэм, журмыг зохиож, хэрэгжүүлж, хамгаалж, үр шимийг хүртэж байдаг.

Эдгээр улс орнуудад нууцлаг байдал маш өндөр бөгөөд улсын хөрөнгө, мөнгөнөөс илүү их хувь хүртэх боломжийг дээрх хүмүүст олгож байдаг. Гэхдээ хямрал тэмцэл, улс төрийн тогтворгүй байдал болон хууль дүрэм сул хэрэгждэг байдлаас нь болоод эдгээр улсуудыг аливаа хууль бус хөрөнгийг байршуулах, угаах сонирхол бүхий этгээдүүд төдийлөн сонирхдоггүй. Чухам энэ нь эдгээр улсууд Санхүүгийн нууцлаг байдлын индексийн өөр нэг үзүүлэлт болох нууцлаг байдлын нөлөөллийн үзүүлэлтээр харьцангуй доогуур байдгийг тайлбарлаж байгаа юм.

Авлига ихтэй, санхүүгийн нууцлаг байдал өндөртэй улс орнуудыг мөн “уламжлалт” хэлбэрийн татварын таатай орчин бүхий улс орнууд гэж үзэж болно. Эдгээр улсууд нь гадаадын иргэдэд компанийн нууцлал болон татварын таатай нөхцөлийг давхар санал болгодог. Жишээлбэл улс орнуудад Багамын арлууд, Панам, Сейшел, Мавританийг нэрлэж болно. Кипр, Латви, Мальта улсуудад мөн авлига, мөнгө угаасантэй холбоотой хэрэг гарч ихээхэн дуулиан шуугиан болоод удаагүй байна. Эдгээр улсуудад санхүүгийн нууцлаг байдлыг бизнесийн загвар болгодог бөгөөд эдийн засгийн чухал хэсэг нь компанийн бүртгэлийн үйл ажиллагаа болдог. Тиймээс ил тод байдлыг дэмжиж, хуулийн зөрчлийг таслан зогсоох явдал төдийлөн дэмжлэг авдаггүй. Эдгээр улс орнууд дахь авлига болон хууль, дүрэм журам сул хэрэгждэг байдал нь хууль бус үйлдлийг таслан зогсоож, хариуцлага тооцох боломжийг бууруулж, авлигад холбоотой компаниуд болон улс төрчдөд ашигтай байдал бий болгож, дэлхий даяар явагддаг нууцлаг хэлцлүүдийн нөхцлийг бүрдүүлдэг.

Нууцлаг байдал өндөр, авлигын түвшин бага

Өөр нэг бүлэг улс орнууд бол Гонконг, Люксембург, Сингапур, Швэйцар, АНЭ, АНУ, Их Британи зэрэг санхүүгийн нууцлаг байдал өндөр бөгөөд нийтийн албан дахь авлигын түвшин багатай улсууд юм. Эдгээр улсууд нь компанийн болон санхүүгийн нууцлаг байдал өндөртэй төдийгүй бохир мөнгийг байршуулах сонирхолтой хүмүүсийн сонирхлыг их татдаг. Тэдний зүгээс үл хөдлөх болон бусад тансаг эд зүйл худалдан авах, хедж сангууд зэрэг хөрөнгө оруулалтын сангуудад  хөрөнгө оруулах, банканд хадгалах зэрэг хэлбэрээр мөнгөө байршуулдаг. Эдгээр улсуудад нийтийн албан дахь авлига нь хээл хахууль болон төрийн өмч, хөрөнгийг шууд байдлаар ашиглан завших хэлбэртэй байх нь ховор боловч авлигийн бусад хэлбэр, тухайлбал хууль бус нөлөөлөл, явцуу ашиг сонирхолд хөтлөгдөх зэрэг хэлбэрүүд нь нууцлаг байдалд оршихдоо улам цэцэглэн хөгждөг санхүүгийн үйлчилгээний салбаруудыг үйл ажиллагаагаа саадгүй үргэлжлүүлэх, орон орны авлигачдын хүслийг гүйцэлдүүлэх боломжийг бүрдүүлдэг.

Эдгээр улсуудын зарим нэг нь, тухайлбал АНУ, Их Британи, Люксембург, Швейцар зэрэг улсууд нууцлаг байдлыг багасгах зарим нэг арга хэмжээ авч байна. Гэсэн хэдий ч хангалттай хэмжээний цоорхой үлдсэн учраас эдгээр улсууд руу авлигачдын мөнгө урссаар байна.

Санхүүгийн нууцлаг байдлын индекс нь авлигын гэмт хэрэгтнүүд болон бусад гэмт хэрэгтнүүдийн хувьд хууль бусаар олж авсан мөнгө, хөрөнгөө нуух, угаах өргөн боломж байсаар байгааг анхааруулах бас нэг анхааруулга болж байна.

Эх сурвалж

[1] Luanda Leaks

[2] secrecy

[3] Secrecy Score

Словак Улс авлигын “хар нүх”-нээс ангижрах арга зам эрэлхийлж байна

Аль Жазира. 2020.02.26. Словакт удахгүй болох гэж байгаа сонгуулийн хувьд авлигын асуудал голлох асуудал нь биш харин цорын ганц асуудал болоод байна. Энэ сарын 29-нд сонгуулийн санал хураалт болох бөгөөд словакчууд төр засагтаа гүн цэвэрлэгээ хийгдэхийг хүсч байна. Эрүүл мэндийн салбарын төсөв туйлийн хангалтгүй, багш нарын цалин бага, хөгжил дорой зүүн бүсийг холбосон замын нөхцөл тааруу байгаад ард иргэдийн сэтгэл дундуур байгаа боловч энэ бүхнийг шийдвэрлэх ёстой төр засгийн үйл ажиллагаанд зөвхөн авлигын механизм үйлчилж байна.

Эх сурвалж