Шар сонинд эерэг мэдээлэл гаргуулж байх зорилгоор төсвийн хөрөнгө ашигласан асуудалд Австри Улсын канцлерийг шалгаж буй талаар прокурорын байгууллага мэдэгдсэн байна. Энэ нь Курц болон түүний Ардын намын хувьд толгойн өвчин болоод байна. Тус асуудалд хоёр ч яам холбогджээ.
Сангийн яам шалгалтад хамрагдсаныг Сангийн сайд Гернот Блюмель хүлээн зөвшөөрсөн ба харин хэвлэл, мэдээллийн хэрэгслээр канцлерын ажлын алба ч шалгалтад өртсөнийг онцлов. Тус хэрэгт Курц болон өөр 9 этгээд, гурван байгууллагыг шалгаж байна.
Сангийн яамны төсвийн хөрөнгөөр 2016-2018 онд улс төрийн намын ашиг сонирхлын үүднээс олон нийтийн санаа бодлыг тодорхойлох судалгааг санхүүжүүлсэн хэмээн прокурорууд мэдэгдсэн байна. Ингэхдээ судалгааны үр дүнд нөлөөлж байжээ.
Тухайн үед Курцын Ардын намын дарга болж барууны чиглэлийн Эрх чөлөөний намтай нэгдэн эвслийн засгийн газар байгуулах үе юм. Энэхүү олон нийтийн санал асуулгын судалгааны үр дүнг “нийтэлсний хөлс” авдаг байсан мэдээллийн компанийн нэрийг прокурорууд дурдаагүй юм. Хэдийгээр прокурорууд албан ёсоор нэрийг нь дурдаагүй ч энэ бол Австрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн “Остеряйх” гэх өдөр тутмын хэвлэл юм.
Санал асуулгыг явуулах, судалгааны үр дүнг зарлахад ямар нэгэн зөрчил гаргаагүй хэмээн “Остеряйх” компанийн удирдлага мэдэгдсэн байна. “Остеряйх” компани нь олон нийтийн санаа бодлыг тодорхойлох судалгааг явуулан үр дүнг мэдээлэхдээ Курцын намыг нэлээд эерэгээр харуулдаг байсан хэмээн Эл Жазирагийн сурвалжлагч Доминик Кейн онцолсон. “Остеряйх” сонины тодорхой хүмүүст зарим нэг компанийн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаал өгсөн хэмээн Кейн ярьсан. Тэрээр холбооны төсвийн хөрөнгө, өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан хэмээн прокурорууд үзэж байна. Авлигын асуудалд буруутгагдсан Курц анх удаа шалгагдаж байгаа нь энэ юм хэмээн сурвалжлагч Кейн нэмж ярив.
Эх сурвалж