Казахстан Улсын хамгийн их авлигад өртсөн их, дээд сургуулиудыг нэрлэжээ

A- A A+
Казахстан Улсын хамгийн их авлигад өртсөн их, дээд сургуулиудыг нэрлэжээ

Liter (2020.03.03). Найман оюутан тутмын 1 нь дотоодын их, дээд сургуулиуд авлигад өртөмтгий гэдэгт итгэлтэй байдаг. "Нур Отан" намын “Жас Отан” залуучуудын жигүүрийн удирдагч Елнур Бейсенбаев хэвлэлийн бага хурлын үеэр “Шударгаар сурцгаая” сэдэвт аяны ажлын үр дүнг танилцуулав. Казахстан Улсын хэмжээнд 64 хувийн их, дээд сургуульд суралцаж буй 20 мянга гаруй оюутан судалгаанд хамрагдсан талаар Liter.kz мэдээлэв.

“Оюутнуудын ихэнх нь хээл хахууль өгснөөр их, дээд сургуульд суралцахгүйгээр төгсөх боломжтой гэж үздэг. Үүний зэрэгцээ багш нар нь ийм орчинд сурч байгаа оюутнуудын ирээдүйн хувь заяа, цаашид  ямар хүн болох тухай бодохгүй байна. Манай "Жас Отан" жигүүрээс тусламж хүсэн олон оюутнууд ханддаг. 

Их, дээд сургууль дахь авлигын талаар оюутнуудаас авсан судалгааны үр дүнгээс үндэслэн авлигатай холбогдсон хувийн 7 их, дээд сургуулийн жагсаалтыг гаргасан. Үүнд:

  • “Нур-Султан хотын Анагаахын Их сургууль
  • Жетысай хотын «Сырдария» Их сургууль
  • Туркестан мужийн Алмата хот дахь Казахын аялал жуулчлал, спортын академи
  • Шымкент хотын Бүсийн нийгэм-инновацийн их сургууль
  • Алматын Төв-Азийн их сургууль
  • «Алматы» Их сургууль
  • С.Баишевын нэрэмжит Актюбинскийн Их сургууль

Судалгаанд оролцогчид авлигатай холбоотой асуудал нь шалгалт, шүүлгийн явцад (23.8%), дипломын ажил хамгаалах үед (8.7%) хамгийн ихээр гардаг гэж үзжээ. Харин “Оюутнууд хэнд ихэвчлэн хээл хахууль өгдөг вэ?” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 30 хувь нь багш нарт гэсэн бол 4.4 хувь нь захирлуудад хахууль өгдөг гэжээ.

Хээл хахуулийн хэмжээнд онцгойлон анхаарах хэрэгтэй. Улсын хэмжээнд улирлын шалгалт, шүүлэг өгөхөд хахуулийн хэмжээ дунджаар 22 мянган тенге, 1 хичээлийн шалгалт өгч хаалгахад 14 мянган тенге, курсийн ажил бичихэд 32 мянган тенге байдаг байна.

“Дипломын ажлаа хамгаалахад 150 мянган тенгений хэмжээтэй хахууль өгөхөд хангалттай бол хувийн зардлаар буюу төлбөртэй сургалтын төрлөөс улсын буюу тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад 400 мянган тенге шаардлагатай байдаг. Энэ бол асар их мөнгө" гэж “Жас Отан” байгууллагын удирдлага дургүйцлээ илэрхийлэв.

Судалгааны мэдээлэл, үр дүнгийн талаар “Жас Отан” байгууллагаас Казахстан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлэх “Зөвлөмж”-д тусгахаар болжээ.

Эх сурвалж