Намуудын санхүүжилтийг ил болгож, шүгэл үлээгчийг урамшуулах нь авлигатай тэмцэхэд дэмжлэг болно

A- A A+
Намуудын санхүүжилтийг ил болгож, шүгэл үлээгчийг урамшуулах нь авлигатай тэмцэхэд дэмжлэг болно

-Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар сайжирсан-

Олон улсын авлигын эсрэг өдөр өчигдөр тохиолоо. Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв. Олон улсын авлигын эсрэг өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг үндэсний чуулганыг зохион байгууллаа. Чуулганд УИХ, Засгийн газар, АТГ, шүүх, прокурор, цагдаагийн байгууллага, төрийн зарим холбогдох газар, агентлагийн албан хаагчид, удирдлагууд болон олон улсын байгууллагын мэргэжилтнүүд оролцож, авлигатай тэмцэх ажлын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, эрх зүйн орчны талаар хэлэлцлээ. Манай улсын хувьд авлигын төсөөллийн индексээр сүүлийн хоёр жилд 35 оноо авч, дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Авлига, хүнд суртал иргэдэд үйлчлэх учиртай төрийн гол чиг үүргийг хөсөрдүүлж, эдийн засгийн “цусны эргэлт”-ийг гацааж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг үргээж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байна. Авлигатай хийх бидний тэмцэл зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээр хязгаарлагдахгүй, харин түүнийг ургуулж буй хөрс суурь, нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг устгахад чиглэнэ. Тиймээс авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнуудыг цаашид төрд ажиллуулахгүй байх эрхзүйн зохицуулалт хийнэ.

Мөн төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулан шинэчлэх ёстой” гэлээ. Авлигын индексийг бууруулахад иргэн, төр, иргэний нийгэм, хувийн хэвшил болон бусад байгууллагуудын идэвх оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатайг албаныхан хэлж байлаа. Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай, Улс төрийн намын тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулахаар болсныг Ерөнхий сайд энэ үеэр онцлов.

Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар сайжирч, нийт шалгасан хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж буйг АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа хэлж байлаа. Тэрбээр “Аливаа улс орны хөгжлийг сааруулагч хүчин зүйлийн нэгт авлига зүй ёсоор тооцогддог. Монгол Улсын хувьд ч авлига гэх үзэгдэл ядуурал, байгаль орчны бохирдол, халдварт өвчний адил нийгэмд бугшсан байна. Авлига бол албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих төдий асуудал биш. Авлига нь засаглалыг сулруулдаг бөгөөд зэвсгийн наймаа, хууль бус хил дамнасан наймаа зэргийн санхүүжилт болдог. Авлигад алдаж буй мөнгийг эрүүл мэнд, боловсролд зарцуулсан бол олон орны хөгжилд сайнаар нөлөөлөх байсан. Үүнтэй нэг улс дангаар бус хамтын хүчээр тэмцэх нь үр дүнтэй. Манай улсад авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар сайжирч, нийт шалгасан хэргийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал, 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд 1500 гаруй хэргийг илрүүлэн шалгасан байна. 2020 онд 35.6, 2021 онд 96 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Үүнд тус байгууллагын хичээл зүтгэлээс гадна ард иргэдийн оролцоо нэн чухал байсан. Гэхдээ авлигатай тэмцэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

УИХ-ын гишүүн, Авлигын эсрэг парламентын бүлгэмийн гишүүн Ц.Мөнхцэцэг “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, олон нийтийн хяналт, оролцоо” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Тэрбээр Улс төрийн намын тухай шинэчилсэн хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагчийн хувьд хуульд оруулж байгаа гол өөрчлөлтийн талаар илтгэлдээ дурдсан юм. Ц.Мөнхцэцэг “Авлигатай тэмцэхийн тулд улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох шаардлагатай. Шинэ хуулиар нам болгон жилд хоёр удаа санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ. Нам удаа дараа санхүүгийн тайлан, тооцоотой холбоотой алдаа гаргасан тохиолдолд тухайн намд олгох төсвийн санхүүжилтийг хязгаарлана, цаашлаад зогсоох, сонгуульд оролцох эрхийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах заалт оруулсан. Мөн улс төрийн намуудын гишүүдийн татвар, хандив буюу хувь хүн хуулийн этгээдээс өгсөн хандивыг ил тод зарлана. Хандивын дээд хэмжээг тодорхой зохицуулж өгсөн” гэв.

Авлигатай тэмцэхийн тулд шүгэл үлээгчийн эрх зүйн орчинг сайжруулах ёстой

Чуулган дөрвөн салбар хуралдаантай зохион байгуулагдав. Түүний нэг нь “Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг юм. “Шүгэл үлээгчийг хамгаа­­лах, мэдээлэх тогтол­цоог дэмжихүй” сэдвээр Авлига­тай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн илтгэл хэлэлцүүллээ. 

Олон улсад шүгэл үлээгчийг урамшуулах механизмыг хэрэгжүүлж, хамтран ажилласнаар авлигатай тэмцэх ажилд үр нөлөөгөө үзүүлж байгаа талаар онцолж байна. Д.Дуламсүрэн “Хүн өөрт нь хамааралгүй асуудлаар төрийн байгууллага, албан хаагчийн эсрэг холбогдох байгууллагад хандахгүй байна. Яагаад гэдэг асуудал бий. Тухайн хүн аливаа нэг зөвшөөрөл төрийн байгууллагаас хүсэхэд, асуудал нь шийдэгдэхгүй удах, албан хаагч шан харамж хүсэх сонирхолтой байж болно. Энэ тохиолдолд тухайн хүн ханддаггүй. Яагаад ханддаггүй вэ гэхээр өөрийнх нь асуудал шийдэгдэхгүй болчих вий гэсэн болгоомжлолтой байдаг. Тиймээс мэдээлдэггүй. Эсвэл өөрт нь хамааралгүй учраас хандахгүй байх, аминчхан үзэл гаргах тохиолдол байдаг. Иймээс төрийн байгууллагын үйл ажиллагаа сайжрахгүй байж болзошгүй юм гэж үзэж байна. Тиймээс шүгэл үлээгч голлох үүрэгтэй. Шүгэл үлээгчийг буруу талаас нь нийгэмд ойлгуулж ирсэн. Матаасчин гэж гудамжны үгээр тайлбарлаж ирсэн байдаг. Харин олон улсад шүгэл үлээгчийг мэдээлэгч талаас нь авч үзэж байна. 

Авлигын эсрэг НҮБ-ын конвенц 2003 онд батлагдсанаар шүгэл үлээгчийн оролцоо болон шүлэг үлээгчийг хамгаалах асуудлыг олон улсын эрх зүйн түвшинд авч үзэх эхлэл тавигдсан. Нийт 59 улс шүгэл үлээгчтэй холбоотой асуудлыг дотоодын хууль тогтоомждоо ямар нэгэн хэлбэрээр зохицуулж байна. Шүгэл үлээгч нь дуу хоолойгоо хүргэснээр ямар их нөлөөтэй болохыг олон жишээнээс харж болно. Шүгэл үлээгчийн тухай нэг баримт хэлье. Испани улсын төрийн байгууллагад ажилладаг А.Г.Рамос гэх эмэгтэй шүгэл үлээсэн хэргийн улмаас тус улсын Засгийн газрын нөлөө бүхий гишүүд огцорсон байна. Тэрээр одоо шүгэл үлээгчийн эрх зүйн орчныг сайжруулахын төлөө ажилладаг. Монгол Улс авлигатай амжилттай тэмцэхийн тулд шүгэл үлээг­чийн эрх зүйн орчныг дээш­лүү­лэх хуулийг батлах ёстой” гэв.

Авлигатай тэмцэхэд шүгэл үлээгчийн оролцоог хамгийн сайн хангаж буй улс нь АНУ аж. Монгол Улсын хувьд шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг нэмэгдүүлээд зогсохгүй, урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх ёстой гэж хуулийн салбарынхан онцолж байна.

Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын хамтын ажил­лагаа сэдвийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Р.Баярмагнай илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр авлигатай тэмцэх ажлыг сайн зохион байгуулж байгаа жишээг дурдав. Комиссар Р.Баярмагнай  “Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж дэлхий даяар бүхий л салбар уналтад орсон хэдий ч  Авлигатай тэмцэх газраас хэд хэдэн шаардлагатай мэдээллийг оффшор бүсээс гаргуулан авах арга хэмжээг богино хугацаанд үр дүнтэй зохион байгууллаа. Төрийн өмчит үйлдвэрийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болох Д, Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож, албан тушаалаа урвуулан ашиглах байдлаар оффшор бүсэд компани үүсгэн байгуулсан.  Улмаар тухайн аж ахуй нэгжээрээ төрийн өмчит үйлдвэрийн газарт бараа нийлүүлэх ажлыг тогтмол авах байдлаар хууль бус аргаар ашиг олж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг гадаад улс орнуудтай хамтран явууллаа.

Шалгалтын явцад Г нь Лондон хотын төвд 1 сая 100 мянган фунт стерлинг буюу 4.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц худалдан авч хууль бус хөрөнгөө угаасан болохыг тогтоосон. АТГ-аас уг хөрөнгийг эх орондоо буцаан авчрах зорилгоор гадаад хамтын ажиллагааг зохион байгуулж, 4.3 тэрбум төгрөгийг Төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгүүлж, хулгайлагдсан хөрөнгийг эх орондоо авч ирж чадсан” хэмээв.

Т.Амартүвшин

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин