З.Дашдаваа: Авлигын индекст ирэх жилээс нааштай үзүүлэлт гарах байх

A- A A+
З.Дашдаваа: Авлигын индекст ирэх жилээс нааштай үзүүлэлт гарах байх

НҮБ-аас зарласан авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газраас “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. Дэлхий нийтээр тэмдэглэж буй энэ өдрийг энэ жил “Таны эрх, таны оролцоо: Авлигад үгүй гэж хэлье” гэсэн уриаг дэвшүүлжээ.

Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд, яам, агентлагууд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банк, Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны “Транспарэнси Интэрнэшнл” зэрэг олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд болон гадаадын зочид төлөөлөгчид оролцов.

Чуулганы эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын төрийн байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, түүнд авлигын эрсдэл ямар хэмжээнд байгаа, төрийн бодлого цаашид юунд чиглэгдэх талаар байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “Монгол Улс авлигын индексээр 35 оноо авч дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Тийм учраас авлигын индексийг шат дараатай бууруулж, үйл ажиллагаандаа дүгнэлт хийх зайлшгүй шаардлага Монгол Улсад байна гэж дүгнэж байна. Засгийн газрын тэргүүний хувьд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн дотор Монгол Улсын хөгжилд саад болж буй боомилогч хүчин зүйлүүдийг багасгах болно гэсэн зорилтыг дэвшүүлж байгаа.

Харамсалтай нь судалгаагаар төрийн хүнд суртал, тэр дундаа төрийн анхан, дунд шатны байгууллага, тэр дундаа нийслэл Улаанбаатар хот, яамдын өнөөдрийн байдал Монгол Улсын хөгжлийг чөдөрлөж, хязгаарлаж байгаа. Цаашид нийслэлийн газрын зөвшөөрлөөс эхлээд ирэх долоо хоногт гэхэд эрүүл мэндийн салбарт цаг авдаг системүүд цахим хэлбэрт шилжинэ. Хувь хүний оролцоог багасгаж тухайн хүн авлига, авах нугалаа үүсгэх, өөрийн үзэмжээр хандах асуудлыг багасгах зорилготой юм.

Авлигатай хийх бидний тэмцэл зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээр хязгаарлагдахгүй, харин түүнийг ургуулж буй хөрс суурь, нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг устгахад чиглэнэ. Тиймээс авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнуудыг цаашид төрд ажиллуулахгүй байх эрх зүйн зохицуулалт хийнэ. Мөн төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулан шинэчлэх ёстой” хэмээсэн юм.

Монгол Улсын авлигын индексийн асуудал чуулганы гол сэдэв байлаа. Жил ирэх тусам авлигын индексийн чанар буурч байгаа асуудал төрийн байгууллагын хүнд суртал, үйл ажиллагаа нь ил тод бус байдагтай нэг талаар холбоотой гэдгийг албаны хүмүүс хэлж байв.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа “Авлигын индексээр байр урагшлахгүй байна гэдэг авлигыг бүрдүүлж байгаа суурь хөрсөө шийдэхгүй байна. Монгол Улсад хүнд суртал, төрийн байгууллагын үйл ажиллагаа ил тод бус байна гэсэн үнэлгээ. Үүн дээр Засгийн газар, УИХ цахимжина гэсэн бодлогыг ярьж байна. Энэ нь төрийн алба ил тод болно, хүнд сурталгүй болно гэсэн үг. Хоёрт, хууль тогтоомжоо боловсронгуй болгоё гэж байна. Хууль тогтоомжийн хувьд манайд хангалттай бий. Гол нь түүнийг иргэдэд ойлгомжтой болгох хэрэгтэй байна. Энэ талаар ажлууд хийгдэж байгаа. Тиймээс индексийн хувьд ирэх жилээс нааштай үзүүлэлт гарах байх гэж харж байна” гэсэн юм.

Авлига, албан тушаалтай холбоотой хэрэг маргаан сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа асуудал ч тавигдаж байсан. Тухайлбал, 2007-2016 онд жилд АТГ-ынхан дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд энэ тоо 1,300-д хүрч 6.5 дахин өсчээ. Шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэргийн тоо болон хохирол нөхөн төлүүлэх байдалд ч мөн эрс өөрчлөлт гарсан байна. 2019 онд 11.3, 2020 онд 35.6, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байгаа аж.

Манай улсад авлигын түвшин ямар нөхцөлд байгаа талаарх судалгааг “Транспарэнси Интэрнэшнл” төрийн бус байгууллага гаргадаг. Тус байгууллагын ТУЗ-ийн дарга Л.Төр-Одын мэдээлэл анхаарал татаж байв. Тэрээр “Судалгааны үр дүнгээс харахад иргэд дунд шатанд хүнд суртал их байна. Өөрөөр хэлбэл, дунд хэмжээний авлига гэж хэлж болно. Олон улсын тодорхойлолтоор бодлогын буюу өндөр түвшний авлига гэж яригддаг. Энэ нь заавал мөнгөн хэлбэртэй байх албагүй. Авлигажсан, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гардаг. Үүний улмаас улсын төсөвт маш их хэмжээний хохирол гардаг гэдгийг хэлж байгаа юм. Энэ нь сүүлийн 10-аад жил буурахгүй байгаа. Улс төрийн авлига өндөр хэвээр байгаа учраас энэ нь шууд бодлогын түвшний авлигад нөлөөлдөг. Улс төрийн санхүүжилтийн асуудлыг цогцоор буюу эх сурвалжаар нь шийдвэрлэж байж ахиц дэвшил гарна” гэж байсан юм.

Чуулганд олон улсын байгууллагын төлөөллүүд оролцон байр сууриа илэрхийлсэн юм. Тэдний нэг Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран өгүүлэхдээ “Авлигатай холбоотой өртөг зардал өндөр байдаг. Ажлын байдал, ажил эрхлэлт зэрэг хүмүүсийн суурь үйлчилгээ авах эрх, ялангуяа ядуу бүлгийн хүмүүст илүү нөлөөлдөг. Азийн хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газар, иргэд, иргэний нийгмийн байгууллагатай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүрээнд олон ажлууд зохион байгуулж ирсэн. Монгол Улсын хувьд байгалийн баялаг арвин улс. Энэ салбарт олон талт үйл ажиллагаа ч сүүлийн жилүүдэд эрчимжиж байна” гэв. Авлигын эсрэг үндэсний чуулган дөрвөн салбар хуралдаанаар үргэлжилсэн. Тодруулбал, авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоо, төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэх нь, хувийн хэвшил ба шударга өрсөлдөөн гэсэн агуулгуудаар салбарын мэргэжилтнүүд хуралдсан юм.

“УИХ, Засгийн газар хуульчилсан хулгай буюу албан ёсны авлига ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоож авлигын өршөөл, хөөн хэлэлцэх хугацаа, хялбаршуулсан журам, ялгавартай ялын бодлогоор авлигачдаа өөгшүүлэхээ больсон цагт авлига бодитой буурна” хэмээн АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат авлигыг бууруулахад хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцооны талаарх салбар хуралдааны үеэр онцолж байв.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Б.Энхзаяа