АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа: Гадаадын дөрвөн улсаас орон сууц, хаус, бэлэн мөнгө зэрэг нийт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж ирсэн

A- A A+
АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа: Гадаадын дөрвөн улсаас орон сууц, хаус, бэлэн мөнгө зэрэг нийт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж ирсэн

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваатай ярилцлаа.

-Авлигын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх асуудал олон нийтийг талцуулж байна. Нэг ёсондоо авлигын гэмт хэрэгтнүүд ялаас бултах боломж болчихлоо гэж үзэж байна. Та үүн дээр тайлбар өгөөч?

-Хялбаршуулсан журмаар шийдэх асуудал 2017 оны Монгол Улсын эрүүгийн хуульд орсон. Энэ нь хоёр талтай. Нэгд, хялбаршуулсан журмаар шийдэгдэж байгаа тохиолдолд сэжигтэн, яллагдагч гэм буруугаа зуун хувь хүлээн зөвшөөрдөг. Мөн улсад учруулсан хохирлоо өөрөө төлдөг. Тэгэхээр гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг учраас ял харгалзах ажиллагаа хийгдэж, прокуророос шүүх рүү очиж шийдэгдэж байгаа.

Авлигын хэрэг дээр тодорхой хэмжээгээр эргэж харах зарим асуудал бий. Хууль тогтоогчдын зүгээс, Монгол Улсын гүйцэтгэх засаглалаас тодорхой авлигын хэргүүд дээр ялын бодлогоо өөрчлөх чиг хандлагыг ярьж байх шиг байна. Заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэсэн асуудал байхгүй. Эрүүгийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулж зарим авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй гэсэн хууль тогтоомж гарвал шийдээд явах байх.

-Хялбаршуулсан журмаар шийдэгдсэн хэргүүд юу байна вэ. Саяхан гэхэд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн холбогдсон хэрэг энэ журмаар шийдвэрлэгдлээ?

-Нарийн тоог хэлж мэдэхгүй байна. Ер нь энэ онд 120 орчим авлигын хэрэг шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй ойролцоо.

-Энэ журмыг анх хэрэгжүүлэхдээ авлигын хэргийн цаана байгаа том эздийг, бүлэглэлийг илрүүлэх зорилготой гэж яригдаж байсан. Харин өнөөдөр үр дүн өөр болчихов уу?

-Хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлэнэ гэдэг тухайн хүн өөрөө хүсэлт тавьж байгаа. Надад тухайн хэрэг дээр ямар нэгэн маргах зүйл алга. Тийм учраас хохирол мөнгөө төлье. Хорихоос өөр төрлийн ял өгөөч гэсэн агуулгатай. Тийм учраас гэм буруугийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс 2017 онд хийсэн алхам. Харин авлигын хэрэг дээр яаж хэрэглэх вэ, ямар зүйл анги дээр хэрэглэх вэ гэдэг хууль тогтоогч нарын асуудал.

-Хялбаршуулсан жур­маар авлигын хэргийг шийдвэрлэхэд хүндрэлтэй зүйл юу байна вэ?

-Хүндрэлсээд байх юу байх вэ. Манай байгууллага олон чиг үүрэгтэй. Үүний нэг чиг үүрэг нь мөрдөн шалгах үйл ажиллагаа. Мэдээж энэ асуудал хоёр талтай. Хууль сахиулах байгууллагын дарга өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулийг сайн байна, муу байна гэж яриад байх нь бас зохимжгүй. Гол нь хууль тогтоомжид өөрчлөлт ороод, авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй гэчихвэл асуудалгүй. Бид хуулиа мөрдөөд л явна.

-Авлигын хэргийн хохирол барагдуулах ажил хангалтгүй байгаа дуулддаг. Шалтгаан нь юу байна вэ?

-Авлигын хэргийн хохи­рол барагдуулалт янз бүр. Нөхөн барагдуулалтын хувьд иргэдэд ойлгомжгүй бус байдал байдаг байх. Зарим төрийн байгууллагад учирсан хохирлыг тухайн төрийн байгууллагад нь шилжүүлээд явчихдаг. Хахуулийн хэрэг дээр учирсан хохирол гэдэг бол нийгмийн харилцаа өөрөө байдаг. Нийгмийн харилцааг үнэлэх боломж, тухайн хахуулийн мөнгийг хурааж аваад улсын орлого болгоод шийдээд явдаг. Төрийн байгууллагад учирсан хохирлыг төрийн байгууллагад мөрдөн шалгах ажлын хүрээнд шийдвэрлэж чадахгүй тохиолдолд шүүхээр эцэслэн шийдэгдээд явж байгаа.

-Өнөөдрийн нийгэмд авлига өгч байгаа, авч байгааг харсан хүн мэдээлж чадахгүй байна. Шүгэл үлээгчийг хамгаалахын тулд юу хийх шаардлагатай юм бэ?

-Шүгэл үлээгчийн хуулийг манай байгууллага анх санаачилсан. Хууль тогтоомж гаргах хүрээнд хэлэлцүүлэг хийх ёстой. Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлгүүдийг хийгээд УИХ-д тодорхой саналуудыг хүргүүлсэн. Хууль тогтоомжийн хүрээнд Засгийн газраас өргөн бариад явж байгаа.

-Авлигын дагнасан шүүхтэй болъё гэсэн санаачилгууд яригддаг. Манайд шаардлагатай юу?

-Шүүх дагнан байгуулах нь Үндсэн хуулиар нээлттэй юм билээ. Авлигатай тэмцэх газар дагнан байгуулагдаад авлигын хэргийг мөрдөн шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Прокурорын байгууллагаас АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд дагнасан алба нь хяналт тавьж явдаг. Ерөнхийдөө авлигын төсөөллийн индексийн хүрээнд шүүхийг дагнан байгуулах нь зүйтэй гэсэн асуудал яригддаг.

Монгол Улсын хувьд бид шүүх дагнан байгуулснаас шүүгч нараа авлигын хэргийг шийдвэрлэхэд мэргэшүүлэх чиглэлээр ажиллах нь зүйтэй. Манайд 500 гаруй шүүгч  байгаа. Тэдний тодорхой хэсэг нь Улаанбаатар хотод ажиллаж байна. АНУ-аас шүүхийн байгууллага болон хууль сахиулах байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлийн сургалтууд явж эхэлнэ.

Бид бас мөнгө угаах, авлигатай тэмцэх чиглэлийн хүрээнд шүүх, прокурорын байгууллагын ажилтнуудад дагнасан сургалтууд хийж байгаа. Мэргэшүүлээд явчих нь зүгээр юм уу гэсэн байр суурьтай байгаа.

-Гадагшаа гарсан хөрөнгийг татах ажиллагаа ахицтай байгаа гэж дуулдсан. Ямар төрлийн хөрөнгүүдийг оруулж ирсэн байдаг юм бэ?

-Бид НҮБ-ын конвенцид нэгдэн орсны чухал ач холбогдол бол Монгол Улс эрүүгийн болон иргэний харилцан туслалцах гэрээ байгуулсан 20 орчим улстай хамтын ажиллагаатай байдаг. НҮБ-ын конвенцид 190 орон нэгдсэн байгаа. Тэдгээр 190 оронтой авлигын хэргээр чөлөөтэй харилцана гэсэн үг.

Тийм учраас энэ хүрээнд дөрвөн орноос орон сууц, хаус, бэлэн мөнгө зэрэг нийтдээ одоогийн ханшаар 20 тэрбум төгрөгийн хөрөнгийг гаднаас оруулж ирээд байна. 

-Авлигын хуулийг чангатгах бодлого дээр Авлигатай тэмцэх газар ямар байр суурьтай байдаг вэ. Авлигын хэргийн ялын бодлого хөнгөн байна гэсэн шүүмжлэл тасрахгүй байна шүү дээ?

-Ер нь бид удаа дараа Эрүүгийн хууль тогтоомжид хууль сахиулах байгууллага АТГ-ын байгууллагынхаа үүднээс ер нь эрүүгийн хууль тогтоомж, 22 дугаар бүлгийн зүйл заалтыг жаахан чангалах талын асуудал байгаа. Ялын бодлогыг чангалаач гэдэг зүйлийг санал болгодог.

Тодруулбал, хөрөнгө хураах ял. Өнөөдрийн хуулиар бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийн учруулсан хохирлыг л нөхөн төлүүлдэг. Хөрөнгө хураах ял гэдэг маань тухайн хүний хууль бусаар олсон эд хөрөнгийг хураана гэсэн үг. Тийм учраас хөрөнгө хураах ял 22 дугаар бүлэг дээр байх нь зүйтэй гэсэн санал бодлоо ярьж хэлж байгаа.

-Монгол Улс авлигын индексээр урагшлахгүй шалтгааныг тодорхой хэлж өгөөч. Хууль тогтоомж нь болохгүй байна уу, эсвэл АТГ сайн ажиллаж чадахгүй байна уу, магадгүй улс төрийн нөлөөлөл ийм байдалд хүргээд байна уу?

-Энэ чиглэлээр 13 байгууллага төсөөллийн индекс гаргаж байгаа. Зөвхөн Авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаагаар хэмжигдэхгүй. Манай байгууллагын үйл ажиллагааг дүгнэх хэргийн илрүүлэлт болон хохирол нөхөн төлүүлэх хоёр заалт төсөөллийн индексээр дурдагддаг.

Ерөнхийдөө нийгмийн авлигыг бүрдүүлж байгаа суурь хөрсөө чиглүүлж шийдэхгүй байна. Монгол Улс хүнд суртал, ил тод бус байна гэсэн үнэлгээ. Үүн дээр УИХ, Засгийн газар цахимжина гэж ярьж байна. Цахимжина гэдэг төрийн алба ил тод болно, хүнд сурталгүй болно гэсэн үг. Хоёрдугаарт, бид хууль тогтоомжоо боловсронгуй болгох ёстой. Манайд бол конвенцоор хүлээсэн үүргээрээ авлигын хууль тогтоомж хангалттай байна. Гэхдээ хууль тогтоомжоо иргэдэд ойлгомжтой болгох хэрэгтэй. Энэ талаар тодорхой ажлууд хийгдээд явж байгаа. Авлигын индекс ирэх жилээс нааштай үзүүлэлт гарна байх гэсэн итгэл байна.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: "Өдрийн сонин"