Аливаа улсын хөгжил дэвшлээс хойш татагч бул хар чулуу бол авлига. Шударга ёс, тэгш байдлыг үгүй хийж, нийгмийн үнэт зүйл, залуусын итгэл үнэмшлийг бууруулдаг гэхчлэн авлигын хор хөнөөлийг дурдаад баршгүй. Монгол Улс 2020 онд авлигын индексээр 35 оноо авч, 180 орноос 111-р байрт жагссан. Энэ нь өмнөх жилийнхээс дөрвөн байраар ухарсан үзүүлэлт юм. Нөгөөтэйгүүр, авлигаас ангижрах, эрх тэгш нийгмийг бүтээхийн тулд хүүхэд багачууд, шинэ, залуу үеийн хүмүүжил, төлөвшилд анхаарах нь зүйтэй. Иймд бид энэ удаагийн өдрийн сурвалжилгаа АТГ-аас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй “Зөв дадал-21” дижитал чуулганаас бэлтгэлээ. Энэ арга хэмжээ хүүхэд багачуудад шударга ёсны үнэ цэнийг таниулах, зөв хүүхэд, зөв хүмүүжил, зөв дадал бий болгох зорилготой аж.
Цар тахлын хурдацтай тархалт, халдвар хамгааллын дэглэм, урт удаан хөл хорио, тусгаарлалтын явцад бид алсын зайнаас бүтээмжтэй ажиллах, технологийн дэвшлийг ажил, амьдралдаа нэвтрүүлэх шаардлага үүссэн. Тиймээс ч “Зөв дадал-21” хүүхдийн чуулганыг цахим хэлбэрээр зохион байгуулж буй.
Өөрөөр хэлбэл, АТГ-ын цахим хуудас болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан монгол орны өнцөг булан бүрд суугаа хүүхдүүдэд хүрнэ. Гэхдээ бид цэнхэр дэлгэцээр танд хүрч буй нэвтрүүлгийг газар дээрээс нь хүргэх, оролцогч хүүхдүүдийн тайзнаа хэлж амжаагүй хамгийн чухал үгс, гэрэл цацарсан тайзны ар дахь өрнүүн ажлыг сурвалжлахаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг зорилоо.
ЭРХЭЭ ХАМГААЛЖ, ИРЭЭДҮЙГЭЭ ТОДОРХОЙЛСОН ХҮҮХДИЙН БАЯР
Танхимын хаалгаар орохтой зэрэгцэн дууны операторын “Анхаар дотор чимээгүй” гэх сануулга сонстов. Арга хэмжээ нээж, шууд дамжуулалт эхэлж байгаа нь энэ. “Good habits-21”, “Зөв зөвд шударга зөв” зэрэг соён гэгээрүүлэх аяны лого, уриалга бүхий тайз засжээ. Гол тайзнаа “Том зургаан толгой” киногоороо олны танил болсон Баатараа, Зоригоо нар дуулж, үеийнхэндээ мэндчилгээ дэвшүүлэв. Тэд өнөөдрийн арга хэмжээг хамтран хөтлөх юм. Харин хүүхдээ дагаж ирсэн ээж, аавууд танхимын хана дагуу байршуулсан сандал дээр сэтгэл догдлон суугаа харагдана. Танхимын гол хэсэгт гэрэл, гэрэлтүүлэг, камер, шууд дамжуулалтыг хянах хэд хэдэн дэлгэц байршуулсан байх агаад зохион байгуулалтын багийнхан нааш цааш яаруухан алхана.
Тайзны зүгт тусах гэрэл хэдий тод ч тайзны ар талд ээлжээ хүлээн, нүүр дүүрэн мишээл тодруулан зогсох хүүхдүүдийн жавхааг гүйцэхгүй мэт. Энэхүү арга хэмжээний хамгийн халуун дулаан хэсэг бол бага тайз. Учир нь, чуулганд амжилт, бүтээлээр үеийнхнээ манлайлж яваа хүүхдүүд уригдан ирсэн бөгөөд шударга ёсны талаар үзэл бодлоо илэрхийлэн, үе тэнгийнхэн, найз нөхдөдөө зөв дадлаасаа хуваалцаж, авлигагүй нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулахыг уриалсан юм. Тодруулбал, 2019 онд Дубай хотноо зохиогдсон тусгай олимпын мөнгөн медальт Б.Амарболд, өсвөрийн төгөлдөр хуурч Г.Амина, реппер Г.Уянгатуяа, жүжигчин Ц.Мичидмаа, “Tom girlz”, “Tom boys”, “Tom kids” хамтлагийнхан зэрэг авьяаслаг багачууд зочноор оролцов. Тэр дундаас Жүжигчин Г.Алтаншагайгийн хүү А.Тэнүүн “Утас бага үзээрэй. Байнга утсаар тоглоод байвал утсандаа нүд “орчихоод”, цаг харах зав ч олддоггүй.
Мөн буруу зүйл хийсэн бол түүнийгээ хүлээдэг шударга хүүхэд байцгаая” гэх хөгжилтэй яриа цаг завгүй ажиллаж буй хүмүүсийг инээлгээд амжив. Хүүхдүүд шударга бус зүйл болон зөв дадлын тухай ийн ярьсан юм. Өсвөрийн төгөлдөр хуурч Г.Амина “Томчууд “би чиний насан дээр ийм байгаагүй“ гэдэг үгээр хүүхдийнхээ хүсэл сонирхлыг нь боогдуулдаг.
Нийгэм, цаг үе өөрчлөгдөөд байхад өөрийнхөө бага байсан үетэй харьцуулж ярьдаг нь шударга бус санагддаг. Хүүхэдтэйгээ ярилцаад хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлээсэй гэж хүсэж байна. Ээж маань надад “Толгой дотор чинь харанхуй гудамж байгаа гэж төсөөл. Шинэ зүйл сурч, мэдэх болгонд тэнд гэрэл асаж байдаг. Тэр хэрээр ирээдүйд хүрэх зам чинь гэрэлтэнэ. Бүдэрч унасан ч зам чинь тодорхой болохоор урагшилж чадна” гэж сургадаг. Тиймээс сурч, хөгжих насаа үнэ цэнтэй зүйл зориулаарай” гэж үеийнхэндээ уриалав. Ерөнхий боловсролын 53-р сургуулийн XII ангийн сурагч үндэсний сур харвааны өсвөрийн дэд мастер Б.Ононгуа “Тэмцээн уралдааны үеэр шударга бус зүйлтэй нүүр тулж байсан. Шүүгчдийн зүгээс өгсөн оноо тэнцүү мөн үзэгчид намайг дэмжиж байхад “асрамжийн газрынх юм чинь” гэсэн хандлагаар өөр нэг хүүхдийг байранд оруулсан. Өсвөр насныханд ийм зүйл маш буруу үлгэр дуурайл болдог. Нийгэмд гэр бүлийн байдал, эцэг эхийнх нь ажил, мэргэжлийг харж ханддаг хандлага бий. Үүнийг даамжруулж байгаа нь насанд хүрэгчдийн буруу. Бүх хүн шударга болж байж нийгэм хөгжинө. Энэ цолонд хүрэхийн тулд хоёр гарын шуу, эрхий хуруугаа хөхөрч, цус гартал бэлтгэл хийсэн. Өөртөө үнэнч, хичээл зүтгэлтэй байж амжилтад хүрдэг.
Би авлига, шударга бус зүйлийг өнөө үеийн залуус хүлээн зөвшөөрөхгүй гэдэгт итгэдэг” гэсэн юм. Зочны суудалд тухалсан дараагийн авьяастан “Аcademy awards” наадмын шилдэг гол дүрийн шагналт, авьяаслаг бяцхан жүжигчин Ц.Мичидмаа байв. Тэрбээр “Би зөв, шударга байхыг хичээдэг. Үеийнхэндээ болон надаас дүү хүүхдүүдэд үлгэр дуурайл болж байгаа учраас хариуцлагатай, шударга байх ёстой. Чөлөөт цаг гарвал өөрийгөө хөгжүүлэхэд анхаардаг. Саяхнаас оюун ухааны академид суралцаж эхэлсэн. Шударга хүүхэд байснаараа цаашид бусдын итгэлийг алдаггүй, зөв хүмүүсээр хүрээлүүлж чадна” гэж ярив.
Тэр энэ өдөр үеийнхэндээ ая дууны мэнд дэвшүүлэхийн сацуу амжилттай байх туршлагаасаа хуваалцаад тун ч завгүй байсан юм. Бяцхан зүрхэндээ зөв хүн байж, шударга нийгмийг бүтээх хүсэл тээж яваа хүүхдүүдийн гэгээн яриа бусдад нэгийг бодогдуулж, “нээрээ тийм” гэх итгэлийн гэрэл асаасан дамжиггүй. Энэ танхимд хүүхдийн эрхийг хамгаалах өдөр жинхэнэ утгаараа болж өнгөрөв. Тэд эрхээ хамгаалж, ирээдүйнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн юм.
ШУДАРГА БАЙХ ТИЙМ ХЭЦҮҮ ГЭЖ ҮҮ
Авлигын эсрэг гэх “хүндхэн” уриатай ч энэ бол хүүхдийн чуулган. Саяхан шударга бус зүйлтэй нүүр тулж байснаа дурсаж, үгээ цөөлж байсан нэгэн их тайзны зүг гэрэл тусахтай зэрэгцэн нүд суудлаасаа өндөлзөнө. Хүүхэд гэдэг тийм л гэгээн байдаг аж. Тийм гэгээн сэтгэл, гэнэн насандаа тэд авлигын тухай чамгүй ихийг мэдэж байгаа нь өнөөгийн нийгмийн булхайг илчлэх шиг. Түрүүхэн зочны тайзнаас мэндчилсэн Г.Амина охин энэ удаа их тайзнаас ятгын аялгуугаар үзэгчидтэй уулзав.
Ерөөс энд хүрэлцэн ирсэн хүүхэд бүр дуулах, бүжиглэх, ярилцлагад орох, цэнхэр дэлгэцээ үзэн суугаа үеийнхнээ баярлуулах гээд чамгүй олон үүрэг гүйцэтгэж буй. Арга хэмжээ шахуу хуваарьтай тул хувцсаа солихоос эхлээд яаруухан гүйлдэж харагдана. Ятгын аялгууны дараа “гал гарсан” мэтгэлцээн өрнөлөө.Тодруулбал, АТГ-аас шинэ үе, залуучууд авлигыг тэвчихгүй уриан дор ерөнхий боловсролын сурагчдын дунд зохион байгуулж буй “New generation-no corruption” илтгэлийн улсын уралдааны сүүлийн шатны шалгаруулалт болж байгаа юм. Илтгэлийн уралдааныг цахимаар зохион байгуулсан бөгөөд хот, хөдөөгийн 250 орчим хүүхэд оролцжээ. Харин энэ тайзан дээр шилдэг есөн оролцогч үгийн ур, ухааны цараагаа уралдуулах юм. Дүрэмт хувцсаараа гоён ирсэн сурагчид, танхимын зүүн талын хана дагуу тавьсан урт сандал дээр, тайз руу гарах ээлжээ хүлээн сууна. Тэдний илтгэлийг сонссон хэнбугайд ч “Бид хүүхдээ ямар нийгэмд амьдруулж байна вэ” гэх эмзэглэл төрнө. О.Буянхишигийн “Томчууд биднийг худлаа хэлж болохгүй гэж сургадаг. Тэгсэн хэрнээ өөрсдөө үүнийгээ зөрчдөг. Би цэцэрлэгт байхдаа зургаан удаа шилжсэн.
Дөнгөж найзтай болж байтал явах хэрэг гардаг. Тэр үед би ердөө таван настай байсан болохоор учрыг нь ойлгодоггүй байлаа. Харин одоо би 17 настай. Шалтгаан нь надад цэцэрлэгээс нэхсэн эд материал, мөнгийг нь өгөх чадал байгаагүй юм билээ”, Ц.Сүнгийн “Бид цэцэрлэгийн наснаас эхлээд танил тал хайдаг нийгэмд амьдарч байна.Цаашлаад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхэд ч танил тал хэрэгтэй. “Яг одооноос эхэлье” гэж 20 гаруй жил ярьсан байна. Одооноос лоозогнох бус бага балчираас нь хүүхдийнхээ ой тойнд ортол ойлгуулах хэрэгтэй. Монголчууд хүүхэд үг хэлэх гэхээр томчуудын хэрэгт хошуу дүрлээ гэж хорьдог. Ахмадаа хүндлэх ухаан, үзэл бодлоо илэрхийлэх эрх өөр. Хүүхдэдээ тааруухан дүнгээ мөнгөөр засуулж болдог гэж бүү ойлгуулаач. Шударга бусыг харж өссөн хүүхэд ирээдүйд ийм үйлдлийг гарч л байдаг гэж ойлгоно. Бид энэ чөтгөрийн тойргоос гарч, авлигагүй нийгмийг бүтээж чадна” гэх хатуу боловч үнэн үгс сэтгэл эмзэглүүлэм.
Орхон аймгийн I сургуулийн IX ангийн сурагч О.Очирбат, БГДийн Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн 8-5 ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ, Дорноговь аймгийн I сургуулийн XII ангийн сурагч Б.ГанЭрдэнэ, БЗД-ийн 92-р сургуулийн XI ангийн сурагч Ц.Сүнгий, БЗД, “Томужин” алтернатив сургуулийн 12-1 ангийн сурагч О.Буянхишиг, СХД-ийн 124-р сургуулийн XI ангийн сурагч О.Болортуяа, Хэнтий аймгийн Мөрөн сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч З.Болортунгалаг, СХД-ийн 106 сургуулийн XI ангийн сурагч Э.Эмүжин, ХУД-ийн 52-р сургуулийн 11 А ангийн сурагч Э.Хүслэн нар “Шударга ёс гэж юу вэ”, “Уралдаан тэмцээн шударга болдог уу”, “Та шударга байж чаддаг уу”, “Чи ирээдүйд ямар хүн болохыг хүсдэг вэ”, “Шударга байх хэцүү юү”, “Сургуулийн орчин дахь шударга бус, ёс зүйгүй үйлдэл” сэдэвт илтгэл тавьж, оюунаа уралдуулав. Цахим илтгэлийн уралдааны гуравдугаар байрт О.Буянхишиг, дэд байрт З.Болортунгалаг, тэргүүн байрт Э.Хүслэн нар шалгарав.
Хэдий хоорондоо өрсөлдсөн ч нэгийнхээ амжилтад баярлан, халуун баяр хүргэх хүүхдүүдийн дүр зургаас зөв хүн хэмээх үгний утга тодхон харагдана. Шагналын ая, цаасан салютын дор инээмсэглэл, баярын нулимс хослуулан зогсох охин бол Э.Хүслэн. Хурц үг, уран ухаанаараа үеийнхнээ хошуучилсан тэрбээр “Шинэ үеийн залуусыг шударга нийгэм бүтээхийг уриалан дуудсан илтгэлийн уралдааны зарыг хараад оролцож чадах эсэхдээ эргэлзсэн. Тэгээд материал хүлээн авах сүүлийн өдөр нойргүй сууж байгаад илтгэлээ бичиж, явуулсан. Шилдэг есөн илтгэлийн нэгээр шалгарснаа мэдээд итгэж ядсан.
Өнөөдөр үеийнхэнтэйгээ нэгэн тайзан дээр гарч, илтгэлээ танилцууллаа. Бүгд сайн байлаа. Ийм мундаг хүүхдүүдтэй өрсөлдөөд түрүүлнэ гэж үнэхээр бодсонгүй. Би илтгэлээрээ цар тахлын тархалтад хүн бүр анхаарлаа хандуулж басхүү эмээж, таслан зогсоох гэж оролдож байна. Тэгсэн хэрнээ нийгмийн бүхэлд нь бүрхсэн оюуны тахал, дэлхий нийтийг авлига “идэж” байхад хэн ч анзаарахгүй байгааг сануулахыг хүссэн. Үеийнхнийгээ авлигатай эвлэрэхгүй байж, таслан зогсооход хувь нэмрээ оруулан, зөв, шударга нийгмийг бүтээхийг уриаллаа. Авилгагүй нийгмийг бүтээхэд хүүхэд, залуучуудын оролцоо маш их. Энэ нь их бага хэмжээгээр авлига өгөхгүй, авахгүй байхаас эхэлнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Шинэ үеийнхэн хэчнээн хэрсүү өсөж байгааг харж бахархах, “Шударга байх тийм хэцүү гэж үү” гэх асуултад нь хариулт олох гэж дотогшоогоо өнгийсөн нэгэн өнгөрөв. Хүүхдүүдийн үзэл бодол, дуу хоолой тийм хүчтэй аж. Харин тэднийг зөв хүн болгож өсгөх, ухаан, оргилсон хүслийг нь шударга нийгэмд бүтээхэд чиглүүлэх нь томчуудын, төр, засгийн үүрэг юм.
ХҮҮХДҮҮДЭД БАЯР, ТОМЧУУДАД УХААРАЛ ТҮГЭЭВ
Илтгэлийн уралдааны шилдэг оролцогчдын шагналыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн гардуулсан юм. Тэрбээр “Цахим илтгэлийн уралдаанд суурилсан “Зөв дадалЗөв хүмүүжил-2021” уралдаан ийнхүү өндөрлөж байна. Нийгэмд шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх, үнэ цэнийг ойлгуулахад хүүхдүүдийн дуу хоолой маш чухал.
Оролцогчид өөр өөрийн өнгө аяс, агуулга бүхий илтгэл тавилаа. Тэдний хүсэл мөрөөдөл, үзэл бодолд суурилан цаашдын соён гэгээрүүлэх, мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах шаардлагатай. Шударга ёсыг үнэт зүйлээ болгох үйлсэд хувь нэмрээ оруулсан, дуу хоолойгоо хүргэсэн хүн бүрд баярлалаа” гэв.Энэхүү уралдаан өсвөр үе, хүүхэд залуучуудад авлигын хор хөнөөлийг тайлбарлан таниулах, шударга ёсны төлөө үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо хүргэх, эерэг нөлөөлөл бий болгох учиртай. Нөгөөтэйгүүр, цар тахлын улмаас жил тойрон гэртээ сууж буй хүүхдүүдийн нүд, сэтгэлийг баясгасан арга хэмжээ болов. Энэ талаар тус дижитал чуулганы зохион байгуулагч, “MN маркетинг” компанийн захирал Г.Нямхүү “АТГ-аас хүүхэд багачуудад багаас нь зөв дадал, хүмүүжил олгох зорилгоор арга хэмжээг зохион байгуулж байна. Өнгөрсөн онд “Good habits -20” нэртэйгээр зохион байгуулж, салбар салбарын манлайлагчдын оролцуулсан.
Тэгвэл энэ удаа зочид, илтгэгчид нь хүүхэд байгаагаараа онцлог. Урлагийн арга хэмжээ, илтгэлийн уралдаан, нийгэмд түүчээлж яваа хүүхдүүдийн чин сэтгэлийн ярилцлагыг багтаасан цогц арга хэмжээ юм. Нөгөөтэйгүүр, өмнөх жилүүдээс хэд дахин хүртээмжтэй байна. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард “Зөв дадал” аяны шууд үзэлт 300 мянга байсан. Харин одоо шууд дамжуулалт хоёр сая 749 мянга сая хүнд хүрэх боломжтой гэж фэйсбүүкийн статистик тооцоолж байна.
АТГ, БШУЯ, ГБХЗХГ, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын цахим хуудас болон хүүхдийн төлөө нэгдсэн хэвлэл мэдээллийн байгууллагын хэрэгслээр шууд дамжуулж байна” гэж ярьсан юм. Түүний хэлсэнчлэн дижитал чуулганы хандалт өндөр байсан юм.Орон нутгаас холбогдож буй төлөөлөгчид, шууд дамжуулалтын доорх сэтгэгдэл, танхим дахь эцэг эхчүүдийн харц таатай байгаа нь илхэн. Үе үе “Яаж ингэж сэтгэдэг байна аа”, “Одооны хүүхдүүд сүрхий гэж”, “Нээрээ ч тийм шүү”, “Эдний үгийг сонсож байхгүй бол болохгүй нь” гэх бахархсан үг танхимыг хаа нэгтэйгээс сонсоно. Харин удаан хугацааны дараа үеийнхэнтэйгээ уулзаж, цэнхэр дэлгэцээр үзэл бодлоо хуваалцах боломж олдсон багачууд хөл газар хүрэхгүй дэрвэж харагдсан юм. Хүүхдүүдэд баяр, томчуудад ухаарал түгээсэн тус арга хэмжээ “Худлаа ярихгүй байя, Хүн бүхнээс эрдэм суръя” гэх хүүхэд бүрийн мэддэг, хөгжил, тэмүүлэлд хөтөлсөн дуугаар өндөрлөв.
Сэтгүүлч П.Даваажаргал
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин