НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн товч танилцуулга

A- A A+
НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн товч танилцуулга

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг конвенцийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баталж, 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба 2021 оны байдлаар 189 гишүүн орон соёрхон баталсан байна. Авлигын эсрэг конвенцид авлигыг тодорхойлоогүй бөгөөд харин авлигын хэлбэрийг нэг бүрчлэн тусгаж өгсөн байдаг. Конвенцид нэгдэн орсон улс, орнууд гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа, иргэний ба захиргааны туслалцаа болон техникийн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээдэг. Түүнчлэн, конвенцийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлагыг хэрэгжүүлэхэд авах бүрэн эрхийг зохицуулж, мэдээллийн тод байдлыг хангах ач холбогдлыг баталгаажуулж өгсөн юм. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба нь тус конвенцийн нарийн бичгийн даргын үүргийг хэрэгжүүлж байна.

Авлигын эсрэг конвенц нь 8 бүлэг, 71 зүйлээс бүрдэх бөгөөд ихэнх зүйл нь заавал биелүүлэх шинжтэй бол зарим зүйл нь гишүүн орныг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулахыг хүсдэг. Одоогийн байдлаар нийт 11 улс, орон тус конвенцид нэгдэн ороогүй байна. Үүнд: Андорра, Барбадос, Эритрей, Монако, Хойд Солонгос, Сент Китс ба Невис, Сент Винсент ба Гренадин, Сан Марино, Суринам болон Сири багтана.

Гадаад хамтын ажиллагаа

Авлигын эсрэг конвенцийн дөрөвдүгээр бүлэгт “Олон улсын хамтын ажиллагаа”-г тусгасан байдаг. Энэ хүрээнд үндэстэн дамнасан конвенцид заасан авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд гишүүн орнууд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэхээр зохицуулсан. Үүнд, сэжигтнийг шилжүүлэх /44-р зүйл/, ялтан шилжүүлэх /45-р зүйл/, мэдээлэл солилцох, гэмт хэргийн улмаас олсон орлогыг илрүүлэх, царцаах, хураан авах ажиллагаанд харилцан туслалцаа үзүүлэх /46-р зүйл/, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буцаан шилжүүлэх /47-р зүйл/, хууль сахиулах хамтын ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагааг хамтран гүйцэтгэх болон мөрдөн шалгах тусгай арга техник /48-50-р зүйл/-ийг тусгасан.

Мөрдөн шалгах болон хохирлыг буцаан шилжүүлэх иргэний, захиргааны ажиллагаанд гишүүн орнууд хамтран ажиллах нь заавал гүйцэтгэх шинж чанаргүй юм. Харин гишүүн орнууд тус ажиллагааг гүйцэтгэх талаар анхаарал хандуулах ёстой байдаг/43-р зүйл/.

Мөн конвенцид зааснаар мөрдөн шалгах ажиллагаанд туслалцаа хүсэхэд тус гэмт хэрэг нь хоёр оронд адил гэмт хэргийн шинж чанартай байх шаардлагатай байдаг нь мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулдаг байдлыг хөнгөвчилсөн байна.

Хөрөнгө буцаах

Хөрөнгө буцаах ажиллагааг конвенцийн 5-р бүлэгт тусгаж өгсөн ба Авлигын эсрэг конвенцийн суурь зарчмын нэг юм. Гишүүн орнууд авлигын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлогыг буцаах чиглэлд хамтын ажиллагааны өргөн хүрээний дэмжлэг, боломжийг санал болгохыг шаарддаг. Авлигын гэмт хэргээс шалтгаалан хөрөнгийг тухайн улсад, өмнөх хууль ёсны өмчлөгчид эсхүл хохирогчид шилжүүлдэг/57-р зүйл/.

  • Гишүүн орнууд гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг шилжүүлэхээс зайлсхийх, шалган тогтоох үүрэгтэй. Энэ нь мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон санхүүгийн мэдээллийг ил тод байлгах арга хэмжээ гэсэн хоёр үндсэн төрөлд хуваагдана.
  • Засгийн газраас бусад улсад авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг хураан авах, буцаан шилжүүлэх тогтолцоог төлөвшүүлнэ.

Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг хангахад түгээмэл гардаг маргаан нь нөхцөл байдлын үнэлгээ юм. Ихэвчлэн өрнийн орнуудаас гэмт хэргийн хөрөнгийг буцаан шилжүүлж буй орнуудыг аливаа шаардлага, нөхцөл тавилгүй шууд бүрэн бүтнээр шилжүүлэхийг хүсдэг боловч өндөр хөгжилтэй орнууд тус хөрөнгө нь дахин авлигын улмаас алдагдах нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байгаа гэх үндэслэлээр буцаан олгох ажиллагааг гүйцэтгэлгүй, урт хугацааны турш царцаах тохиолдол элбэг байдаг.

Техникийн туслалцаа ба мэдээлэл солилцоо

Авлигын эсрэг конвенцид техникийн туслалцааг конвенцийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн дэмжлэг гэж ойлгодог. Зургадугаар бүлэгт зааснаар техникийн туслалцаа гэдэгт сургалт, эдийн болон хүний нөөц, судалгаа болон мэдээлэл солилцох ажиллагааг тодорхойлсон. Конвенцийн дагуу авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд мөрдөн шалгах ажиллагааны арга техник, төлөвлөлт болон бодлого боловсруулалт, эрх зүйн харилцан туслалцааны хүсэлт бэлдэх, төсвийн зохицуулалт болон гэрч, хохирогчийг хамгаалах эрх бүхий албан тушаалтныг чадваржуулах сургалт зохион байгуулахыг тусгасан.

Гишүүн орнууд өөрсдийн нөөц бололцооны хүрээнд бусад гишүүн орнуудад, нэн ялангуяа хөгжиж буй орнуудад техникийн туслалцаа үзүүлэх, хэрэгжилтийн үнэлгээг гүйцэтгэхэд харилцан туслалцаа үзүүлэх, авлигын шалтгаан, нөхцөл, үр дагавар, хохирлыг тодорхойлох үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх болно.

Элчин сайдын яам болон донор байгууллагууд конвенцийг хэрэгжүүлэх нь

Конвенцийн дагуу гишүүн орнууд хөгжиж буй улс, орнуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлж авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийг даалгадаг. Гэвч аливаа улс орны шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд дээрх зорилгод хүрэхэд шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлж, хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Харин донор байгууллагууд конвенцийн хэрэгжилтийг хангахад шаардагдах төсөл хөтөлбөрийг тухайн улсын эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлэх боломжтой байдаг. Түүнчлэн конвенцийн хэрэгжилтийн тайланг үнэлэхэд улс орнууд өөрсдийн тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, өргөн хүрээтэй хариу арга хэмжээ авдаг болно.

Авлигын эсрэг конвенц нь техникийн туслалцааны орчин болох нь

Авлигын эсрэг конвенц нь гишүүн орнуудад техникийн туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг бий болгодог. Элчин сайдын яамд болон донор байгууллагууд нь богино хугацааны үнэлгээ хийж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилго, шаардлагыг тодорхойлох эсхүл урт хугацааны санаачилга гаргаж авлигыг бууруулах чиглэлд шат дараатай үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжтой.

Иргэний нийгмийн байгууллагын хамтын оролцоо

Авлигын эсрэг конвенцийн эвсэл буюу дэлхийн 350 гаруй төрийн бус байгууллагын нэгдэл нь конвенцийн хэрэгжилтийг хянах зорилгоор Австри Улсын Вена хотноо байрлан ажиллаж байна. Ингэхдээ иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангаж, тус байгууллагуудын олсон сайн туршлага, судалгааны үр дүнг гишүүн орнуудтай хуваалцахад оршино. Эвсэл нь үндэсний иргэний нийгмийн байгууллуугадад техникийн болон санхүүгийн дэмжлэг олгож конвецийн хэрэгжилтийг үнэлгээг боловсруулахад туслалцаа үзүүлдэг. Цаашлаад, Вена хотноо байрлаж гишүүн орнуудын төлөөлөгчидтэй санал солилцох байдлаар авлигатай тэмцэх ажиллагааг эрчимжүүлж ажилладаг байна.     

Авлигын эсрэг конвенцийн давуу ба сул тал

Боломж

  1. Авлигын эсрэг конвенц дэлхийн ихэнх улс, оронд хүчин төгөлдөр хэрэгждэг бөгөөд хамтын ажиллагааны олон улсын эрх зүйн баримт бичиг болохоос гадна эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаах болон улс, орнуудын хооронд улс төрийн хэлэлцээр хийх үндэс болдог;
  2. Конвенцийн хүрээнд дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн авлигын хэлбэрийг тодорхойлж нэг эрх зүйн баримт бичиг дор зохицуулснаар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд тулгамдаж байсан асуудлыг тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээг оновчтой байдлаар зохицуулсан;
  3. Олон улсын түвшинд сайн туршлага, мэдээлэл солилцох орчинг бий болгосноор авлигын эсрэг олон улсын түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээг нэгтгэсэн;
  4. Конвенцийн хэрэгжилтийг дүгнэх нь тухайн улс, оронд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж хэрэгжүүлэх үр дүнтэй арга хэмжээг санал болгож авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх давуу талтай;
  5. Олон улсын түвшинд авлигын эсрэг хэлэлцүүлэг, форум, уулзалт зохион байгуулах эрх зүйн баримт бичиг болж өгснөөр олон улсын бусад хамтын ажиллагааг өргөжүүлэх үндэс суурь болдог.

Хүндрэл бэрхшээл

  1. Авлигын эсрэг конвенцийн хүрээнд хийгдэж буй уулзалт, хэлцэл нь “Венийн хүсэл эрмэлзэл” буюу тодорхой ойлголцолд хүрэх бус санал зөрөлдөх асуудалгүй болох зорилготой ихэвчлэн хийгддэг учраас зарим гишүүн орнуудад хүсээгүй үүрэг, даалгавар оногдуулах сул талтай. Үүнээс шалтгаалж конвенцийн ил тод байдал, эгэх хариуцлагын хангалтгүй байдал бий болж, иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоо улам бүр хумигдаж байна. Тухайлбал, конвенцийн хэрэгжилтийг дүгнэж буй улс орнуудыг нууцлах, улс хоорондын харилцаанаас шалтгаалж конвенцийг хэрэгжүүлэх ажиллагааг царцаах зэрэг асуудал тулгамдсаар байгаа юм.
  2.  Авлигын эсрэг конвенц нь авлигатай тэмцэх иж бүрэн стратеги төлөвлөгөө бус харин авлигын эсрэг хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны нэгдэл юм. Авлигын эсрэг шинэчлэл хийхэд тухайн улсад тохирсон онцгой төлөвлөгөө, хөтөлбөр шаардлагатай байдаг билээ. Гэвч дээр дурдсанчлан конвенцийн хэрэгжилтийн тайланг дүгнэх үед ийнхүү хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлох боломжтой юм. Хэдийгээр Авлигын эсрэг конвенц нь авлигын эсрэг үйл ажиллагааны суурь эрх зүйн баримт бичиг боловч улс, орон бүр өөрсдийн нөхцөл байдал, онцлогод тохирсон төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай.
  3.  Конвенц нь аливаа асуудлыг нуун далдлах зорилгоор ашиглагддаг. Тухайлбал, зарим улс орнууд конвенцийн хэрэгжилттэй холбогдуулан улс төрийн өрсөлдөгч эсхүл донор байгууллагын үйл ажиллагааг шүүмжлэх тохиолдол байдаг.

Эх сурвалж: https://www.u4.no/publications/uncac-in-a-nutshell-2021.pdf