Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Энхболдтой ярилцлаа.
-Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлого нь хэт өссөн албан тушаалтнуудыг нарийвчлан шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулбал?
-Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлэг гаргагчаас 19 дэд хүснэгтээр мэдүүлэг авдаг. Эдгээрийн нэг нь мэдүүлэг гаргагч, түүний гэр бүлийн гишүүдийн орлогын талаарх мэдүүлэг. Уг мэдүүлгийн дагуу өмнөх оноос орлого нь их хэмжээгээр өссөн 20 албан тушаалтныг шалгаж, тухайн орлогод ногдох татвараа хууль тогтоомжийн дагуу төлсөн эсэхэд хяналт хийлгүүлэхээр татварын байгууллагад хандаад байна.
Манай байгууллагад мэдүүлсэн орлогын мэдээлэл нь үнэн зөв бол холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар, хураамжаа төлсөн байх учиртай.
-Хөрөнгө, орлого нь хэр их өссөнийг их хэмжээгээр өссөн гэж үзэж байна вэ?
-Албан тушаалтан хууль ёсны дагуу орлого олох нь буруу биш гэдгийг онцлон тэмдэглэе. Манай байгууллагын цахим системээр дамжуулан 43,7 мянган албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргадаг. Цахим системийн мэдээлэлд хийсэн эрсдэл тодорхойлох дүн шинжилгээнд үндэслэж гаргасан. Өөрөөр хэлбэл, мэдүүлгээ гаргасан албан тушаалтнуудын орлогын өсөлтөөр нь эрэмбэлж үзэхэд орлого нь хамгийн их өссөн албан тушаалтнууд гэж ойлгож болно.
Өмнөх жилийн мэдүүлэгт мэдүүлсэн орлого нь хэт өсөлттэй байгаа учраас нягталж үзэх шаардлагатай. Өмнө энэ асуудлаар 2020 онд Татварын ерөнхий газартай хамтран ажилласан. Татварын байгууллагын шалгалтаар нийт 31.9 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, 801.6 сая төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавигдсан байдаг.
-30 тэрбум төгрөгийн зөрчил гэдгийг тодруулбал?
-Татварын хууль тогтоомжийн дагуу бизнесийн үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа бол татварын байгууллагад мэдүүлэх, татвар хураамжаа төлөх ёстой. Гэтэл ХОМ-тээ өөрийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас төдий хэмжээний орлого олсон гэдгээ мэдүүлдэг боловч уг аж ахуйн нэгжээрээ татвараа төлөөгүй байдаг. 2020 онд татварын байгууллагад мэдүүлэг гаргагч болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 17 хуулийн этгээд, 3 иргэний санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд дээрх нөхцөл байдал тогтоогдсон.
Цаашид мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтан холбогдох тайлан, мэдүүлгээ төрийн байгууллагуудад үнэн зөв гарахад анхаарах хэрэгтэй байна. Ялангуяа цахим систем хөгжсөн үед мэдээллээ худал, зөрүүтэй өгөх нь сөрөг үр дагвартай.
-Энэ жил 20 албан тушаалтныг шалгаж байгаа. Дийлэнх нь ямар албан тушаалтай хүмүүс байна вэ?
-Төрийн албаны нэр хүнд гэдэг ихээхэн чухал зүйл. Шалгах ажиллагаа явагдаж байгаа болохоор тодорхой албан тушаал нэрлэх нь зохимжгүй байна. Шалгалтын дүнг бид эргэж мэдээлнэ.
-Сүүлийн үед ХОМ-ээ мэдүүлж буй албан тушаалтнуудын олсон орлого нь тухайн жилдээ төлсөн татварын дүнгээр нотлогддог байх асуудал яригдаж байгаа юм билээ?
-Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг манай байгууллага 20 орчим дэд хүснэгтээр гаргуулж авдаг. Хүснэгт бүрт ирүүлсэн мэдээллийг хянан шалгах арга зүй, мэдээллийн сан нь өөр өөр байдаг. Зөвхөн татвараас гадна хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, мөн хадгаламж, зээлийн мэдээлэл, хамаарал бүхий этгээдийн мэдээлэл, компанийн мэдээлэл зэрэг бусад мэдээллийг хянан үздэг. Цаашид технологийн дэвшилтэй уялдуулан хиймэл оюун ухаанд тулгуурласан цахим системийг хөгжүүлэх, энэ талаар төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага тулгарч байгаа.
Үүнээс гадна мэдүүлгийн маягтыг 2012 онд батлан мөрдөж байгаа. Энэ хугацаанд эцсийн өмчлөгч, криптовалюттай холбоотой олон шинэ нөхцөл бий болж хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтад өөрчлөлт оруулахаар төслийг бэлтгэсэн бөгөөд УИХ-ын ХЗБХ-нд хүргүүлэн батлуулахаар төлөвлөн ажиллаж байна.
-Криптовалюттай холбоотой асуудлууд гэхээр койноос олсон орлогыг хэрхэн мэдүүлэх талаар нэмэгдэнэ гэсэн үг үү?
-Зарим албан тушаалтнуудын хөрөнгө нь виртуал валют буюу криптовалют, койн, токен хэлбэртэй байгаа, мөн хуулиар хориглосон зохицуулалт байхгүй болохоор энэ мэдээллийг бид авах ёстой юм.
Эцэст нь нийтийн албан тушаалтнуудад хандаж хэлэхэд мэдүүлгээ үнэн, зөв гаргах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд анхаарах хэрэгтэй. Технологийн дэвшил, хиймэл оюун ухаан, их өгөгдөл бидэнд өмнө нь байгаагүй боломжийг олгож байна.