Тунисын их сургуулийн үндсэн хуулийн профессор асан Кайс Сайед (Kais Saied) 2019 оноос хойш Тунисын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 2021 оны 6 дугаар сарын сүүлчээр Сайед Ерөнхий сайд Хичам Мечичи(Hicham Mechichi)-г огцруулж, засгийн газрын хяналтыг гартаа авч, парламентыг хааж, өөрийн тушаал дүрмээр улс орныг удирдахын тулд 2014 оны Тунисын Үндсэн хуулийн дагуу онцгой байдлын эрх мэдлээ ашигласан бөгөөд үүнийг зарим хүмүүс төрийн эргэлт гэж тодорхойлсон байна. Саяхан Сайед ирэх онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар бүх нийтийн санал асуулга явуулах, парламентын сонгууль зохион байгуулахаар зарласан нь хууль дээдлэх зарчимд эргэн орох боломж байгааг илтгэж байгаа ч 10 дугаар сард тэрээр шинэ засгийн газрыг томилохдоо Ерөнхий сайдын эрх мэдлийг хумьсан, тиймээс одоохондоо итгэл найдвар тавих хэрэггүй юм.
Сайед эрх мэдлээ ер бусын байдлаар бэхжүүлэх нэг үндэслэл нь өргөн тархсан авлигыг таслан зогсоох хэрэгцээ байв. Тэрээр Тунис бол “ил дэглэм буюу институцийн дэглэм, жинхэнэ дэглэм буюу мафийн дэглэм гэсэн хоёр дэглэмийн засаглалтай” улс хэмээн мэдэгдэж, ““хулгайч нар”-тай яриа хэлцэл хийхгүй” гэж амласан юм. Сайед "дотоод, гадаадад нуугдаж, албан тушаалаа олз, эсвэл төсвийн хөрөнгийг дээрэмдэх хэрэгсэл гэж үздэг хүмүүс"-ээс улс оронд учруулж буй аюулыг онцлон тэмдэглэж онцгой байдлын эрх мэдэл шаардаж буйгаа хамгаалж байв. Энэ нь Сайедын хувьд шинэ сэдэв биш байв. Тунисын элитүүдийн авлигатай тэмцэх нь түүний уриалга байсаар ирсэн. Тэрээр 2019 онд ерөнхийлөгчийн сонгуульд улс төр дэх хөндлөнгийн хүний хувиар нэр дэвшихдээ авлигатай тэмцэх платформ дээр өрсөлдсөн нь, ялангуяа, залуу үеийнхэний дунд маш их алдарт хүргэсэн (Сайед 2019 онд Тунисын залуучуудын 90 хувийн саналыг авсан). Эрх мэдлээ бэхжүүлэх түүний үйл ажиллагаа олон нийтийн дэмжлэгийг одоог хүртэл авч байгаа боловч сүүлийн үед энэ нь буурч эхэлсэн байна.
Сайед Тунис дэх авлигыг устгахын тулд онцгой эрх мэдлээ ашиглан амлалтаа биелүүлэх үү? Үүнийг баттай мэдэхэд бэрх боловч олон улсын нэр хүндтэй зарим судлаач Сайедын түрэмгий алхмуудыг Тунисын элитүүдийн тогтолцооны авлигын эсрэг шаардлагатай арга хэмжээ авч байна гэсэн үндэслэлээр зарим талаар хамгаалж байна. Би бол эргэлзэж байна. Сайед авлигатай тэмцэхэд онцлон анхаарч байгаа нь эрх мэдлийг үндэслэлгүйгээр булааж авах гэсэн шударга бус, хувийн ашиг сонирхолд нь хөтлөгдсөн явдал гэдгийг харуулах хэд хэдэн хүчин зүйл бий.
Мэдээж, эдгээр ажиглалтууд нь Сайед авлигатай тэмцэх талаар дорвитой хүчин чармайлт гаргахгүй байгааг нотлохгүй байгаа ч тэрээр авлигатай тэмцэх жинхэнэ хөтөлбөрийг улс төрийн өрсөлдөгчөө дарах, нэр хүндээ өсгөх, өөрийнх нь дэглэмийн эсрэг шүүмжлэлийг таслан зогсоохоос төдийлөн илүү сонирхохгүй байна гэсэн хардлагыг төрүүлж байна. Сайед хууль дээдлэх, авлигыг ил тод мөрдөн шалгах талаар тууштай байгаагаа харуулах хүртэл бид Тунис дахь авлигыг устгах Сайедын амлалтад эргэлзэх нь зөв биз ээ.
Эх сурвалж: https://globalanticorruptionblog.com/2021/12/23/kais-saied-isnt-fighting-corruption-in-tunisia-hes-fighting-his-political-opponents/#more-19526