Хөрөнгө хураах тухай ойлголт ба зорилго

A- A A+
 Хөрөнгө хураах тухай ойлголт ба зорилго

Санхүүгийн ашиг хонжоо нь авлигын гэмт хэргийн гол сэдэл юм. Гэмт этгээдүүд авлигын үндсэн гэмт хэрэг ба авлигын замаар олсон орлогыг угаах хоёрын хоорондын зайлшгүй холбоог, мөн эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор авлигын гэмт хэргээс олсон орлогыг хууль ёсны болгохыг оролддог. Томоохон хэргүүдээс харахад, нийгэмд эдийн засгийн болон улс төрийн нөлөө үзүүлэх, төрийн хууль сахиулах тогтолцоонд хяналт тогтоох, авлигыг ялгүйдүүлэх, санхүүгийн шинэ ашиг олоход авлигаас олсон ашгаа ашигладаг байна.

Ийм учраас авлигатай тэмцэх стратегийн нэг хэсэг нь авлигын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, эд хөрөнгийг мөшгих, царцаах, хураан авах зэрэгт чиглэсэн санхүүгийн үр дүнтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулах явдал байдаг.

Авлигын замаар олсон орлогыг хураах нь авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, авлигын замаар олсон орлогыг угаах явдлыг таслан зогсоох хамгийн үр дүнтэй арга хэмжээ юм.

Гэмт хэргээс олсон орлогыг хураах нь хэн ч гэмт хэрэг үйлдэж ашиг олохгүй байх зарчмыг тогтоодог. Түүгээр ч зогсохгүй, гэмт хэрэг, тэр дундаа авлигын гэмт хэргээс олсон орлогыг хураах арга өргөн хэрэглэгдэх хандлага дэлхий нийтэд ажиглагдаж байгаа бөгөөд тухайн этгээдийн ял авсан авлигын гэмт хэргээс олсон орлогыг хураахаас гадна эх сурвалжийнх нь хууль ёсны байдлыг нотолж чадаагүй хөрөнгийг ч хураах ёстой.

Авлигын замаар олсон орлогыг хураах нь наад зах нь дараах зорилготой:

1.      Урьдчилан сэргийлэх: авлигач албан тушаалтны гэмт хэргийн аргаар олсон ашгийг хураах нь тэднийг шинээр гэмт хэрэг үйлдэхээс сэргийлээд зогсохгүй ижил төрлийн гэмт хэрэгт өртөмтгий бусад хүмүүст сэрэмжлүүлэг болдог.

2.      Хохирол нөхөн төрүүлэх/нөхөн сэргээх: авлигын гэмт хэргийн хохирогчдын хохирлыг нөхөн төлүүлэх, бусад эрх, ашиг сонирхлыг сэргээх.

Зарим улс оронд авлигын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, олсон орлогыг хураахаас гадна ял шийтгүүлсэн хүний бүх хөрөнгийг, тэр дундаа хууль ёсны дагуу, хууль ёсны эх сурвалжаас олж авсан эд хөрөнгийг ч хураан авдаг тул эд хөрөнгө хураах нь шийтгэлийн чиг үүрэг гүйцэтгэдэг байна.

Хөрөнгө хураах нь шийтгэлийн үүрэг гүйцэтгэдэг ACN (Зүүн Европ ба Төв Азийн Авлигын эсрэг сүлжээ)-ийн орнуудад Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Украин зэрэг улс орно. Үүний зэрэгцээ, Азербайжан, Гүрж, Литва, Молдав, Румын, Серби, Словени, Хорват, Монтенегро, Эстони зэрэг бүс нутгийн ихэнх орнуудад хөрөнгө хураах нь юуны түрүүнд урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг. Ихэнх улс оронд эд хөрөнгө хураах нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, эсвэл хураагдсан эд хөрөнгийн зардлаар тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нөхөн сэргээх чиг үүрэгтэй байдаг.

Авлигын орлогыг хураан авах нь хэд хэдэн эерэг үр дагавартай юм:

  • авлигын гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан нь эдийн засгийн ашиг хонжоо учир үүнээс урьдчилан сэргийлэх;
  • авлига, хууль бус орлого хууль ёсны эдийн засагт орохоос урьдчилан сэргийлэх;
  • дахин гэмт хэрэг үйлдэхэд ашиглаж болох хэрэгслийг устгах;
  • авлигын сүлжээний удирдагчид болон авлигын замаар олсон орлогыг угаахад тусалж буй хүмүүсийг илрүүлэхэд туслах;
  • Хууль дээдлэх ёс хийгээд хэн ч гэмт хэргээс ашиг хонжоо олох ёсгүй гэсэн ёс суртахууны зарчмыг дэмжих.

Олон улсын энэ чиглэлийн бараг бүх баримт бичигт хөрөнгө хураан авах нь гэмт хэрэгтнүүдийн шударга бус аргаар олсон орлогыг хураах хамгийн үр дүнтэй хууль эрх зүйн хэрэгсэл болохыг онцлон тэмдэглэсэн байдаг.

Мөн Европын Холбооны нутаг дэвсгэрт гэмт хэргийн хэрэгсэл, олсон орлогыг битүүмжлэх, хураах тухай Европын парламент, Европын Зөвлөлийн 2014/42/EU Удирдамжид хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, тэр дундаа мафийн төрлийн гэмт хэрэг үйлдэх үндсэн сэдэл бол санхүүгийн ашиг хонжоо гэж заасан байдаг. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга замуудын нэг бол ийм гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хууль эрх зүйн ноцтой үр дагаварт хүргэх, түүнчлэн гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл, олсон орлогыг үр дүнтэй илрүүлэх, битүүмжлэх, хураах явдал юм (Удиртгал хэсгийн 1, 2 дахь хэсэг).

ФАТФ-ын 2003 оны 06-р сарын 20-ны өдрийн “Дөчин зөвлөмж”-д улс орнууд хууль ёсны арга хэмжээ, түүний дотор угаасан эд хөрөнгө, мөнгө угаах буюу үндсэн гэмт хэргээс олсон орлого, эдгээр гэмт хэргийг үйлдэхэд ашигласан буюу ашиглах зориулалттай хэрэгсэл, зохих үнэ цэн бүхий эд хөрөнгийг шударга гуравдагч этгээдийн эрхийг хохироохгүйгээр хураан авах боломжийг эрх бүхий байгууллагад олгох зэрэг Вена, Палермогийн конвенцид заасантай адил арга хэмжээ авах ёстой гэдгийг тэмдэглэжээ.

ACN-ийн ихэнх орнуудын үндэсний хууль тогтоомжид эд хөрөнгийг хураан авах бүх төрлийн арга хэмжээг хамарсан нийтлэг тодорхойлолт байдаггүй. Өнөөдрийн байдлаар Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид заасан тодорхойлолт хамгийн уян хатан бөгөөд нийтлэгт тооцогдож байна.

НҮБ-ын конвенцид “хөрөнгө хураах” гэдэг нь шүүх болон бусад эрх бүхий байгууллагын шийдвэрээр эд хөрөнгийг бүрмөсөн хураахыг хэлнэ гэж тодорхойлсон. Үүнтэй ижил тодорхойлолтыг 2003 онд баталсан Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийн 2-р зүйлд тусгасан байдаг. ЭЗХАХБ-ын 1997 оны Олон улсын бизнесийн гүйлгээнд гадаадын төрийн албан тушаалтанд хахууль өгөхтэй тэмцэх тухай конвенцид (конвенцийн 1997 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тайлбарын 22 дахь хэсэг) мөн ижил төстэй ойлголтыг ашигласан. Хөрөнгө хураах тухай иймэрхүү нийтлэг, уян хатан тодорхойлолт нь гэмт хэргийн замаар олж авсан эд хөрөнгийг хураах болон ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй иргэний эд хөрөнгө хураахын аль алиныг нь хамруулах боломжийг олгодог.

2014/42/EU Удирдамжийн 2-р зүйлд зааснаар бол эд хөрөнгийг хураах гэдэг нь гэмт хэрэгт холбогдуулан шүүхийн шийдвэрээр эд хөрөнгийг хураахыг хэлдэг.

Европын Зөвлөлийн 2005 онд батлагдсан (ETS 198) Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг угаах, илрүүлэх, хураан авах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх конвенц (Варшавын конвенц)-д хөрөнгө хураан авах нь гэмт хэрэг, эсхүл эд хөрөнгийг эцэслэн хураахад хүргэсэн гэмт хэрэгтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараа шүүхээс оногдуулсан шийтгэл, арга хэмжээ гэж тодорхойлсон байдаг (1 дүгээр зүйлийн D хэсэг).

2012 оны 02-р сарын 16-ны өдөр батлагдсан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, түгээн дэлгэрүүлэхтэй тэмцэх тухай ФАТФ-ын олон улсын стандартын дагуу хөрөнгө хураах гэдэг нэр томьёо нь эрх бүхий байгууллага буюу шүүхийн шийдвэрээр хөрөнгө болон бусад эд хөрөнгийг бүрмөсөн хураахыг хэлдэг. Эд хөрөнгө хураах нь шүүхийн болон захиргааны журмаар төрд шилжүүлэхээр заасан болон бусад эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх ажиллагаа юм. Энэ тохиолдолд, эд хөрөнгө хураах үед тухайн эд хөрөнгө болон бусад эд хөрөнгийн хувь эзэмшиж байсан хүн, аж ахуйн нэгж нь хураан авсан эд хөрөнгө болон бусад эд хөрөнгийн бүх эрхээ зарчмын хувьд алдана. Эд хөрөнгө хураан авах тухай шийдвэр нь ихэвчлэн эрүүгийн ял шийтгэл болон хураан авсан эд хөрөнгийг хууль зөрчиж олж авсан буюу ашиглах зорилготой гэдгийг нь тогтоосон шүүхийн шийдвэртэй холбоотой байдаг.

Хөрөнгө хураах журмыг дараах гурван үе шатанд хувааж болно:

1.    Мөрдөн шалгалтын үе шат. Энэ үе шатанд гэмт хэргээс олсон орлогыг илрүүлэх, байршлыг тогтоох, эзэмшигчийн талаарх нотлох баримт (мөн эд хөрөнгийн талаарх мэдээлэл)-ыг цуглуулах санхүүгийн мөрдөн ажиллагаа хийнэ. Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд шүүхийн шийдвэрээр хожим хураан авах зорилгоор түр зуурын арга хэмжээ (битүүмжлэх) авч болно.

2.    Шүүхийн үе шат. Энэ үе шатанд ял шийтгэл оногдуулах (эсвэл, цагаатгах), эсвэл эд хөрөнгийг хураах талаарх эцсийн шийдвэрийг шүүхээс гаргана.

3.    Удирдах үе шат. Төр тухайн эд хөрөнгийг бодитоор хураан авж, олон улсад хөрөнгө хуваарилах, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах үе шат.

 

Эх сурвалж: https://www.oecd.org/corruption/acn/OECD-Confiscation-of-Proceeds-of-Corruption-Crimes-ENG.pdf