“Ажилладаг засгийн газрыг сонгох нь”: Энэтхэгийн популизм ба авлигын жишээ

A- A A+
“Ажилладаг засгийн газрыг сонгох нь”: Энэтхэгийн популизм ба авлигын жишээ

Уотергейтийн дуулианы улмаас Ерөнхийлөгч Ричард Никсон огцорч, АНУ цочролд ороод байх үед өөр нэгэн хүнд байдалд орсон удирдагч болох Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Ганди олон мянган бээрийн алсад улс төрийн амьдралынхаа төлөө тэмцэж байв. Ганди, Никсон хоёр хэзээ ч таарч тохирдоггүй байсан ч тэдний түүх давхацдаг. Хоёулаа 1960-аад оны сүүлээр ойролцоо болсон сонгуулийн дараа арай ядан эрх мэдэлд хүрсэн хэдий ч 1970-аад оны эхээр дахин сонгуульд ялалт байгуулав. Гандигийн улс төрийн хувь заяа Никсоныхтой мөн адил. Дахин сонгогдсоныхоо дараа сонгуулийн сурталчилгааны хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор нэр хүнд нь муудсан юм. Гэвч энэ үед Никсон, Ганди хоёрын түүхийн замнал хоорондоо зөрдөг. Никсоноос ялгаатай нь Ганди бууж өгөөгүй ба албан тушаалаасаа огцрохоос татгалзав. Эцэст нь тэр ялсан юм. Ганди Энэтхэгийн түүхэн дэх хамгийн том эрх баригч намын хамтаар гурван удаа ард түмнээс сонгогдсон билээ.

Албан тушаалаа урвуулан ашигласан нь илэрхий байсан хэдий ч олон нийт түүнийг яагаад дахин сонгов? Дуулиан шуугиан, авлигад автсан удирдагч яаж дэлхийн хамгийн том ардчилсан улсын хамгийн нэр хүндтэй удирдагчдын нэг болохын тулд эрх мэдлээ хэрхэн хадгалж үлдэв? Эдгээр асуултын хариулт нь Ганди зүүний популизмд анхаарлаа төвлөрүүлсэнтэй холбоотой байж магадгүй юм. Тэрээр өөрийгөө нийгмийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж, баялгийг дахин хуваарилах замаар Энэтхэг улс болон түүний иргэдэд нэн их шаардлагатай байгаа өөрчлөлтийг хийх хамгийн чадвартай хүн гэж сонгогчдод үнэмшүүлэв. Нэмж дурдахад, Ганди Ерөнхий сайд байхдаа нам болон төв засгийн газар дахь эрх мэдлийг өөртөө нэгтгэн төвлөрүүлэхэд ихэнх цагаа зарцуулсан юм. Энэ нь түүний засаглалыг тодорхойлж байсан авлигыг идэвхжүүлсэн боловч улс орны асуудлыг шийдвэрлэх онцгой чадвартай гэдгээ олон нийтэд батлах боломжийг түүнд олгов.

Түүний засгийн газар хувийн хэвшилд хатуу хяналт тавьж, корпорацийн улс төрийн хандивыг бүрэн хориглосонтой Гандигийн автократ хандлага хослон Энэтхэгт “цүнхний улс төр” (“briefcase politics”)-ийн шинэ эрин үеийг эхлүүлсэн юм. Энэ дэглэмийн үед Гандигийн нам буюу Энэтхэгийн үндэсний конгресс нам болон түүний удирдагчид лиценз, зөвшөөрлийн хариуд бизнесүүдээс асар их хэмжээний “хар мөнгө” татан авж чадсан байна. Энэ нь өрсөлдөгч намууд нь үндсэн хөрөнгөөр дутагдаж байхад Конгресс нам сонгуульд зориулж мөнгө цуглуулах боломжийг олгож байв. Урьдчилан тогтоосон мөнгийг төрд өгөхөөс татгалзсан худалдаа, үйлдвэрлэлийн төлөөлөгчдийг татварын дарамтаар сүрдүүлэв. Засгийн газар Гандигийн сонгосон компаниудад, тэр дундаа Гандигийн хүү Санжай анхны захирал нь байсан Марути Моторс зэрэг компанитай гэрээ байгуулж, үйлдвэрлэлийн онцгой эрх олгосон байна. Түүгээр ч зогсохгүй, Ганди нам доторх сонгуулийг зогсоож, бүс нутгийн хүчирхэг албан тушаалд байгаа үнэнч бус гишүүдийг өөрийн дэмжигчдээрээ сольж, намыг өөрийн “хувийн машин” болгон хувиргаснаар Конгресс намд тавих хяналтаа бэхжүүлэв.

Эдгээр зөрчлүүд анзаарагдахааргүй байсангүй. Олон нийт засгийн газрын үйл ажиллагааны талаар илүү ихийг мэдэхийн хэрээр идэвхтэн Жаяпракаш Нараян (Jayaprakash “JP” Narayan) буюу JP тэргүүтэй авлигатай тэмцэх хүчирхэг хөдөлгөөн нэр хүндтэй болж байв. JP Ганди болон түүний намыг эсэргүүцэхийг олон нийтэд уриалж байсан бөгөөд түүний дарангуйлагч бодлого төрийн үйл ажиллагаан дахь авлигын цар хүрээг нэмэгдүүлж байна хэмээж байв. Эхэндээ энэ хөдөлгөөн Гандигийн засгийн газарт төдий л аюул занал учруулаагүй боловч 1974 оны үед Энэтхэг ган гачиг, инфляци, өлсгөлөн, нефтийн үнийн өсөлтөөс үүдэлтэй эдийн засгийн хямралтай тулгарав. Гандигийн алдар нэр хэзээ ч байгаагүй доод цэгтээ хүрч, улмаар түүнийг ялах боломж байгааг JP олж харсан байна. Шүүмжлэгчид эдийн засгийн сүйрлийг Гандигийн “эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига, ... ёс суртахууны манлайллын элэгдэл”-ийн үр дагавар, авлига бол инфляцийн үндэс болсон хэмээн нотлох болов. JP хожим "Бид авлигын эсрэг дуу хоолойгоо байнга өргөсөөр ирсэн. Авлигаас урьдчилан сэргийлэх нь манай хөдөлгөөний гол зорилго байсан” хэмээн бичжээ.

Авлигын эсрэг JP-ийн уриалга улс орон даяар “парламент руу чиглэсэн жагсаал”-д хүргэв. Гандигийн засгийн газрын “авлига, буруу засаглал”-ын эсрэг “бүрэн хувьсгал” хийхээр улс төрийн янз бүрийн үзэл бодолтой олон зуун мянган энэтхэгчүүд гудамжинд жагслаа. 1975 оны 06-р сарын 12-нд Энэтхэгийн давж заалдах шатны шүүх (Indian high court) Гандиг авлигын хэрэг, тэр дундаа сонгуулийн хэд хэдэн жижиг хэмжээний луйврын хэрэгт гэм буруутай гэж үзсэн нь энэхүү хөдөлгөөнийг дээд цэгт нь хүргэв. Шүүх 1971 оны сонгуульд байгуулсан түүний ялалтыг хүчингүй болгож, албан тушаалаа орхих, эсвэл Энэтхэгийн Дээд шүүхэд давж заалдах хорь хоногийн хугацаа өгөв.

Олон нийтийн дарамт шахалт нэмэгдсэн болон JP-ийн тэргүүлсэн эсэргүүцлийн жагсаалыг үл харгалзан Ганди огцрохоос татгалзав. Харин ч эсрэгээр, тэрээр үйл ажиллагаагаа өмнөхөөсөө ч илүү шийдэмгий үргэлжлүүлэв. “Ажлаа хийцгээе” гэсэн түүний мессеж өнгөрсөн хугацаанд авлигын хэрэгт буруутгагдах үед өөрийгөө хамгаалахад нь тусалсан гэдгийг мэдсэн тэрээр амлалтаа биелүүлж чадна гэдгээ олон нийтэд нотлохоор шийджээ. Гэхдээ ингэхийн тулд хэсэг хугацааг өөртөө зарцуулах шаардлагатай болов. 1975 оны 06-р сарын 25-нд Ганди Энэтхэгийн Үндсэн хуулийн 352 дугаар зүйл буюу дайны үед л мөрдөгдөж байсан тусгай заалтыг хэрэглэн “дотоод эмх замбараагүй байдал” (гол нь Гандигийн эсрэг хийсэн JP-ийн эсэргүүцэл)-ийн улмаас онц байдал зарлахыг уриалав. Ийнхүү үзэгний үзүүрээр Үндсэн хуулийг үр дүнтэй түдгэлзүүлэв. Ганди өөрийн бодлого нь улс орны ашиг сонирхолд нийцэж байгаа гэж ард түмэнд мэдүүлэх хүртлээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг хязгаарлаж, сонгуулийг түр зогсоох эрхтэй болов. Мөн Ганди шүүх болон муж улсын засгийн газруудыг сулруулж, гүйцэтгэх засаглалыг хүчирхэгжүүлэх, сонгуулийн хууль зөрчсөн үйлдэлдээ зориулан буцаж үйлчлэх халдашгүй байдлыг өөртөө олгосон үндсэн хуулийн зургаан нэмэлт өөрчлөлтийг парламентаар дамжуулан хийсэн юм. Хамгийн увайгүй нь, Ганди олон зуун улс төрийн эсэргүүцэгчдийг шоронд хорих тушаал өгсөн бөгөөд тэдний эхнийх нь JP байв. JP-ийг дөрвөн сар гаруй хугацаанд ганцаарчлан хорив. Улмаар биеийн байдал нь муудсан тул шоронд нас барчихвал хөдөлгөөнийг улам эрчимжүүлнэ гэж эмээсний үндсэн дээр Ганди түүнийг суллажээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа тэрээр Гандид нээлттэй захидал бичиж, “Есөн жилийн хугацаанд хийж чадаагүй зүйлээ одоо хийж байгаа мэтээр дүр үзүүлж байна” хэмээн түүнийг буруутгаж, “Ардчилсан нийгэмд сонгогдож байгуулагдсан засгийн газар авлигад идэгдэж, буруу шийдвэр гаргасан бол огцрохыг ард түмэн шаардах эрхтэй” гэв.

JP-ийн авлигатай тэмцэх мессежийн эсрэг Ганди “Энэтхэгийн жирийн эрэгтэй, эмэгтэй хүмүүс”-т зориулсан популист эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд шинэхэн хязгаарлагдмал онц байдлын эрх мэдлээ ашиглав. Тэрээр JP зэрэг эсэргүүцэгчдийг зөвхөн корпорацийн ашиг сонирхлыг дэмжихийн тулд бослого гаргахыг эрмэлздэг фашистууд гэж нэрлэв. Гэсэн хэдий ч Гандигийн засаг захиргааны авлига, кронизмийн асуудал онц байдлын үед улам бүр дордож, Ганди өөрийн хүү бөгөөд өв залгамжлагч Санжайгийн тусламжтайгаар намын эгнээг найдвартай дээрэмчдээр дүүргэв. Санжай улс төрийн өрсөлдөгчдийнхөө эзэмшлийн дэлгүүр, бусад эд хөрөнгийг нураахыг ч мөн тушаажээ. Гэвч Ганди бага орлоготой энэтхэгчүүдийг ядуурлаас гаргахад түүний автократ засаглал чухал хэмээн сонгогчдын хангалттай хэсэгт итгүүлж чадвал энэ бүхэн асуудал биш гэж тооцоолов. Үнэндээ, JP-ийн авлигын эсрэг хөдөлгөөнийг ихэнхдээ англи хэлтэй, дээд ангийн их сургуулийн оюутнууд удирдаж байсан бөгөөд тэд яг ч “жирийн хүн” байгаагүй юм. Үүнийг бодолцон, Ганди, юун түрүүн засгийн газрын үр дүнтэй байдал, аливаа зүйлийг хийх гэсэн үнэт зүйлсэд төвлөрөв. Үүний зэрэгцээ, тэрээр өөрийн нэр хүндийг нэмэгдүүлэх, яаралтай тусламжийн арга хэмжээг нөөцлөхийн тулд улс орныг суртал ухуулгаар бүрхэж байв.

Түүний эдгээр алхамууд, ямар ч байсан, богино хугацаанд үр дүнгээ өгөв. Жилийн дараа гэхэд эдийн засаг дахин эрчимтэй хөгжиж, тэр гавьяатай ч бай, үгүй ч бай шагналаа авсан юм. Ганди хялбархан ялна хэмээн итгэж 1977 онд сонгууль зарлав. Гэвч саналын хуудсыг тоолж дуустал Гандигийн нам маш их хохирол амсжээ. Тусгаар тогтнолоо олж авснаас хойш анх удаа Конгресс намыг эрх мэдлээс нь буулгаж, Мораржи Десайг шинэ Ерөнхий сайд болгосноор улс орныг атгаж байсан түүний хатуу хяналт хормын дотор нурав. Хамгийн хүнд нь, ялагдсанаасаа хойш зургаан сарын дараа Ганди сонгуулийн өмнө луйвар хийсэн хэргээр гэнэт баривчлагджээ.

Десайгаас өмнө, Энэтхэг улс, Конгресс намын тэргүүлснээс өөр төв засгийн газар мэддэггүй байв. Десайн олон өнгөт эвсэл сонгогчдод цэвэр, ардчилсан боловч үр дүнтэй засаглалын хэлбэрийг амлав. Гэвч удалгүй Энэтхэгийн ард түмэн дотооддоо хэрүүл маргаантай байсан түүний засгийн газарт дургүйцэж, улмаар улс орны нөхцөл байдлыг дорвитой сайжруулж чадсангүй. Хэдийгээр эрхэм зорилго байсан ч Десайн эвсэл Конгресс намтай өрсөлдөж чадах хувилбарыг гаргаж дөнгөсөнгүй. Үүний үр дүнд ард түмний, ялангуяа ядуусын дунд Гандигийн дэмжлэг сэргэв. Тэрээр намаасаа хөөгдсөн ч Индирагийн төлөөх түүний нэрэмжит конгресс (I) хэмээх шинэ фракц байгуулж, зүүний популист тоглолтын схемийг ашиглахаар төлөвлөсөн байна. 1978 оны 11-р сард Ганди өмнөд хэсгийн нэгэн үл анзаарагдам дүүргээс парламентад суудал авч, “Ажилладаг засгийн газрыг сонгох нь” кампанит ажлыг орон даяар өрнүүлж, тогтвортой, үр дүнтэй засаглалыг амлаж байлаа.

Тэр амжилтад хүрэв. 1980 онд Ганди 1971 онд ялалт байгуулснаасаа ч илүү амжилтад хүрч, сонгуулийн санал хураалтаар Ерөнхий сайдын албан тушаалд эргэн ирэв. Түүний нэр хүнд өссөөр байсан бөгөөд тухайн үед түүнийг зогсоох боломжгүй мэт харагдаж байв. Гэвч Гандигийн түүх Никсоных шиг эхэлсэн бол Кеннедигийнх шиг төгссөн юм. 1980 оны сонгуулийн дараахан Гандигийн хүү Санжай онгоцны ослоор нас барав. Хэдхэн жилийн дараа буюу 1984 оны 10-р сарын 31-нд Гандиг хоёр бие хамгаалагч нь буудан хөнөөсөн юм. Гэсэн хэдий ч Гандигийн ууган хүү Ражив тэр жилийнхээ сүүлээр Ерөнхий сайдаар сонгогдож, улмаар Энэтхэгийн түүхэн дэх хамгийн олон удаа засгийн эрх барьсан Ерөнхий сайд болсноор Гандигийн улс төрийн эзэнт гүрэн үргэлжлэв. Өрсөлдөгчид нь “ардчиллыг аврах” кампанит ажил өрнүүлж байхад Ражив болон Конгресс нам үр дүнтэй байдал, тогтвортой байдал, магадгүй хамгийн гайхалтай нь, авлигатай тэмцэх кампанит ажил өрнүүлж байсан юм. Онц байдлын үед улс төрөөс зайлсхийсэн Ражив сурталчилгааны самбар дээр “ноён Цэвэр” гэсэн бахархалтай нэрээр гарч байлаа.

Онц байдлын үед иргэний эрх чөлөөнд халдсаныг нь дурддаггүй юм аа гэхэд, авлигын хэргээр алдаршсан Ганди овогтнуудын сонгуулийн амжилт цочирдмоор санагдаж магадгүй. Гэвч Ганди өлсгөлөн, үймээн самуунаар дүүрэн тухайн үед тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг амласан юм. Яваандаа хувь хүнийх нь хувьд илүү сайн хүн болгоно гэж итгэж найдаж байгаа тохиолдолд авлигад идэгдсэн, дарангуйлагч удирдагчдын төлөө саналаа өгөхөд сонгогчид бэлэн байдаг байж болзошгүй гэж эрдэмтэд үздэг. Ганди Энэтхэгийн жирийн иргэнд зориулсан “ажилладаг засгийн газар”-ыг сонгохыг онцолсон нь авторитар дэглэмээ сонгогчдод айдас төрүүлэм гэхээс илүүтэй хүсмээр зүйл болгон дахин дахин худалдахад нь тусалсан юм. Гандиг эрх мэдэлд эргүүлэн авчирсан 1980 оны сонгуулийн өмнө тосгоны оршин суугчид хэдий эрх мэдлээ хэтрүүлдэг ч гэсэн түүнийг дэмжиж байгаагаа “хүнд эрх чөлөөнөөс гадна, идэх юм хэрэгтэй” хэмээн сэтгүүлчдэд тайлбарлаж байв. Ширээн дээр нь хоол тавиад өгчихвөл сонгогчид авлига болон дарангуйллыг нүднийхээ хажуугаар өнгөрүүлдэг ажээ.

 

Эх сурвалж: https://globalanticorruptionblog.com/2022/02/07/elect-a-government-that-works-a-case-study-in-populism-and-corruption-from-india/