Авлигатай тэмцэх үндэсний чуулган-2021: Хуульчид авлигатай тус тусдаа бус, хамтарч тэмцэнэ 

A- A A+
Авлигатай тэмцэх үндэсний чуулган-2021: Хуульчид авлигатай тус тусдаа бус, хамтарч тэмцэнэ 

Авлигын эсрэг олон улсын өдөр өнөөдөр тохиож буй. Эл өдрийг угтаж, АТГ-аас “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021”-ийг өчигдөр “Шангри-ла” төвд өргөн цар хүрээтэй зохион байгуулав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний мэдэх эрхийг хангах үүднээс бүх илтгэл, танилцуулгаа дохионы хэлмэрчтэйгээр явуулсан юм. Чуулганыг АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нээв. Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, ХЗДХЯ, Төрийн албаны зөвлөл, Үндсэн хуулийн цэц, ХЭҮК, ерөнхий аудитор, шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан гээд төрийн бүх л байгууллагын төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, олон улсын ажиглагчид чуулганд иржээ. Ирсэн бүх хүнд Майкл Жонстоны “Авлигын синдром” номыг тараасан юм. Зохиогч номынхоо эхний хуудсанд “Авлигын сонирхол дэврэхээс өмнө, “Трансперенси интернэшнл” байгууллага авлигын төсөөллийн индекс тооцдог болохоос урьтаж, авлигатай тэмцэх байгууллага байгуулахаас наана, 1980-аад онд хүйтэн дайны дараа авлигын синдром үүссэн юм” гэж онцолжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигын эсрэг үндэсний чуулганы индэр дээрээс “Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 35 оноо авч 180 орноос 111-т эрэмбэлэгдсэн нь туйлын таагүй үзүүлэлт. Үүнд төр, засаг, бид буруутай. Төрийн албаны бага, дунд шатныхан хүнд суртал ихтэй нь үүнд нөлөөлсөн гэж дүгнэж байна. Судалгаагаар ч бодитой болсон асуудал. Төрийн албан хаагчид орлогоосоо давсан хэрэглээтэй. Улмаар улирал бүр гадаад явж казино тоглодог. Эл завхрал нийслэлд илүү байна. Орон нутагт ч бий” хэмээн Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, олон улсын ажиглагч нарын өмнө ил шулуухан хэлж орхив.

Улмаар авлигатай тэмцэхэд, энэ төрлийн хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсооход хамтын ажиллагаагаа өргөжүүлж, илүү нягт ажиллая хэмээн олон улсын ажиглагч нар хандаж хэллээ. Төгсгөлд нь төрийн албаныханд өөрсдөдөө шүүмжлэлтэй хандаарай хэмээгээд Ерөнхий сайд индрээс буусан юм.

Ер нь илтгэгч бүрийн амнаас Монголд авлига бодитоор нүүрлэсэн гэх үг, өгүүлбэр “унаж” байв. Тухайлбал, залуу хос хуримаа хийхдээ сайн өдөр сонгож, тухайн өдрөө гэрлэлтээ батлуулахын тулд Гэрлэх ёслолын ордны ажилтанд авлига өгдөг, газраа өмчлөхийн тулд Газрын албаныхныг хахуульддаг, улсын байцаагчид үнэгүй хоол өгөхгүй бол тухайн ресторан ажиллах эрхгүй, төрийн албан хаагч төрсөн өдрөөрөө бусдын зоогийн газраар үнэгүй дайлуулж, цайлуулдаг, тусгай зөвшөөрөл гаргахдаа мөнгө нэхдэг зэрэг олон ноцтой асуудлыг чуулганы үеэр хөндсөн. Энэ бүх шүүмжлэлтэй асуудлыг цэгцлэх, таслан зогсоох хууль эрх зүйн орчин Монголд бүрдсэн үү.

АТГ-ын дэд дарга Г.Азжаргал “Авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааны үр дүн” илтгэлээрээ эл асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр “Авлигатай тэмцэх бодлого бол нарийн төвөгтэй цогц стратеги юм. Манай улсад авлигатай тэмцэх үйл ажиллагааг урьдчилан сэргийлэх ба хууль сахиулах гэсэн үндсэн хоёр чиглэлээр явуулж буй. Энэ үйл ажиллагаанд баримтлах төрийн бодлого нь Монгол Улсын олон улсын гэрээ, хууль, эрх зүйн бусад актад тусаж, хэрэгжиж байна. Тухайлбал, Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, Авлигын эсрэг, Эрүүгийн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын стратеги төлөвлөгөө (2020-2023) зэргийг дурдаж болно” хэмээв.

Түүний дурдсан эрх бичиг баримт бүгд эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд бий. Өөрөөр хэлбэл, Legalinfo.mn цахим хуудсанд нэвтэрч, авлигын эсрэг хууль тогтоомжийг уншиж судлах, татаж авах боломж иргэн бүрт нээлттэй гэсэн үг.  Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дээрх эрх зүйн баримт бичиг, захиргааны арга хэмжээг тогтмол үнэлж, дүгнэх ажлын хүрээнд АТГ 2007 оноос хойш давхардсан тоогоор 1279 төрийн байгууллагад ажиллаж, 597 тушаал, дүрэм, журмыг хянажээ. Улмаар хууль тогтоомжид нийцээгүй гэсэн үндэслэлээр 122-ыг нь хүчингүй болгуулсан байна. Мөн төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж 169 зөвлөмж өгч, хэрэгжилттэй нь давхардсан тоогоор 369 удаа танилцсан аж.

АТГ-аас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлдэг. Чуулганд оролцогчид эл хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатандаа явааг сонирхож, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг АТГ жил бүр нэгтгэн гаргаж, УИХ-д танилцуулдаг. 2023 онд дуусах энэ хөтөлбөрийн биелэлт 2020 оны байдлаар 69 хувьтай байна” гэх хариултыг холбогдох албан тушаалтнуудаас авлаа. Мөн АТГ-ын дэд дарга Авлигын төсөөллийн индексийг 100-аас дотогш оруулах зорилт тавьснаа үндэсний чуулганд оролцогчдод дуулгав.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “Авлигатай тэмцэх улс төрийн хүсэл зориг, эрх зүйн орчин хамтын ажиллагаа”, Брүүкингс институтийн зөвлөх, доктор, профессор Даниел  Кауфманн “Цар тахлын дараа сайн засаглалыг хөгжүүлэхэд анхаарах асуудал”, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Улс төрийн намын санхүүжилт, ил тод байдал, олон нийтийн хяналт оролцоо”, Залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “Залуус авлигын эсрэг” сэдвээр илтгэл тавьсан юм.

Үүний дараа салбар хуралдаан, хэлэлцүүлгүүд болов. Дөрвөн салбар хэлэлцүүлэг хийснээс “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвээс зарим онцлог хэсгийг хүргэе. Салбар хэлэлцүүлэгт АТГ-ын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Р.Баярмагнай, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Галбаатар, ХЭҮК-ын гишүүн, доктор Д.Сүнжид нар мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Авлигын эсрэг үндэсний чуулганы нэг онцлог нь илтгэл тавьж, бусад нь сонсох биш, харилцан ярилцаж, чөлөөтэй асуух зарчмаар өрнөсөн юм.

Илтгэгчид юунд ач холбогдол өгч, юуг анхаарч буйгаа өөр өөрийн илтгэсэн сэдвээрээ тод томруун илэрхийлэв.

Тухайлбал, шүүгч Ч.Хосбаяр хэргийн хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг хөндсөн. Тэрбээр шүүхэд хэргийг танилцуулж байхад гарсан онцлог зүйлүүдийг танилцуулав. АТГ-аас 2019, 2020, 2021 онд шүүхэд шилжүүлсэн хэргүүдэд өнгөрсөн аравдугаар сард судалгаа хийжээ. Нийт 55 хэрэг ирснээс 66 хувь нь Улсын дээд шүүх хянаж, гэм буруутайг нь тогтоосон. Гэтэл 18 хувь нь анхан болон давж заалдах шатны шүүхээс буцаасан аж. Мөн мөрдөн байцаалтад буцсан хэрэг 12 хувь байжээ. Судлаачид үүнд анхаарч төвлөрч судалсан байна. Мөрдөн байцаалтад буцсан хэргийн найман хувь нь оролцогчийн эрхийг хязгаарласан, нотлох баримтыг бодит бусаар бүрдүүлсэн асуудал байж. Дөрөв орчим хувь хэргийг эцэслэн шийдсэн ч хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор ял шийтгэлээс мулталсан аж. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн, татвараас зайлсхийсэн, мөнгө угаах гэмт хэргүүд нотлох баримт цуглуулахад хүндрэл учирдгийг шүүгч  илтгэлдээ дурдлаа.

ХЗДХЯ-ны газрын дарга П.Сайнзориг “Хөөн хэлэлцэх хугацааг уламжлалт аргаар тоолдог. Сэжигтэн оргон зайлсан ч хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байдаг. Тухайн этгээдийг барьсан хойно нь хөөн хэлэлцэх хугацааг тооцдог болъё гэх асуудлыг хуульд тусгахаар судалж байна. Мөн таслах сэргийлэх арга хэмжээг шүүгч биш, прокурор ч гэсэн авдаг болъё. Өөрөөр хэлбэл, шүүхийн шатанд шүүгч, хяналтын шатанд прокурор таслан сэргийлэх арга хэмжээ авъя гэсэн саналууд их ирдэг” гэсэн мэдээлэл өглөө.

Доктор Д.Сүнжид авлига хүний эрхэд хэрхэн нөлөөлж буй талаар хөндсөн юм. Тухайлбал, судалгаагаар авлигатай тэмцэж буй шүүгч, цагдаа тааруу үнэлгээтэй гарсан. Гуравдугаарт, хууль тогтоох байгууллага авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл бага байна гэх шүүмжлэлийг илтгэлдээ “хавчуулав”. Үүний нөлөөгөөр хот, хөдөө, хувийн хэвшлийн аль ч салбарт сурч буй хүүхэд, эмнэлгээр үйлчлүүлж иргэд хохирч байна. Сурах, эрүүл байх, шударгаар шүүлгэх эрхийг авлига ба түүний үр нөлөөтэй хамт тооцдогийг анхаарах шаардлагатай. УИХ, шүүх, прокурор, цагдаа, төрийн аль ч нэгжид итгэх иргэдийн хүсэл зориг жилээс жилд унтарсаар байна гэж тэрбээр онцолсон юм.

Хуульч Л.Галбаатар мөн л Азийн сангаас хийсэн судалгаанд тулгуурлан илтгэл тавилаа. Монголын хуульчдын холбоонд харьяалалтай хуульчдын 77 хувиас “Та өөрийн ур чадварт итгэдэг үү” гэж асуусан байна. Шүүгчдийн 74, прокурорын 60, мөрдөгчдийн 44 хувь нь миний ур чадвар сайн гэж хариулжээ. Тэгвэл авлигын хэргийг шалгаж, хянаж, шүүхэд 90 хувь чадвартай байх ёстой гэнэ. Мөн “Ур чадварын сургалт өгөөжөө өгч байна уу” гэх асуултад шүүгч нарын 50, прокуроруудын 30, мөрдөгчдийн 33 хувь нь үр дүнтэй гэжээ. Харин хуульчдын холбоо ур чадварыг сайжруулах, ойлголтоо нэгтгэх нэгдсэн сургалт шаардлагатай хэмээн үзэж буйгаа дурдав. Улмаар Хуульчдын холбооны үргэлжилсэн цогц сургалтыг санал болголоо.

Нээлттэй нийгэм форумын судлаач П.Бадамгарав дөрвөн санал гаргасан юм. Хуулийн байгууллага авлигын хэргийг мэдээлэхдээ алийг нь өгөх вэ, хэний хэргийг үлдээх вэ гэх зэргээр ялгамжтай ханддаг. Хоёрдугаарт, Шүүхийн мэдээллийн санд авлигын хэрэг орохгүй байна. Оруулсан ч удахгүй устгадаг. Гуравдугаарт, ШШГЕГ-аас авлигын хэргээр шийтгүүлсэн хүн ялаа бүрэн эдэлсэн үү. Хугацаанаасаа өмнө суллагдсан уу зэрэг судалгаа олддоггүй. Дөрөвдүгээрт, авлигын гэмт хэргээс учирсан хор хохирол, төлсөн байдлыг дэлгэрэнгүй мэдээлдэггүй, улсын орлого болгосон зэрэг нь ойлгомжгүй байдаг гэв.

Мөн танхимаас Авлигын дагнасан шүүх байгуулах шаардлага бий юү гэх асуулт тавилаа. Үүнд ХЗДХЯ, шүүх, Монголын хуульчдын холбооноос шаардлагагүй гэсэн ижил байр суурьтай хариулт өгсөн юм. Хэлэлцүүлэг бүрт хуулийн байгууллагууд ойлголт арга барилаа нэгтгэх ёстой гэх санал гарч байсан юм. “Авлигатай тэмцэх үндэсний чуулган-2021”-д оролцсон хуульчид ч тус тусдаа бус, хамтарч авлигатай тэмцье гэх шийдэлд хүрлээ.

Товчхондоо, улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл зориг, ард иргэдийн авлигатай тэмцэх байгууллагад итгэх итгэл өндөр байгаа нь энэ чуулганаас харагдав. Гол нь, нийгмийн салбар бүрт авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэлтэйгээ илэрхийлсэн нь сайшаалтай. Энэ эрмэлзэлийг бодит ажил хэрэг болгохоор чуулганд оролцогч талууд санал нэгдсэн нь "Авлигатай тэмцэх үндэсний чуулган-2021"-ийг зохион байгуулсны гол үр дүн боллоо.

Д.Мягмаржаргал

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин